Нүүр Томилолт Нэг зам, дөрвөн тасаг, нэг зорилго дор нэгдэнэ
Томилолт

Нэг зам, дөрвөн тасаг, нэг зорилго дор нэгдэнэ

G.Press 14 цагийн өмнө 496 үзэлт 0 сэтгэгдэл

Намрын салхи зөөлөн сэвэлзэж, шаргал навчис замын хажуугаар хийснэ. Өглөөний жавар хацар хайрах энэ л өдрүүдэд Шатан зөрлөгийн замчид өвлийн бэлтгэлдээ шамдана. Төмөр замын дагуу үргэлжлэх ажил, үзлэг, засвар арчлалт, суман шилжүүлгийн тохируулга гээд тэдний хийх ажил арвин. Байгаль дэлхий өвөлд бэлтгэж буй юм шиг замчид ч хариуцсан замынхаа километр бүрийг нягтлан шалгаж, ирэх өвлийг угтахаар ажилдаа гарчээ. УБТЗ-ын гол ус, уул толгодыг даган тахирлан үргэлжлэх төмөр зам Замын II ангийн I хэсгийн замчдын өдөр тутмын ажлын талбар. Өвөлдөө хөлдөж овойх, зундаа намаг шалбааг ихтэйгээс суулт үүсэх байгалийн онцлог нь замчдаас цаг ямагт сонор сэрэмж, тэвчээр, ур чадвар шаарддаг. Замын тахир тойруу олонтой энэ хэсэгт 24 километр тахир зам, өртөөний замын дөрвөн тахир бий. Нийт 28 тахирын хэвийн байдлыг хангана гэдэг багагүй хөдөлмөр. Гэвч тэдний хувьд энэ бүхэн танил зам, өдөр тутмын хариуцлага нь билээ. Энд замчин бүр хариуцсан хэсгийнхээ онцлогийг мэднэ. Аль километрт ямар ажил шаардлагатай, хаана суулт үүсэх эрсдэлтэй, аль хэсэгт засвар арчлалт хийх хэрэгтэйг нүдээрээ харж, өөрийн туршлагаар дүгнэнэ. Тэд замаа зөвхөн хэмжиж шалгадаггүй, харин өдөр бүрийн хөдөлмөрөөрөө хамгаалж байдаг.

Замын II ангийн I хэсгийн мастер Л.Батсүх, “Манайх УБТЗ-ын Замын II ангийн хойд хэсгийг хариуцан ажилладаг. Гол, уул усны тогтоцыг даган байрласан болохоор тахир тойруу ихтэй. Тахир зам олонтой, улирлын нөхцөл байнга өөрчлөгддөг ийм хэсэгт үзлэг шалгалтыг тогтмол хийж, шаардлагатай засварыг цаг тухайд нь төлөвлөх хэрэгтэй. Аль хэсэгт суулт үүсэх эрсдэлтэй, хаана арчлалт хийх шаардлагатайг мэдэхийн тулд замчид хариуцсан замынхаа нөхцөл байдлыг ойроос ажиглаж, ажиллах хүчээ зөв хуваарилдаг. Манай ажлын зохион байгуулалтын нэг онцлог нь дөрвөн тасагт хуваагдан ажилладагт оршино. Тасаг бүр 5-6 километр зам хариуцаж, замчид тухайн хэсэгтээ байрлан ажиллаж, амьдардаг. Зарим хэсэг нэг талдаа арван километр орчим явж байхад манайх 3-4 км яваад хяналтаа хийх боломжтой. Тасаг бүр өөрийн хариуцсан хэсэгтэй, тэндээ ажиллаж амьдардаг нь давуу тал юм” хэмээн ярилаа.

Энэ зохион байгуулалт нь зөвхөн зорчих зайг багасгаад зогсохгүй, замын нөхцөл байдалд ойр байж, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдэг. Гэхдээ байгалийн нөхцөлөөс үүдсэн хүндрэл багагүй. Нэгээс нөгөө хэсэгт хүрэхийн тулд хоёр, гурван гол гаталж, намаг шалбааг туулан явах шаардлага гардаг. Зам муутайгаас автомашин эвдрэх нь ч бий. Энэ нь байгууллагын болон ажилтнуудын автомашинд адилхан хүндрэл учруулдаг. Тиймээс бусад хэсгээс хүн хүч дайчлан ажиллуулахад ч бэрхшээл гардаг тул өөрийн бүрэлдэхүүний ажлыг оновчтой зохицуулах нь чухал. Алслагдсан дөрвөн тасаг тус тусын үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ нийт хэсгийнхээ төлөө нэгдэн ажилладаг нь тэдний ажлын гол тулгуур юм.

