Намрын сүүл сарын шинийн гуравны билэгтэй сайхан өдөр Замын даргын үзлэг хойд хэсэглэлээс эхэллээ. Үзлэгийн комиссыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нар ахлан ажиллалаа. Өглөөний сэрүүнд өтгөн манан буусан тул Наушки өртөө рүү явах ачаатай галт тэргийг Оросын талаас хуваарьт цагаар хүлээж авах боломжгүй болсон тул үзлэгийн комиссынхон Хойт зөрлөг рүү авто машинаар хөдөллөө. Сайханы хөтөлийг даваад сайжруулсан шороон замаар уруудаж, зам сум руу дөхөв. Өнгөрсөн жилийн намрын үзлэгээр энэ давааны шороон замыг сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөний дагуу бороо, шороонд элэгдсэн 300 метр замыг хусаж, засаж янзалжээ. Одоо энд энхэл донхол, саад бэрхшээл эрс багасжээ.
Замын суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда Хойт зөрлөгийн зам, сумын ажлыг үзэж шалгаснаар Сүхбаатар зангилаа дахь Замын даргын үзлэг эхэллээ.
Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нар Сүхбаатар өртөөний өвлийн тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдал, төлөвлөгөөт үзүүлэлт, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгаж, шийдвэрлэвэл зохих асуудалтай танилцлаа. Сүхбаатар өртөө нь “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд тодорхой зорилт, зорилго дэвшүүлсэн таван бүлэг, 23 заалттай төлөвлөгөө боловсруулж, III улирлын байдлаар 82 хувийн хэрэгжилттэй ажиллаж байгаа ажээ.
Тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт нь төлөвлөгөөнөөс болон өмнөх оны мөн үеэс ачилтын төлөвлөгөөг 100-117 хувиар давуулан биелүүлж, тооцооны хэсгийн орлого 154.2 тэрбумаас 162.5 тэрбум төгрөг болж өссөн байна. Хөдөлмөрийн бүтээмж 12 хувиар өсөж, 21 вагоноор давуулан биелүүлжээ.
Үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж QR код уншуулах дэлгэцтэй болсноор зорчигч тээврийн төлөвлөгөө 104 хувиар, орлогын төлөвлөгөө 131 хувиар биелээд байна.
Байгууллагын өөрийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний тарифыг нэмэгдүүлсэнээр амрах байрны орлого өмнөх оны мөн үед 32 сая төгрөг байсан бол одоо 44 сая төгрөг болж өссөн бөгөөд фитнесийн танхимын орлого 1.7 сая төгрөгнөөс 9.6 сая төгрөг болж өсжээ.
Цаашид тус өртөө нь хүний нөөцийн тогтвор суурьшлын коэффициентыг нэмэгдүүлж, хүний шилжилт хөдөлгөөний коэффициентыг бууруулж, ажлын гүйцэтгэлийн чанар бүтээмжийг нэмэгдүүлэхэд шинэ санал, санаачилга гаргасан ажилтнуудаа урамшуулах аян өрнүүлэхээр төлөвлөж байгаагаа үзлэгийн комисст илтгэлээ.
Хэсэглэлийн үзлэгийн дүнгийн хурал дээр Тээврийн хяналтын албаны байцаагч нар өөрсдийн хариуцсан ажлын хүрээнд хийсэн шалгалтаар илэрсэн дутагдал, анхаарамжийн талаар мэдээлж, холбогдох үүрэг даалгавараа танилцуулав. Хуралд оролцогчдын зүгээс Сүхбаатар өртөөг төвлөрсөн ариун цэврийн байгууламжтай холбох, халуун устай болгох, төмөр замчдыг орон сууцаар хангах, төмөр замын ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг орон нутгийн эмнэлэгт хийдэг болгох гэх мэт хэд хэдэн асуудлыг хөндөн тавилаа. Эдгээр асуултад Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Батболд холбогдох тайлбарыг өглөө. Тэрбээр “Сүхбаатар зангилаанд 36 айлыг орон сууцанд хамруулах захиалгын хүсэлт ирсэн. Үүнийг судалж үзээд орон сууц захиалагчдын төлбөрийн асуудлыг ипотекийн зээлээр шийдвэрлэхээр бүх банкуудад хандсан боловч ихэнхдээ татгалзсан хариу авч байна. Гэсэн ч гарц гаргалгааг хайж байна. Ер нь манай төмөр замчид санхүүгийн хуримтлалтай болох, эдийн засгийн тооцоотой амьдрах тал дээр анхаарах цаг болсон байна” гэв. Эрүүл мэндийн сайдын 2009 оны 70 дугаар тушаалаар батлагдсан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийх тухай журам” өнөөдөр мөрдөгдөж байна. Энэ журамд өөрчлөлт орсон тохиолдолд төмөр замчид өөр эмнэлэгт үзлэгт орох эрх нээгдэнэ. Иймд Төмөр замын агентлагаас шинэ журмын төслийг боловсруулж Зам тээврийн яаманд хүргүүлээд байна. Улмаар төслийг хянаж үзээд Эрүүл мэндийн болон Зам тээврийн сайдын хамтарсан тушаалаар баталсан тохиолдолд төмөр замчид өөр эмнэлэгт үзлэгт орох эрх нээгдэнэ гэж мэдээллээ.
