Нийслэл Улаанбаатар хотод шинэ төрлийн нийтийн тээвэрт нэвтэрч буй дүүжин замын тээврийн төслийг хүмүүс ихээхэн хүлээхийн зэрэгцээ тодорхой хэмжээний болгоомжлолтойгоор хүлээн авч байгаа нь нууц биш юм. “Аюулгүй найдвартай болов уу?”, “Манай цаг уурын нөхцөлд тохирох болов уу”, “Агаар дээр гацвал хэрхэн арга хэмжээ авах юм?” гэсэн асуултууд олон хүний толгойд эргэлдэж байгаа. Инженер хүний хувьд ч, жирийн иргэний хувьд ч надад анх ийм төрлийн эргэлзээ, айдас байсныг нуух юун. Гэвч энэ бүхэн саяхан Франц улсад Дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийн хүрээнд албан ёсны сургалт, туршлага судлах томилолтоор ажиллах үеэр ул мөргүй арилсан юм. Дэлхийд дүүжин замын тээврийн технологиор тэргүүлэгч Францын алдарт “ПОМА” группийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах боломж олдсон билээ. Тус компани нь тэртээ 1934 онд анхны шийдлээ нэвтрүүлж байсан бол өдгөө 2026 онд “Анхдагч байх сэтгэлгээний 90 жилийн ой”-гоо (90 ans d'esprit pionnier) тэмдэглэж буй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арвин түүхтэй байгууллага юм. Тэд 1982 онд Францын Лион хотод хотын анхны нийтийн дүүжин замын тээврийг суурилуулж, нэвтрүүлсэн туршлагатай. 2010 онд Нью-Йорк хотын Рузвельт арлын дүүжин замын тээврийг нийтийн тээвэрт нэвтрүүлсэн зэрэг хотын нийтийн тээврийн асар их туршлагатай ажээ. Томилолтын үеэр бид үйлдвэрүүд болон “Эрдэм шинжилгээ, судалгааны төв”, техникийн тусламжийн үйлчилгээ болон сургалтын симулятортой хүртэл биечлэн танилцлаа. Мөн зорчигчдын тав тухыг хангагч орчин үеийн кабин үйлдвэрлэлийн “Sigma” компаниар зочлов. Тэд 1961 оноос хойш дагнан үйл ажиллагаа явуулж, 1966 оноос эхлэн POMA-тай хамтран дэлхийд танигдсан кабин, бүхээгүүдийг үйлдвэрлэсээр иржээ. Энэ үеэр төв байрных нь үүдэнд тодоор бичсэн “Créer le lien” буюу “Холбоос бүтээх” философи нь зүгээр нэг уриа үг биш, хүмүүсийг хооронд нь, мөн аюулгүй байдалтай холбох инженерийн бодит ажил хэрэг болж байгааг нүдээр үзэж, гардан мэдэрлээ. Тэдний ярьж буйгаар бол дэлхий дээр ашиглалтад явж байгаа хоёр кабины нэг нь эднийх ажээ. Бидний хувьд хамгийн үнэ цэнтэй туршлага бол зөвхөн үйлдвэрлэлтэй танилцаад зогсохгүй, амьдрал дээр ажиллаж буй бодит системүүд дээр очиж ажилласан явдал байлаа. Францын Сэйнт-Жерве (Saint-Gervais) дахь “Le Valléen” болон Ажакчо (Ajaccio) хот дахь “Angelo” дүүжин замын тээврийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний дүрэм журам, техникийн засвар үйлчилгээ болон шөнийн ээлжийн (night shift) засварын ажил хэрхэн нарийн зохион байгуулалттай явагддагийг нүдээр үзэж, туршлага судаллаа. Боолтны эрэг, эрээс, ган бүтээц, татлагын ширхэг бүрээс эхлээд лабораторийн болон бодит орчны хатуу хяналт шалгалтыг хараад төгс итгэл үнэмшилтэй болсон. Энэхүү аялал миний дотор байсан айдсыг бүрэн өөрчилж чадлаа. Дүүжин замын тээвэр бол зүгээр нэг агаарт дүүжлэгдсэн бүхээг биш, харин 90 жилийн турш тасралтгүй хөгжсөн инженерийн төгс тооцоолол, нарийн технологийн гайхамшиг ажээ. Хамгийн гол нь зөв технологи, чанартай материалыг ашиглаж, өдөр тутам болон шөнийн ээлжиндээ стандартын дагуу техникийн засвар үйлчилгээгээ цаг тухайд нь хийгээд явбал хангалттай олон жил хамгийн найдвартай, аюулгүй тээвэрлэлтийг хийх, ямар ч улиралд ашиглах бүрэн боломжтой гэдгийг баттай ойлголоо. Улаанбаатар хотод дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийн үйл ажиллагааны журам (procedure)-ыг ч бид дэлхийн энэхүү өндөр стандартад нийцүүлэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, нийтийн тээвэрт шинэ өнгө төрх нэмэх энэхүү төсөл дэлхийн шилдэг, шалгарсан технологиор хэрэгжиж байгаад туйлын их олзуурхаж байна. Бидний алхам тутамд аюулгүй байдлыг сахин хамгаалах найдвартай технологи, олон улсын жишигт нийцсэн зөв горим үйлчилгээ хүлээж байгаа гэдэгт та бүхэн минь бүрэн итгэж болно.
Инженер М.Эрдэнэбаяр
