Долоо хоног тутмын замын нэгдсэн хурал өчигдөр боллоо. Хурлын дэгийн дагуу өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй замын удирдлага танилцсаны дараа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тоо, чанарын үзүүлэлт, замын засвар шинэчлэл, дохиолол холбооны найдвартай ажиллагааны талаар Тээврийн хяналтын алба, Тээвэр зохион байгуулалтын алба, Замын аж ахуйн алба, Дохиолол холбооны албадын дарга нар илтгэж танилцууллаа. Илтгэлтэй холбогдуулан замын удирдлага асуулт асууж, үүрэг даалгавар өгөв.
Оны эхнээс 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 27 сая 322.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг сая 707.9 мянган тонноор илүү, төлөвлөгөө 105.7 худийн биелэлттэй байна. Дээрх хугацаанд 19 сая 369 мянган тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг сая 330.4 мянган тонноор илүү, төлөвлөгөө 105.2 хувийн биелэлттэй байна. Тайлант хугацаанд 6315 вагон буюу хоногт дунджаар 52 вагон илүү буулгасан байна.
Хэсгийн хурд, галт тэрэгний дундаж жин, зүтгүүрийн бүтээмж, вагон эргэлт төлөвлөгөөтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 3014 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37 галт тэргээр илүү байна. Аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар найман галт тэрэг буюу 392 вагон 18120.83 тонн хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлээд байна.
Мөн 2026 оны долдугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 61 галт тэрэг буюу 2010 вагон 135341 тонн мидлингийг Цогтцэций өртөөнөөс хүлээн авч тээвэрлээд байна.
Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч, тээвэрлэлтийг шуурхай гүйцэтгэж, өвлийн ид ачааллын үед 17-33 хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлжээ.
Энэ жилийн замын их засварын сүүлчийн цонхны ажил энэ сарын 22-нд хийгдэх ажээ.
