Нүүр Дугаарын сурвалжилга Эгэл амьдралын эгэлгүй түүх
Дугаарын сурвалжилга

Эгэл амьдралын эгэлгүй түүх

G.Press 18 цагийн өмнө 606 үзэлт 0 сэтгэгдэл

Сайншанд Татах хэсгийн 70 жилийн түүхийг 31 жилийнхээ хөдөлмөр зүтгэлээр зузаатгаж яваа Дашцэрэнгийн Батбаатар гэх эгэл эрхмийг уншигчдадаа танилцуулъя.  

Тэрбээр өдгөө тус депод Өргөх засварын цехийн мастераар ажиллаж байна. Удам дамжсан төмөр замчин түүний туулсан зам, бүтээсэн түүх баялаг хийгээд сонирхолтой ажээ.

Төмөр зам руу хөтөлсөн жим

Миний аав Замын IV ангид замчин-гагнуурчин, ээж минь БОС-ны гуравдугаар ангид насаараа ажилласан. Миний бага нас Ар Шандад төмөр замчдын тосгонд өнгөрсөн. Би дээрээ нэг эгч, дороо долоон дүүтэй, хөвгүүдээсээ том нь. Энд найман жилийн сургуулийг дүүргээд Төмөр замын техникумд элссэн. Эргэлт буцалтгүй төмөр замын мэргэжил сонгосон минь учиртай. Манай сургуулийн сурагчдыг төмөр замын байгууллагуудын ажилтай танилцуулдаг байсан юм. Зургадугаар ангид байхдаа депог үзэхээр очсон минь надад маш онцгой сэтгэгдэл үлдээсэн.

Тэрэг техниктэй харьцдаг дандаа эрчүүд ажиллаж байсан. Тухайн үед депогийн Засварын цехэд хүлээн авагч Алтанхуяг гээд танил ах биднийг угтаж аваад цехээ танилцуулж билээ. Тэгэхдээ намайг дагуулж яваад төмөр алх хуурайдуулан, хийлгэж байсан нь сэтгэлд тодхон үлдэж. Алтанхуяг ахын эхнэр манай сургуулийн багш байсан юм. Тэр хүн ахлах хүлээн авагч, машинч, зааварлагч машинч хийж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

Бас манай ангийнхан “НХА”-гийн агуулах дээр очиж, мод, тоосго буулгадаг байсан. Бодвол манай анги эрчүүд олонтой болохоор сургуулиас явуулдаг байсан байх. Тэр ажил нь хөөрхөн хөлстэй. Мөнгөө аваад орос дэлгүүрээс юм авч идэцгээдэг байсан. Хүүхэд үеийн тэр эгэл өдрүүд намайг төмөр зам руу хөтөлсөн байх гэж ярилаа.

Төмөр замчин болсон тойруу зам

Тэрбээр, уг нь машинч болох мөрөөдөлтэй байж. Сургуулиа 1992 оны тавдугаар сард зүтгүүрийн техникчээр төгсөж ирээд засварчнаар ажлын гараагаа эхэлжээ. Гэтэл зургадугаар сард нь цэргийн зарлан дуудах хүлээн авчээ. Тухайн үеийн депогийн дарга Ц.Пүрэвсүрэнд “Даргаа би цэрэгт явахаар боллоо” гээд үзүүлтэл дарга нь үг дуугүй аваад урж хаяад “Явж ажлаа хий. Би албан бичиг явуулна. Чамайг явуулахгүй” гэжээ. Гэтэл нэг байранд өссөн үеийн найзууд нь бүгд л цэрэгт явна гээд бөөн хөл хөөрцөг. Мань хүний ч сэтгэл хөдөлж, багийн дарга дээрээ гүйж хүрэн цэргийн зарлан дахин бичүүлж авчихав. Тэгээд найман найз цэргийн комиссоор ороод С.Ганзориг (одоо ЭХУХ-ийн II ангид ажиллаж байгаа) тэр хоёроос бусад нь тэнцэлгүй үлдсэн гэдэг. Ингээд Д.Батбаатар цэргийн албаа хааж ирээд ажилдаа орох гэтэл Ц.Пүрэвсүрэн дарга “Чи том толгойтой, өөрийгөө мэддэг хүн. Чамайг ажилд авахгүй” гээд л загнаж гарчээ. Депогийн орлогч дарга Өргөнцагаан ажилд нь авчихъя гэж хэлээд давхар загнуулаад гарч. Д.Батбаатар залуу хүний омголон зангаар Ц.Пүрэвсүрэн даргыг ахиж гуйхгүй гээд хоёр жил депогоор шагайгаагүй аж. Гэтэл ээж, аав хоёр нь ч ажил төрөлдөө орсонгүй гэж зэмлэх болсноор арга буюу депо дээр очтол дарга нь “Чи тэр чигээрээ алга болчихоороо яадаг юм” гээд бас баахан загнаж байгаад ажилд авчээ. Уг нь, дарга нь мань хаширыг жаахан айлгаж байгаад авах гэж байсныг ойлголгүй хоёр жил “шилэрсэн” нь тэр.

