Зүүнхараа өртөөний Хөдөлгөөн цехийнхэн өнгөрсөн онд гологдол, дутагдалгүй ажиллажээ
Зүүнхараа өртөөнд Ган зам сонины уншигч редакцийн уулзалт болж, энэ ташрамд тус өртөөний нэг өдрийн ажил байдалтай танилцах завшаан тохиолоо. Зүүнхараа өртөөнийхөн 2024 оныг амжилт бүтээлээр дүүрэн үджээ. Өртөөний дарга Ц.Алтанхуяг нь УБТЗ-д 33 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны ажил үйлсээрээ “УБТЗ-ын шилдэг дарга”-аар шалгарсан нэгэн аж.
Хөдөлгөөн цех нь өнгөрсөн онд гологдол дутагдалгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж, байгууллагынхаа аварга цехээр тодорсон байна. Өртөөний 106 төмөр замчин ээлжлэн 24 цагийн турш ард иргэддээ үйлчилж, өдөр, шөнөгүй дамжин өнгөрөх ачаа тээврийг гологдол, осолгүй, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, ачааны бүрэн бүтэн байдлыг ханган галт тэрэгний зурмагийн тасалдалгүй ажиллаж байна. Мөн өртөөнийхөн их завсар хийж өнгө зүсээ засжээ. Хөдөлгөөн цехийн барилгын дээвэр, дотор заслыг хийж гүйцэтгэсэн байна. Вокзалын ажилчдын хувцас солих өрөө, гурван амрах өрөөг тохижуулж, ажилчдынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх төхөөрөмж суурилуулжээ. Энэ өдөр жижүүр Энхболд, оператор Отгонцэцэг нар ажил үүргээ гүйцэтгэж, Зүүнхараа өртөөний орлогч дарга П.Сүхболдод цаг үеийн байдлыг танилцуулж, дохиолол холбоо хэвийн, орон нутгийн зам хоёр талдаа зөрчилгүй тайван байгааг илтгэв. Хөдөлгөөн цехийн хоёрдугаар давхрын гол хэсэгт шинэ залуу ажилчдад үлгэр дууриалал, бахархах сэдлийг төрүүлэх үүднээс тус цехээс гарсан алдартнуудын булантай болжээ. Алдрын буланд Зүүнхараа өртөөнөөс төрөн гарсан Замын мэргэжлийн аваргуудын хөрөг зургийг байршуулжээ. Өнгөрсөн хугацаанд энэ өртөөний Хөдөлгөөн цехээс нийт Замын мэргэжлийн арван аварга төржээ. Мөн өртөөний хамт олны гаргасан амжилт өргөмжлөл, цомоо байрлуулсан байна. Энэ буланд нэмж өртөөний танилцуулга, мэдээ мэдээллийг орчин үеийн шийдэл, технологи ашиглаж хийхээр төлөвлөжээ.
Энэ онд Түнх, Баруунхараа хэсэглэлийн хоёр өртөөнд их засвар хийгдэнэ. Түнх өртөөнд дээвэр, дотоод засвар хийх аж. Баруунхараа өртөөний 00-ийг засварлах, гадаад засварын ажлыг Барилга ашиглалт үйлчилгээний ангиар хийлгэхээр захиалгаа өгчээ. Зүүнхараа өртөөнд хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаг ч харьцангуй залуу төмөр замчидтай болжээ. Хөдөлгөөнтэй холбоотой 14 ажилтан тэтгэвэрт гарсан бол өртөөний жижүүрүүд 2026 оноос гавьяаны амралтаа эдэлцгээх ажээ. Дараа, дараагийн шинэ ажилтнаа бэлтгэхээр өртөөний дарга Ц.Алтанхуяг зөвлөмж гаргаж, Удирдах зөвлөлөөр хэлэлцэн ажил хэрэг болгон ажиллаж байна.