Тус хэсгийнхэн Замын даргын үзлэгт бэлтгэж байв. Зам хэмжигч вагон замын хэмжилт, шалгалтаа хийсний дараа тэд дараагийн шатны үзлэгийн ажлаа төлөвлөжээ. Үүнд есөн суман шилжүүлгийн цариг, түвшнийг шалгаж цэгцлэх, өртөөний замын ногоо цэвэрлэх, балласт шуух зэрэг ажил багтаж байна. Намрын эдгээр ажил нь зөвхөн тухайн өдрийн төлөвлөгөөг биелүүлэх зорилготой бус. Өвөл зам хөлдөж овойх, чийг ихтэй хэсгүүдэд суулт гарах эрсдэлийг урьдчилан тооцож, замын хэвийн байдлыг хангах бэлтгэл юм. Иймээс замчид улирал солигдохыг хүлээлгүй, хийх ажлаа эртнээс төлөвлөж, шаардлагатай засвар арчлалтыг эрэмбэлдэг байна.

Тэд дараа жилийн ажлын төлөвлөгөөг ч өмнөх оны 11, 12 дугаар сард боловсруулдаг ажээ. Бүрэлдэхүүнээрээ замаа явган үзэж, бүх бригад, тор засагчид хамт явна. Тор засагчид аль километрт ямар ажил шаардлагатай, хэсгийн хүчээр юу хийж болохоо хэлнэ. Бригадынхан ч суулт өргөх, чигжих зэрэг ажлын саналаа гаргадаг. Тэгээд саналуудыг нэгтгэж, ажлын шаардлагаар нь эрэмбэлээд, ангиас ямар ажил хийлгэх, ямар дэмжлэг авах вэ гэдгээ төлөвлөдөг. Үүний үндсэн дээр жилийн төлөвлөгөө гарна хэмээн замын мастер залуу онцолж байсан. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө нь зөвхөн бичиг баримт биш, замын бодит нөхцөлд ажиллаж буй хүмүүсийн ажиглалт, санал, туршлагад тулгуурладаг. Жилийн төлөвлөгөө гарсны дараа мастер сарын төлөвлөгөө боловсруулж, ангиар батлуулна. Улмаар ажлыг долоо хоногоор нарийвчлан хуваарилж, өдөр тутмын гүйцэтгэлтэй уялдуулдаг байна. Дөрвөн тасаг хоорондоо зайтай байрладаг тул ажилтнуудыг орой бүр нэг дор цуглуулах боломжгүй. Харин тэд тетра станцаар холбогдож, маргаашийн ажлаа ярилцдаг нь өдөр тутмын ажлын салшгүй хэсэг болжээ. Нэг дор цуглах боломжгүй ч тэдний ажил, зорилго нэг. Тасаг бүр өөрийн хариуцсан хэсэгт ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ нийт хэсгийн төлөвлөгөө, хяналт, ажлын уялдааг хамтдаа хангана. Хэн хаана ажиллаж байгаагаас үл хамааран маргаашийн ажил тодорхой, үүрэг хариуцлага ойлгомжтой байх нь хамтын ажиллагааны үндэс болдог.

Замын II ангийн I хэсэг нийт 31 ажилтантай. Тэдний 21 нь эрэгтэй, арав нь эмэгтэй. Хамгийн ахмад ажилтан нь 1969 оных. Хамгийн залуу нь 19 настай. Энэ онд 3-4 хүн шинээр ажилд орсноор 25-аас дээш жил ажилласан таван хүнтэй бүрэлдэхүүн залуужиж байгааг харуулна. Замчид их залуужиж, ажлын үндсэн ачаалал залуучуудын нуруун дээр ирж байгаа учраас тэднийг сургаж, дадлагажуулж, мэргэшүүлэх нь чухал юм.

Алслагдсан газар мэргэжлийн боловсон хүчин татахад амаргүй. Техникч, инженерийн мэргэжлээр төгссөн залуус шууд ирж ажиллах нь ховор. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, зорчих тээврийн нөхцөл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг ажээ. Тиймээс орон нутгаас ажилтан авч, мэргэшүүлэн бэлтгэж, ангиас зохион байгуулдаг сургалтад хамруулан ажиллуулдаг байна. Орон нутгаас ирсэн ажилтнуудын зарим нь тогтвор суурьшилтай ажилладаг бөгөөд төмөр замчин эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөн сонгох хүүхдүүд ч байдаг аж. Туршлагатай ажилтнуудын мэдлэг, ур чадварыг залуу үедээ өвлүүлэх нь алслагдсан хэсгийн хүний нөөцийг бэхжүүлэх чухал арга юм. Өдөр тутмын ажил дээрээ суралцаж, дадлагажиж, хамт олноосоо туршлага хуримтлуулахын хэрээр залуу замчид хариуцсан замынхаа онцлогийг таньж мэддэг байна.