Аав шиг нөмөртэй ах нар

Тэгээд засварчин болж М.Эрдэнэжав, Ж.Ширмэн гэх туршлагатай хоёр хүний шавь болсноор төмөр замчны замналаа эхлүүлсэн байна. Мөн тэрбээр тухайн үеийн ахлах мастер Хишигбаатар агсныг онцлон дурдлаа. Нэг өдөр түүнийг дуудаж чи техникч хүн нэг байрандаа байгаад байх биш дэвшиж дээшлэх ёстой шүү гэж ахын ёсоор зааж зөвлөсөн нь мартагддаггүй гэнэ. Мөн хүлээн авагч болоход нь Сосорбарам гэдэг туршлагатай хүн засварт орж ирж байгаа тэрэг хэрхэн хүлээн авах, засвараас гарсан тэргийг бэлэнд өгөхөд яах ёстой, юуг нь шалгаж нягталж байх зэрэг бүх л зүйлийг нэг бүрчлэн зааж өгч, “Хүлээн авагч бол хоёрдугаар зэргийн машинч гэсэн үг шүү” гэж ажлын хариуцлагыг нь ой тойнд нь ортол тайлбарлаж өгснийг дурсав.Мастер болоход нь Батболд, ахлах мастер Хүрэлбаатар хоёр хүнтэй яаж ажиллах, хамт олноо яаж удирдах вэ гэдэг эрдмийг заажээ. Тэгэхдээ “Хүн болгон адилгүй. Загнуулж зандруулж ажил хийдэг хүн байна. Аргадуулж ажил хийдэг ч хүн бий. Ажилчдынхаа ааш зан харилцаа хандлагыг хар, судал, тэгээд тус бүрд нь таарах түлхүүрийг нь ол. Тэгж байж удирдагч болно” гэж захисныг өнөөг хүртэл мартаагүй яваа аж. Ахлах мастер Хүрэлбаатар бие нь тааруу хэвтэрт байхдаа түүнийг гэртээ дуудаж “Чи л ахлах мастерын ажлыг хийж чадна” гээд ажлын алхаа хадагтай ёс төртэй хүлээлгэн өгчээ. Түүнээс өмнө ээлжийн мастераар таван жил ажиллахдаа цехийн аварга, үйлдвэрийн аваргаар тус бүр хоёр удаа шалгарч, түүний зэрэгцээ хүнд гэмтэл илрүүлсэн, түргэн шуурхай ажилласан, ажлаа сайн зохион байгуулсан гээд шагналын даллагатай, эрч хүчтэй, итгэл төгс ажиллаж байсан нь ийнхүү 30 гаруйхан насандаа ах нарынхаа итгэлийг хүлээж хариуцлагатай ажилд томилогдоход нь нөлөөлжээ. Түүнээс өмнө 2004 онд багын мөрөөдлөө биелүүлчих санаатай тухайн үеийн депогийн дарга Б.Баяраа дээр Ашиглалтын цех рүү шилжүүлж өгнө үү гэсэн өргөдөл бичээд ороход “Явж ажлаа хий” гээд өргөдлийг нь харах ч үгүй ширээнийхээ нүд рүү хийчихсэн. Долоо хоногийн дараа дахин нэг цухалзуулаад найдвар тасарсан даа гэв.Гэхдээ машинч болж чадаагүй дээ хэзээ харамсаж байгаагүй. Би байх ёстой газраа л байгаа хүн гэж сэтгэл өег өгүүлэв.

