Өнгөрсөн долоо хоногт Зүүнхараа хэсэглэлийнхэн ажилтнуудын техникийн мэдлэгийг дээшлүүлэх,харилцан туршлага солилцох тэмцээнийг Баруунхараа өртөөний нэрэмжит болгон зохион байгууллаа.

Тэмцээнд хэсэглэлийн зургаан өртөө, зөрлөгийн ажилтнууд дөрвөн багт хуваагдан мэргэжлийн ур чадвараа сорьцгоосон юм. Тухайлбал, хөдөлгөөнчид замын хэвгий, өртөөний замын ашигтай урт, ивүүрийн тооцоо бодох, мөн орох дохио гэмтэлтэй үед галт тэрэг хүлээн авч явуулах технологит ажиллагаа зэрэг мэдлэг, ур чадвар шаардсан даалгавруудыг биелүүлсэн байна. Түүнчлэн, мэргэжлийн үг хэллэг, холбоо үг таах хөгжөөнт тоглоом зэргээр өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээнд Д.Алтангэрэл ахлагчтай “Ногоон гэрэл” багийнхан тэргүүлж, Х.Баяртуяа ахлагчтай “Сонор” багийнхан удаалжээ. Харин “Тэргүүний мэдлэгтэн”-ээр Түнх өртөөний ачаа тасалбарын нярав-ачаа вагон хүлээлцэгч-мэдээлэгч Б.Ариунгэрэл тодорчээ.

Зүүнхараа хэсэглэлийн хувьд уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн боловч ковидын улмаас сүүлийн жилүүдэд завсарлаад байсныг ийнхүү сэргээжээ. Тэмцээний дүрэм ёсоор дараагийн тэмцээнийг “Тэргүүний мэдлэгтэн” тодорсон өртөө зөрлөгийнхөн өөрийн нэрэмжит болгон зохион байгуулдаг гэнэ. Тэгэхээр ирэх жил уг тэмцээнийг “Түнх” өртөөний нэрэмжит болгон зохион байгуулах юм байна. Зүүнхараа хэсэглэлийн ажилтнууд эл тэмцээнийг ажиллагсдын мэдлэг ур чадварыг бататгах, туршлага солилцох, нөгөө талаар сургалтын нэг арга хэлбэр болгон зохион байгуулж иржээ.