Нүүр Цаг үе Зүүнхараа зангилааны хөдөлгөөнчид зөвлөлдөв
Цаг үе

Зүүнхараа зангилааны хөдөлгөөнчид зөвлөлдөв

G.Press 2 жилийн өмнө 68 үзэлт 0 сэтгэгдэл

 

Тээврийн хяналтын албаны хойд хэсэглэл хариуцсан хяналтын ахлах байцаагч бөгөөд орлогч дарга Б.Энхбаярын санаачилгаар Зүүнхараа зангилааны хөдөлгөөнчдийн зөвлөгөөнийг арваннэгдүгээр сарын 30-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд зангилааны дарга, удирдлагууд, хөдөлгөөнтэй холбоотой аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд оролцлоо. Өмнө нь, уг зөвлөгөөнийг Сүхбаатар, Дархан, Эрдэнэт зангилаанд хийж, энэ удаад Зүүнхараа зангилаанд зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр оролцогчид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ажилтны хөдөлмөрийг хөнгөвчлөх талд авах арга хэмжээ, шинээр хийх ажлын санал, санаачилгыг дэвшүүлж байлаа. Зөвлөгөөний дараа Тээврийн хяналтын албаны хойд хэсэглэл хариуцсан хяналтын ахлах байцаагч бөгөөд орлогч дарга Б.Энхбаяраас цөөн асуултад харилт авав.

-Хөдөлгөөнтэй холбоотой бүх аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан зөвлөгөөн хийх нь их үр дүнтэй байдаг. Хамтын ажиллагаа сайжирч, технологийн үл ойлголцол, зөрчлүүд арилна. Ингэснээр ГТХАБ-ыг хангаж, ээлжийн болон хоногийн ажлын биелэлт ч сайжирна. Бид энэхүү зөвлөгөөнийг Замын хойд хэсэглэлд хэвшил болгож байгаа юм.

 

-Оролцогчид ГТХАБ-ыг хангахтай холбоотой олон санал тавив уу?

 

-Төмөр замын тээвэр хамтын ажил байдаг. Алдаа ч хамтынх. Тиймээс бид эрсдлээ урьчилан харж ярилцаад, шийдэл гаргах нь чухал юм. Энэ зөвлөгөөнөөр найман зүйлээр хөдөлгөөнтэй холбоотой ажилчдын ээлжийн үед гарч буй үл тохирлуудыг хэлэлцлээ. Эдгээр асуудлаар төлөвлөгөө гарган цаашид шийдвэрлэхэд анхаарна. Тухайлбал, орон нутгийн тээврийн бичиг баримтыг цахимжуулах саналыг вагон бичигч гаргалаа. Цахим болгосноор маш их цаас, цаг хугацаа хэмнэнэ гэсэн үг. Хэмнэсэн цаг хугацаагаа хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зарцуулна шүү дээ. Мөн ерөнхий маягтын актыг цахимжуулах санал гарсан. Ер нь, эдгээр ажлыг цахимжуулснаар ажлын давхардал арилна. Хөдөлгөөнтэй холбоотой үндсэн ажилдаа зарцуулах цаг нэмэгдэнэ. Энэ мэт шийдвэл зохих олон санал байна.

 

-Мөн паркийн гэрэлтүүлэг, камержуулалт нэмэх санал гарах шиг болсон?

 

-Тиймээ, ХАБ-ыг хангахад тодорхой хяналт шалгалтууд хийх шаардлагатай байдаг. Өдөр, шөнөгүй парк дээр хүн алхаж эргүүл хийхээсээ илүү 24 цагийн турш камераар хянах нь зүйтэй гэж үзэж буй юм. Камераас бид ажилчдад гардаг хүндрэл болон бусад асуудлыг харж шийдээд явах боломжтой гэсэн санал гарсан. Мөн аюултай бүсийн гарцын асуудлыг ч тавьж байна. Хөрөнгө мөнгөтэй холбоотой ажлыг бид зөвлөгөөнөөр шууд шийдэж чадахгүй ч Замын даргын А/828 тушаалын дагуу хөрөнгийг шийдүүлэх боломж гарах юм. Тиймээс бид ажилчдаас ирсэн саналыг нэгтгэн судалж үзээд шаардлагатайг нь шийдвэрлэх талд дэмжиж ажиллана.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.