Үзлэгийн дүнгийн хурал дээр Замын суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда хэлэхдээ ”Замын их засварын ажил үндсэндээ дуусаж байна. Замын хэмжээнд хийгдэж байгаа нийт зам засварын ажлын 50 хувь нь хойд хэсэглэлд хийгдэж байна. Одоо Сүхбаатар-Дулааны хооронд гурван цонхны ажил үлдлээ. Энэ сарын 22-нд сүүлчийн цонхыг авна. Тахир тойруу ихтэй энэ хэсэглэлд зам засварын ажил маш хүнд нөхцөлд үргэлжилж байна. Энэ ажилд зөвхөн замынхан төдийгүй хөдөлгөөний бусад байгууллагууд ялангуяа зүтгүүрийнхний оролцоо их байлаа. Замын их засварын ажилд оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлье” гэв.
Хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков хэлэхдээ төмөр замчид маань маш их зүйлийг хийж бүтээсэн байна гээд цаашид сум, замыг өргөтгөх, түлшний савны хүрэлцээ, аюулгүй байдлыг хангах гэх мэтээр хилийн боомтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж, шинээр ажилд орсон анхны өвөлжигч нарын ХАБЭА-н асуудалд онцгой анхаарч, ажлын дулаан хувцсаар яаралтай хангахыг үүрэг болголоо.
Замын даргын үзлэг хоёр дахь өдрийнхөө үдээс хойш Дархан зангилаанд үргэлжиллээ. Дархан өртөөний дарга Б.Ганзориг үзлэгийн комисст хандан илтгэх хуудсаа танилцууллаа. Дархан өртөө оны эхний есөн сарын байдлаар 2.7 сая тонн ачаа ачиж, төлөвлөгөөгөө 104 хувиар, 13.2 мянган вагон буулгаж, 110 хувиар, 243913 вагон явуулж, 111 хувиар, 90.9 мянган зорчигч тээвэрлэж, 115 хувиар тус тус биелүүлжээ.
Дархан хэсэглэлийн хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар 69.1 тэрбум төгрөгийн тээврийн орлого төвлөрүүлсэн ба урьд оны мөн үетэй харьцуулбал 17.1 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.
Дархан хэсэглэлийн хэмжээнд энэ оны аравдугаар сарын 13-ны байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, осолд дөхсөн тохиолдол гараагүй бөгөөд ХАБЭА-г ханган ажиллах талаар авч хэрэгжүүлэх зургаан бүлэг 41 зүйлтэй жилийн төлөвлөгөө батлуулан мөрдөж байгаагаас 36 ажил биелж, төлөвлөгөөний биелэлт 90 хувьтай байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр 24 заалттай төлөвлөгөө гарган ажилласан. 22 ажил бүрэн биелсэн, хоёр ажил 50 хувьтай биелээд байна.
Дархан татах хэсгийн хувьд төлөвлөгөөт үзүүлэлт сайн байгаа хэдий ч ашиг алдагдлын хэмжээ их, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах талаар өмнөх үзлэгүүдэд өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүйг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков эрс шүүмжиллээ. Тус татах хэсэг оны эхнээс түлшний зарцуулалтыг 60 сая төгрөгөөр хэтрүүлж, илүү цагийн хөлсөнд 408 сая төгрөг илүү зарцуулсан байна. Дархан Татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Хамтын гэрээгээр ажилчдын хоолны хөнгөлөлт ердөө 500 төгрөгөөр нэмэгдсэн боловч хоолны үнэ энэ оны долдугаар сараас 50 хувиар нэмэгдсэнийг эрс шүүмжилж, Кейтеринг, Зочлох үйлчилгээний хэлтсийн хоолны үнэ, тариф хэтэрхий өндөр байгааг эргэж харахыг хүслээ.