Алслагдсан газарт ажиллахад ажлын нөхцөлөөс гадна гэр бүлийн амьдрал, хүүхдүүдийн сурч боловсрох боломж ч чухал нөлөөтэй. Л.Батсүх УБТЗ-аас ажилтнуудын хүүхдүүдэд үзүүлдэг дэмжлэгийг онцоллоо. Түүний хэлснээр хүүхдүүдийг 73 дугаар сургуульд сургах, дотуур байранд амьдруулах боломжтой бөгөөд ирж, буцахад нь зориулсан хүүхдийн вагон явдаг ажээ. Мөн Улаанбаатар хотод 24-ийн цэцэрлэгт ч 2-6 настай хүүхдүүд хүмүүждэг байна. “Төмөр зам бидний төлөө их анхаарал тавьдаг. Хүүхдүүдийг сургуульд сургах, дотуур байраар хангах, ирж очиход нь хүүхдийн вагон явуулах гээд олон талаар дэмждэг. Хүүхдүүд маань аюулгүй зорчиж байгааг мэдэхээр бид энд ажлаа сэтгэл амар хийх боломжтой болдог” хэмээн замчдын ярихыг сонсоход төмөр замчдын нийгмийн халамж, дэмжлэг тэдний амьдралд ямар их үнэ цэнтэйг илтгэнэ.

Ажилтнуудын нийгмийн хамгаалал, халамж нь зөвхөн нэг хүний асуудал биш. Ялангуяа алслагдсан бүс нутагт ажилладаг төмөр замчдын хувьд гэр бүлийн тогтвортой байдал, үр хүүхдийн боловсрол, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь ажиллах хүчний тогтвор суурьшил, ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг.

Тор засагч Д.Оюун-Эрдэнэ 2023 онд Замын мэргэжлийн аварга болжээ. Түүний ажлын арга барил, туршлагыг Замын I ангийн мэргэжилтнүүд ирж судалж байжээ. Мөн Замын мэргэжлийн аварга Э.Энхтөр залуучуудаа уриалан зохион байгуулж, ажилдаа идэвх санаачилгатай ханддаг нэгэн. Замын мастер Л.Батсүх ч Замын мэргэжлийн аваргаар шалгарч байсан аж. Нэг хэсгээс гурван мэргэжлийн аварга төрнө гэдэг бахархмаар хэрэг юм.

Замын ажилд сэтгэл гаргана гэдэг нь хийсэн ажлаа орхихгүй, дахин шалгаж, шаардлагатай бол засаж сайжруулахын нэр билээ. Ажил өөрсдийнх нь шаардлагад нийцэхгүй санагдвал буцааж засаж, чанарыг эрхэмлэдэг нь тэдний ажлын зарчим. Замын аварга болсон хүмүүсийн амжилтын цаана ч ийм нягт нямбай хөдөлмөр, мэргэжилдээ үнэнч хандлага бий.

Намрын шаргал өдрүүд удахгүй цас, жавраар солигдоно. Харин замчдын ажил улирал солигдлоо гээд зогсохгүй. Тэд замынхаа километр бүрийг нягталж, төлөвлөгөөний дагуу ажиллаж, нэгнийхээ хүчийг нөхөн, нэг зорилгын төлөө хөдөлмөрлөсөөр байх болно.

Жилийн төлөвлөгөөгөө замаа хамтран явган үзэж боловсруулна. Сарын болон долоо хоногийн ажлаа нарийвчлан хуваарилна. Өдөр бүрийн 18:00 цагт тетра станцаар холбогдож, маргаашийн ажлаа тохирно. Хариуцсан хэсэг бүрдээ ойр ажиллаж, замын нөхцөл байдлыг тогтмол хянана. Намрын үзлэг, өвлийн бэлтгэл бол зөвхөн нэг тасгийн хийх ажил биш. Замчин, тор засагч, мастер, жолооч, сум цэвэрлэгч гээд мэргэжил бүрийн оролцоо шаардлагатай. Нэгнийхээ ажлыг мэдэж, бие биеэ дэмжиж, нийт хэсгийнхээ төлөө хамтран ажиллах нь тэдний ажлын гол хүч юм.

Дөрвөн тасаг, нэг хамт олон. Нэг нь замаа шалгаж, нөгөө нь тороо засаж, бас нэг нь маргаашийн ажлаа төлөвлөнө. Тэд төмөр замын найдвартай ажиллагааг хангаж, өөрсдийн хариуцсан замынхаа километр бүрийг сэтгэлээрээ хамгаалцгаана.

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.