Нүүр Боловсрол Ирээдүй цэцэрлэгийн хойморт инээд баясал тасрахгүй
Боловсрол

Ирээдүй цэцэрлэгийн хойморт инээд баясал тасрахгүй

G.Press 1 хоногийн өмнө 162 үзэлт 0 сэтгэгдэл

Улсын тэргүүний 185 буюу “Ирээдүй” цэцэрлэг нь 34 дэх хичээлийн жилдээ бяцхан хүүхдүүдээ хүлээн аваад ажиллаж байна. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд төмөр замчдынхаа 8500 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг чанар, хүртээмжтэй зохион байгуулж иржээ.

2026-2027 оны хичээлийн жилд “Ирээдүй” цэцэрлэгт 98 хүүхэд шинээр элсэж бага, дунд, ахлах, бэлтгэл нийт 12 бүлэгт 376 хүүхэд сурч хүмүүжиж байна. Тэдэндээ сургуулийн өмнөх боловсролын сургалтын  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхээр бид хичээн ажиллаж байна. Тиймээс ч хүүхдийн хөгжил, сургалтын чанарт ахиц  дэвшил гаргах,багшийн хөгжлийг дэмжих, сургалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 

Сургалтыг хэл яриа, математик, зураг урлал, байгаль-нийгмийн орчин, хөдөлгөөн эрүүл мэнд, хөгжим, нийгэм- сэтгэл хөдлөл гэсэн долоон чиглэлээр явуулж байна. Сургалтыг дээрх чиглэлээр явуулахдаа  тоглоом ,төсөл, шинжлэн судлах, зохиолд суурилсан арга зүйгээр  зааж сургаснаар хүүхдүүд багаар ажиллах, харилцан ярилцах, хамтран асуудлыг шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх, бие даах чадвар нь илүү нээлттэй болдог. Улмаар шүүн тунгаах, суралцах чадамжийн хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Манай цэцэрлэг “EDU GAME” боловсролын байгууллагатай хамтран есөн удаагийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтад 12 бүлгийн 335 хүүхэд, 225 эцэг эх хамрагдсан юм. Энэхүү сургалтаар багийн болон ширээний тоглоом, зураг урлал, жүжигчилсэн тоглолт, маскот шоу зэргийг зохион байгуулснаар багш нар сургалтаа бататгахын зэрэгцээ заах арга барил нь сайжирлаа.

“Ирээдүй” 185 дугаар цэцэрлэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Тиймээс ч тус дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран болон  дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар  УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Ирээдүй” цэцэрлэгт 20 сая төгрөгийн  “I’m Brick” steam хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнүүдийг цэцэрлэгийн багш нарт болон бяцхан үрсэд гардуулж өгсөн юм.

Мөн манай хүүхдүүд “I’m Brick” steam хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр  бага насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, танин мэдэхүйн инженерчлэлийн ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархалтай байна.

Сургуулийн өмнөх боловсролыг олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо хамтын ажиллагаа маш чухал юм. Тиймээс ч эцэг эхийн дэмжлэгтэйгээр олон ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын 27-ны өдөр манай цэцэрлэг “Хөх тэнгэрийн хүүхдүүд” нэртэй урлагийн гала тоглолтыг  “Ган зам” паласт зохион байгуулсан юм.

Тоглолтод цэцэрлэгийн 12 бүлгийн бүхий л багачууд хамрагдан оролцож, өөрсдийн авьяас чадвар, сурсан мэдсэнээ аав ээж, асран хамгаалагчдадаа тайлагналаа.

“Хөх тэнгэрийн хүүхдүүд” тоглолтын гол зорилго бол хүүхэд нэг бүрийн оролцоог дэмжиж, тэдний урлагийн авьяасыг нээж, өөртөө итгэх итгэл, тайзны соёлыг хөгжүүлэхэд чиглэсэн билээ. Энэ тоглолтод цэцэрлэгийн  эцэг эхийн төлөөлөл болох дуучин С.Гантогоо хүрэлцэн ирж “Хайрын өргөө”, “Талархал” дуугаараа мэндчилсэн нь баяр дээр баяр нэмж хүүхэд, эцэг эхчүүдэд урам зориг өгсөн юм.

Мөн “Хүүхэд хөгжил хөдөлгөөн -2026” спортын төсөлт үйл ажиллагааг  2026 оны тавдугаар сарын 15-нд  “Замчин” спорт хорооны зааланд зохион байгуулж, нийт бүлгийн хүүхэд эцэг эхчүүд бүрэн хамрагдаж чадлаа.

“Ирээдүй” цэцэрлэгийн захиргаа, хоол үйлдвэрлэлийн багтай хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр "Ахлах тогоочийн заавраар" хэмээх сургалтат уралдааныг амжилттай зохион байгуулсан. Үүнд 12 бүлгийн 56 эцэг эх хамрагдсан юм. Тухайн өдөр эцэг эхчүүд маань хүүхдийн хоол үйлдвэрлэлийн багийн үйл ажиллагаатай танилцаж, цэцэгт байцааны зутан шөл, дугуй хуушуурыг технологийн дагуу хийж сурлаа. Нийт 12 нэр төрлийн хоол, таван төрлийн ундаа жүүс, таван төрлийн талх нарийн боовны амталгааг хийж, "Хүүхдийн хоол үйлдвэрлэл болон шим тэжээл, орц норм"-ын талаар сургалтыг  зохион байгуулсан юм.

УБТЗ-ын санаачлагаар “Тэрбум мод” сангийн хөрөнгө оруулалтаар “Люксландшафт” ХХК-тай хамтран цэцэрлэгийнхээ хашаанд гадна тохижилтыг хийсэн. Хүүхдэд ээлтэй эко ногоон ногоон байгууламжийн төсөлт ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 9-нд эхлүүлж хоёр дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цэцэрлэгийнхээ хашааны нийт 634 ам метр талбайг зүлэгжүүлж, 13 гацуур, 17 монос, 17 голт бор, 17 буйлс, 710 хайлаас модноос бүрдсэн нийт таван төрлийн 774 ширхэг мод бут тарьж ургуулсан нь өдгөө өнгө үзэмж алаглан ургаж байна.

 

Ирээдүй цэцэрлэгийн хойморт

Инээд баясал тасрахгүй

Ирээдүй цэцэрлэгийн багачуудын

Эгшиг найраг дундрахгүй

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.