Дархан хэсэглэлийн үзлэгийн дүнгийн хурал дээр Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков дүгнэж хэлэхдээ, зүтгүүрийн сул гүйлт их, зам засварын шинээр авсан 50 чигжигчийн 38 нь хагас жилийн дотор эвдэрсэн зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй гээд удирдах ажилтнуудад үзлэгийн хугацаанд зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, технологийг сайжруулах талаар нэг ч үр дүнтэй санал дэвшүүлсэнгүй гэж шүүмжиллээ.
Үзлэгийн гурав дахь хоногт комисс Эрдэнэт өртөөнд ажиллалаа. Намар оройн хүйтэн салхи сэвэлзэж, тэнгэрийн хаяа улам бүүдийсээр шөнөдөө цасан шамарга тавьж, хонолоо. Эрдэнэт өртөө оны эхний есөн сарын байдлаар 506.5 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөгөө 105 хувиар, 15.6 мянган вагон буулгаж, төлөвлөгөөгөө 97 хувиар, 16712 вагон явуулж, төлөвлөгөөгөө 92 хувиар, 23.2 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөгөө 115.9 хувиар тус тус биелүүлжээ.
Эрдэнэт өртөө оны эхний есөн сараар 38.9 тэрбум төгрөгний тээврийн орлого оруулж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал орлогоо 2.2 тэрбум төгрөгөөр өсгөжээ. 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн А/514 дүгээр тушаалаар зэсийн баяжмалын тээвэр 13 хувиар, чингэлэг тээвэр 8.7 хувиар нэмэгдэж, олон улсын ачилтаар зэсийн баяжмал 236 вагон нэмэгдсэн зэрэг нь төлөвлөгөөний үзүүлэлтэд эерэгээр нөлөөлсөн байна.
Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэр оны эхний есөн сарын байдлаар 100.8 мянган ширхэг төмөр бетон үйлдвэрлэж, төлөвлөгөөний гүйцэтгэл 109 хувьтай байна. Мөн Замын ангиудын захиалгаар 3.6-4.7 метр урттай 14 ширхэг төмөр бетон дам нуруу, дөрвөн гүүр хоолойн 278 төмөр бетон хийцийг үйлдвэрлэжээ. Ирэх 11 дүгээр сараас хуванцар үүртэй бетон дэр үйлдвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Санхүүгийн хувьд 14 тэрбум төгрөгийн төлөвлөгөө өгөгдсөнөөс 15.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Харин цалин, НДШ, түлшний зардал хэтрэлттэй байгаа ажээ. Энэ онд дайрга угаах цехийг ашиглалтад оруулж, ОРС 42.5 маркийн цементийг ашиглаж эхэлснээр үнийн зөрүүнд 75 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Өвлийн хэрэгцээнд 7000 шоо метр дайрга ашиглах ёстой. Өнөөдрийн байдлаар 5000 шоометрийг нөөцлөөд байна.
Үзлэгийн дөрөв дахь хоногт комисс Зүүнхараа зангилаанд ажиллалаа. Зүүнхараа өртөө нь оны эхний есөн сарын байдлаар гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллаж, ачилтын төлөвлөгөөг 22.4 мянган тонн буюу 109.8 хувь, буулгалтыг 1138 тонн буюу 145 хувь, вагон явуулалтыг 343575 буюу 112.3 хувь, зорчигч явуулалтыг 36.5 мянган хүн буюу 102 хувь тус тус гүйцэтгэжээ. Ашиг алдагдлын хувьд 417.7 сая төгрөгийн орлоготой буюу өнгөрсөн оныхоос 66.7 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Зам, сумын үзлэгийг холбогдох тушаалын дагуу хийж гүйцэтгэж, 1036 гэмтлийг зассан байна.
Үзлэгийн комисс Зүүнхараа зангилаанд ажиллахдаа Ачааны вагон засварын депо, Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж өвлийн бэлтгэл ажилтай танилцаж, үүрэг даалгавар өглөө.
Зүүнхараа зангилаанд болсон үзлэгийн дүнгийн хурал дээр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэсэглэлийн хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлийн сургалт хангалтгүй байгааг шүүмжилж, заасан хугацаанд хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков зам ангиудад шаардлагатай байгаа автомашины асуудлыг судалж, танилцуулах, шинээрээ эвдрээд байгаа зам чигжигчүүдийг буцааж, гэрээг цуцлах үүрэг өгөв. Тэрбээр цааш нь, ирэх өвөл олон жилийн дундажаас 8-10 хэм хүртэл хүйтрэх тухай мэргэжилтнүүд хэлж байна. Иймд өвлийн бэлтгэлийг сайн хангаж, хөдөлмөр хамгааллын хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг тоо ёсоор түгээж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн төлөвлөгөөг тасралтгүй ханган биелүүлэх тал дээр бүх шатандаа анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.
Г.Энхбаатар