Зүтгүүрчдийнхээ эрх ашгийг төлөөлсөн найман жил

2015 оны гуравдугаар сарын 22-нд ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдсон. Эхний нэг жил надад амаргүй байсан. Үнэндээ ажилчныхаа эрх ашгийг яаж хамгаалахаа мэдэхгүй л явсан. Тэр үед Замын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Н.А.Гукын удирдсан шуурхайд ороод өөрөө загнуулаад гарч ирлээ. Тэгээд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны С.Эрдэнэ дарга дээр орж болсон явдлыг хэлж, яах ёстойг асуулаа.

С.Эрдэнэ дарга  “Тийм юм байхгүй хө. Алив хоёулаа явъя” гээд намайг дагуулаад Гук дарга дээр орж “Яахаараа манай ҮЭ-ийн хорооны даргыг чи загнаж байгаа юм. Чамд энэ хүнд үг хэлэх эрх байхгүй. Хуулийн гаргалгаа нь ийм байна. Энэ шуурхай хурлаа дахиж хий” гэж тайлбарлаж өгсөн. Тэгэхэд л ҮЭ-ийн хорооны дарга бол хууль эрх зүйн хүрээнд хэнтэй ч мэтгэлцэх мэдлэгтэй, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чадвартай хүн байх ёстой юм байна гэдэг ойлголтыг авч “Отгонтэнгэр” дээд сургуульд эчнээгээр суралцаж, хууль эрх зүйн мэдлэгтэй болжээ. Түүнээс хойш шуурхай хуралд гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж олон оролцож байсан.

Мөн зүтгүүрийн засварчдын хөдөлмөрийн хүнд нөхцөлийг хортой нөхцөлөөр тогтоолгох гэж Дархан Татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Түвшинбаяр, Улаанбаатар Татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Наранхүү бид гурав бүх депод ажлын байрны үнэлгээ хийлгээд 2020 онд яам руу хүсэлтээ өгүүлээд түүнийхээ хойноос хөөцөлдөж байгаад 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс илчит тэрэгний засварчдын хөдөлмөрийн нөхцөл хортой гэж үнэлэгдээд 50 настай тэтгэвэрт гардаг болсон. Түүнээс өмнө 2018 онд машинч нарын зэргийн нэмэгдлийг нормт цагт нь шилжүүлж бодож олгодог болгох гэж тухайн үеийн Замын дарга Д.Жигжиднямаа, Төлөвлөгөө эдийн засгийн албаны орлогч дарга Ундармаа нартай ярилцаад энэ асуудлыг шийдүүлж байлаа. Ингэснээр нэгдүгээр зэрэгтэй машинч зэргийн нэмэгдэл 150 мянган төгрөг авч байснаа ажилласан цагаасаа хамаараад 300-400 мянган төгрөг авдаг болсон гэх мэтээр шатлалаар нь нэмэгдүүлээд ирэхээр машинч нар зэргээ ахиулах эрмэлзэлтэй болж, өөрсдийгөө хөгжүүлж, уншдаг судалдаг, суралцдаг болсон.  Мөн зорчигчийн галт тэрэгний туслах машинч болон ачааны галт тэрэгний машинчийн цалин бараг адилхан байлаа. Тэгэхээр зорчигчийн галт тэрэгний туслах машинч нар ачааны галт тэрэгний машинч болох сонирхолгүй байсан. Бүгд л зорчигчийн галт тэрэгний туслах машинч болох гээд “чихэлдээд” байдаг байв. Үүнийг шийдэхээр гурван Татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга нар, Төлөвлөгөө эдийн засгийн албаны орлогч дарга Ундармаа, хуулийн талаас нь МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг бид хэд судалгаа хийсэн. Тэгэхэд Ундармаа дарга бүх тооцоог хийж үзээд машинч нарын цалинг 15 хувь, туслах машинч нарын цалинг найман хувиар нэмбэл цалингийн зөрүү үүснэ гэлээ. Үүнийгээ бид хэд бариад Д.Жигжиднямаа дарга дээр орлоо. Замын дарга тэгэхэд УБТЗ-д ажиллаж байгаа бүх туслах машинч нараас гарын үсгийг нь цуглуулаад ир гэсэн. Тэгээд бүх туслах машинч нартай гурван өдөр уулзаж тайлбарлаж байгаад гарын үсгийг нь цуглуулаад очтол Замын дарга Баянтүмэнгийн туслах машинч нарын гарын үсэг хаана байна гэв. Бид ч таг мартсанаа санаж Баянтүмэн тасгийн ҮЭ-ийн хорооны дарга Чимгээ эгчтэй холбогдож, туслах машинч нартай нь уулзуулж тайлбарлуулаад гарын үсгийг нь нааш нь факсаар авснаар тэр асуудлыг шийдвэрлүүлсэн. Мөн ачааны галт тэрэгний үнэлгээ транзит, ачааны, дотоод, аж ахуйн гэж дөрвөн янз байв. Зорчигчийн галт тэрэгний үнэлгээ мөн гурван янз. Тэр үед гулсах график гэдэг зүйлийг мөрдөж, илүү цагийг нь авч үлдэж байгаад улиралд нь олгодог байсан юм. Тэр үед бас үнэлгээний талаар маргаан гардаг байлаа. Энэ асуудлыг Замын захиргаанд тавьж, уйгагүй хөөцөлдөж байж ачааны галт тэрэгний үнэлгээг хамгийн өндөр буюу транзит галт тэрэгний үнэлгээгээр нь тогтоолгосон. Зорчигчийн галт тэрэгний үнэлгээг ч мөн нэг ижил болгосон. Ингэснээр машинч нарын дунд өндөр үнэлгээтэй галт тэргэнд явна, үнэлгээ бага галт тэргэнд явахгүй гэдэг хэл ам гарч байсныг арилгасан. ҮЭ-ийн хорооны даргаар найман жил ажиллахдаа ийм ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Уг нь миний бодлоор машинч нараа хортой нөхцөлд оруулчихсан бол гэж их бодсон, амжаагүй. Одоо ч надад тийм хэтийн зорилго бий” гэж ярилаа.