Шуурхай ажил хариуцсан орлогч дарга П.Сүхболд Замын хэмжээнд 2024 оны аюулгүй байдлын манлайлагч ажилтнаар шалгарсан байна. Тэрбээр 2010 оны 11 дүгээр сард анх Зүүнхараа өртөөнд ажилд орж, холбогч, найруулагч туслах болон өртөөний жижүүр зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга, хоёрдугаар хэсгийн байцаагчаар ажиллаж байжээ. Мөн Замын-Үүд, Сайншанд хэсэглэлд зургадугаар хэсгийн байцаагч, Дархан, Сүхбаатар хэсэглэлд нэгдүгээр хэсгийн байцаагч, Зүүнхараа өртөөнд Ерөнхий инженер, Шуурхай ажил хариуцсан орлогч даргаар 2023 оны зургадугаар сараас хойш ажиллаж байна. 2006-2010 онд ТЗДС-ийг тээврийн менежментийн мэргэжлээр төгссөн залуу боловсон хүчин юм. Түүнтэй товч ярилцав.
-Аюулгүй байдлын манлайлагч ажилтныг ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ?
-Гол үндсэн үзүүлэлт нь өртөөний жижүүрийн цаасан анхаарамжийг цахим программад шилжүүлсэн. Төслийг өнгөрсөн онд танилцуулж, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн дэмжиж, бүх албадын удирдлагуудыг оролцуулсан хурал хийж, ажлын хэсэг байгуулсан. Туршилт хийснээр 2025 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс цахим анхаарамж Замын хэмжээнд нэвтэрч хэрэгжээд явж байна. УБТЗ ХНН-т эдийн засгийн хувьд жилдээ 379 сая төгрөг хэмнэхээр төсөл болсон. Бичгийн цаас болон дэвтрийн хэрэглээг 90-ээс дээш хувиар бууруулж байгаа давуу талтай. Хамгийн гол нь өртөөний жижүүр цаасан анхаарамжид 2-3 цаг зарцуулж, гараар бичиж, урж нааж, дамжуулж бичдэг байсан. Цахимд шилжсэнээр энэ бүх ажиллагаа байхгүй болж зөвхөн программ дээрээс хэвлэж олгодог болсон нь хөдөлмөр хөнгөвчилсөн төсөл болсон. Тодруулбал, өмнө нь цаасан анхаарамжийг Зам ангийн ажилтан бичиж хэвлэн даргаар гарын үсэг зуруулаад холбоонд өгч холбоо нь дахин компьютерт шивээд өртөө дамжуулагчаар өртөөнд өгөөд тэрийг нааж, урж бичээд дахин компьютерт шивээд баланкан дээр гаргадаг байсан. Харин одоо анхны шивсэн ажилтнаасаа илгээгдэж ирнэ гэсэн үг.
-Шинээр боловсруулж хийхээр төлөвлөсөн төсөл ажлууд байгаа юу?
-Төлөвлөгөө байгаа, эхнээсээ хэрэгжүүлээд эхэлсэн. Цаасан анхаарамжийг шинэчлэх тушаалын ажлыг нэгдүгээр хэсгийн байцаагч байхдаа хийгээд А626 тоот тушаалаар батлуулсан. Дараа нь цахим анхаарамжийн төслийг бичээд одоо хэрэгжээд явж байгаа. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлийг бууруулах чиглэлээр хөдөлгөөний бичиг баримтуудыг цахимд шилжүүлэх талаар төслөө бичиж байгаа. Өмнөх төслийг бичихэд зургаан сарын хугацаа зарцуулсан. Зам сум дохиолол төлөвлөлт хориглолын байгууламжийн үзлэгийн дэвтрийг цахимд шилжүүлэхээр төслөө бичиж байна. Галт тэрэгний диспетчер, өртөөний жижүүр хоорондоо дээрээс өгөгддөг тушаал захирамжуудыг нэгтгэсэн зааврыг боловсруулаад явж байна. Зааврыг Тээвэр зохион байгуулалтын албаны Захиран хуваарилах хэлстийн дарга Б.Болдбаяртай хамтран хийж байна. Албадын хамтарсан комиссоор хэлэлцүүлж, Замын даргын тушаал болгон гаргах саналыг танилцуулаад байна.
-Товч ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
