Тус станцынхан Дулаан-Ерөө хоорондын замын 48 дугаар км-ийн IX зуутаас 62 дугаар км-ийн II зуут хооронд, Агуйт-Мааньт хоорондын замын 538 дугаар км-ийн IV зуутаас 539 дүгээр км-ийн IX зуут хооронд буюу нийт 14.7 км замд зам шинэчлэлийн ажил хийсэн байна.
Мөн их барилгаар Замын I, II, III, IV ангийн хэсэглэлд нийт 16 объектод гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийг шинээр барих, уртасгах бүтээн байгуулалтын ажил хийжээ. Үүнээс томоохон ажлуудыг дурдвал, Агуйт – Наран-Элгэн хоорондын замын 569 км-ийн IV зуутад хоёр нүхтэй, 14 м урттай “Д” типийн ус өнгөрүүлэх дөрвөлжин төмөр бетон хоолой шинээр барьсан. Мөн Олон-Овоо өртөөний V, VI замуудын хооронд 378 метрийн урттай ус өнгөрүүлэх суваг /лотки/ шинээр хийсэн. Хангай зөрлөгийн өргөтгөлийн ажлын хүрээнд 497 дугаар км-ийн VI зуут, 498 дугаар км-ийн I зуутад байрлах хуучин хоолойг “Д” типийн дөрвөлжин төмөр бетон хоёр нүхтэй хоолойн оролт талд зургаан метр уртасгаж, ул шороо хийхэд бэлэн болгосон. Гадны байгууллага болон орон нутгийн захиалгаар Сүхбаатар – Дулаан хоорондын замын 25 дугаар км-ийн I зуутад дунд оврын автомашин гаргах 20 метрийн урттай хонгилон гарц, Дархан-2–Шарын гол хоорондын замын 42 дугаар км-ийн III зуутад жижиг оврын автомашин гаргах зориулалт бүхий 10 метрийн урттай хонгилон гарц тус тус шинээр барьж ашиглалтад оруулсан. Мөн Эмээлт зөрлөг 379 дүгээр км-ийн IX зуутад явган хүний болон автомашины хонгилон гарц барьсан.
2024 оны зам шинэчлэлийн ажлын бэлтгэл-үе угсралтыг эхлүүлж, 2023 оны өнөөдрийн байдлаар төмөр бетон дэртэй, CZ бэхэлгээтэй, Р65 зам төмөртэй долоон километр 675 п/м үе угсарч бэлэн болгоод байна.