Д.Батбаатар ах дүүс есүүлээ өнөр өтгөн айлд өссөн. Ах дүүсээс нь эгч Д.Алтанцэцэг нь Сайншандын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарчээ. Мөн дүү Д.Пүрэвжав нь Замын II ангид бригадын дарга, дүү Д.Мягмар нь Сайншанд Татах хэсэгт суваг талбайн үйлчлэгчээр ажилладаг бол дүү Д.Пүрэв нь Замын IV ангид ажиллаж байгаад группэд гарчээ. Ийнхүү аав, ээжийн үйлсийг олуулаа залгамжилжээ. Түүний арыг даадаг, хэрэгтэй үед хамгийн сайн зөвлөгч нь байдаг гэргий нь багш хүн гэнэ. Тэрбээр, ҮЭ-ийн ажлаа өгчихөөд ахлах мастерын ажлаа хийж байгаад, өөрийн хүсэлтээр Өргөлтийн цехийн мастер болжээ. Нэгд, залуусаа дэмжих, хоёрт арай хөнгөн ажил хийж байгаад гавьяандаа гардаг юм билүү гэж хуучиллаа.

Сэтгэлд тань үлдсэн хамгийн сайхан дурсамж тань юу вэ гэхэд анхны цалин гээд 250 төгрөг гар дээрээ аваад ихэд баярлаж хөл газар хүрэхгүй шахам явж ээждээ аваачиж өгч билээ. Аав ээж минь хүү тусад орлоо гэж баярлаж, “Эзэн хичээвэл заяа хичээдэг юм, миний хүү хичээж ажиллаарай” гэж захиж байсан даа гэв. Тэрбээр, аав ээжийнхээ энэ л захиасыг эгнэгт биелүүлж өдий хүрчээ. Хийсэн үйлстэй хүний хуучлах түүх арвин ч хөрөг тэмдэглэлээ энэ хүргээд өндөрлөе.

 

Б.Гүнжинлхам 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.