Нүүр Цаг үе Зүтгүүрийн хоногийн парк 56-д хүрэхгүй байна
Цаг үе

Зүтгүүрийн хоногийн парк 56-д хүрэхгүй байна

G.Press 8 сарын өмнө 50 үзэлт 0 сэтгэгдэл

         

Замын 39 дэх долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. Өмнөх долоо хоногт гологдолгүй ажилласан бол энэ долоо хоногт Ерөө-Орхон хоорондын замын 63 дугаар км-ийн 10 дугаар зуутын гүүрэн дээр зорчигчийн галт тэргэнд мал дайрагдсан нэг гологдол гарчээ. Дутагдлын хувьд зүтгүүр эвдэрч тусламж дуудсан дөрөв, Замын аж ахуйн албанд хоёр, бусдаар нэг гээд нийт долоон дутагдал бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол дөрөв, дутагдал 160 нэгжээр тус тус буурсан хэдий ч гарч буй дутагдлын дийлэнхийг зүтгүүрийн эвдрэл эзэлж буйг Замын удирдлагууд шүүмжилж байлаа. Тухайлбал, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан “Зүтгүүрийн хоногийн паркийг 56-д хүрч чадахгүй байна. Зарим үед 51.5-52 хүртэл буурч байгаа. Зүтгүүрээ бүрэн засварлалгүй бэлэнд өгч, тэр нь хоорондын замд эвдрэх тохиолдол их гарч байна” хэмээн шүүмжлэв.

Өнгөрсөн долоо хоногт 92 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос дөрвөөр буурсан үзүүлэлт бөгөөд 14 радио галт тэргийг мөрдүүлэн аялуулж, дөрвөн галт тэрэг саатсан байна.

Оны эхнээс есдүгээр сарын 25-ныг дуустал 23 сая 805.6 мянган тонн ачаа тээвэрлэсэн буюу 96.3 хувийн биелэлттэй байна. Энэ хугацаанд 16 сая 767 мянган тонн ачиж төлөвлөгөөг 96.1 хувиар биелүүлжээ. Тайлант долоо хоногт орон нутгийн 232400, транзит 123900, экспорт 229200, импорт 74100 тонн буюу нийт 659600 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 30100 тонноор илүү үзүүлэлт аж.

Дотоодын нүүрс тээвэрлэлтийн хувьд “Багануур” ХК төлөвлөгөөнөөс гурван вагон илүү буюу 4778, “Эрдэнэт үйлдвэр” 45 вагон илүү буюу 720 вагон ачжээ. Харин “Шивээ-Овоо” ТЭЦ-4 захиалга буурсан, хангалт оройтсон зэрэг шалтгаанаар төлөвлөгөөнөөс 104 вагоноор дутуу буюу 2645, “Шарын гол” ХК уурхайн нүүрсний гаралт муу, бороо их орж нүүрс норсон, дамжлага засварласан, гагнуур хийсэн зэрэг шалтгаанаар 272 вагон дутуу буюу 1653 вагон ачсан байна. Энэ сарын 25-ны байдлаар ТЭЦ-2, 3, 4, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт ТЭЦ, Дархан ТЭЦ, Амгалан ТЭЦ бүгд 14-70, нийт 216 хоногийн нөөцтэй байгаа аж.

Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 6100 вагон буулгасан буюу төлөвлөгөөнөөс 206, хоногт дунджаар 29 вагон илүү буулгажээ. Хэсгийн хурд 39 км/цагийн төлөвлөгөөг 38.64 км/цагаар биелүүлэн -0.34 км/цагаар дутуу, өмнөх долоо хоногоос -0.65 км/цагаар удааширсан байна. Өнгөрсөн долоо хоногт зурмагийн тасалдлаас шалтгаалсан 15 галт тэрэг 1068 минут зогсож, хэсгийн хурдыг 0.2 км/цагаар удаашруулжээ.

Галт тэрэгний дундаж жин өнгөрсөн долоо хоногт 3293.62 тонн болж, төлөвлөгөөнөөс +93.62 тонноор давж, өмнөх долоо хоногоос +17.22 тонноор нэмэгдсэн байна.

Зүтгүүрийн бүтээмжийн хувьд 39 дүгээр долоо хоногт 1368.9 мянган бохир тонн/км-ээр биелүүлж, төлөвлөгөөнөөс -101.1 мянган бохир тонн/км-ээр, өмнөх долоо хоногоос -0.2 мянган бохир тонн/км-ээр дутуу байна. Вагон эргэлтийн хувьд тайлант хугацаанд тав хоногийн төлөвлөгөөтэй ажиллаж 5.5 хоногоор биелүүлжээ.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар өнгөрсөн долоо хоногт 112 галт тэрэг /694.8 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /688.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 16 галт тэрэг болсон байна.

Нарийн царигаар мөн галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, хоногт дунджаар найман галт тэрэг солилцжээ. Тодруулбал, тайлант долоо хоногт 56 галт тэрэг /426 вагон/ хүлээн авч, 56 галт тэрэг /436.5 вагон/ хүлээлгэн өгсөн байна. Сүхбаатар-Наушкиар 54 галт тэрэг /345.4 вагон/ хүлээн авснаар хоногийн дундаж нь 7.7 галт тэрэг болжээ. Харин 56 галт тэрэг /349.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь зорилтот найман галт тэргэндээ хүрсэн байна. Тайлант долоо хоногт хилийн галт тэрэг солилцоо өмнөх долоо хоногоос давсан үзүүлэлттэй байлаа.

39 дүгээр долоо хоногт чингэлгийн 81 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос гурваар, оны эхнээс нийт 2792 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 407 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги өнгөрсөн долоо хоногт транзитын 2363, импортын 711 чингэлэг шилжүүлэн ачжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос импорт +340 чингэлгээр давж, транзит -154 чингэлгээр буурсан үзүүлэлт юм. Одоогийн байдлаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 1716 чингэлэг, экспортын 2041 вагон ачаа байгаа аж. Экспортын ачааг төрлөөр нь авч үзвэл төмрийн хүдэр 1079, жонш 452, зэсийн баяжмал 144, нүүрс 343, тэжээл 23 вагон байна.

Зүүнбаянгаас ачих мидлинг болон Эрээн өртөөнөөс тээвэрлэх 306 мянган тонн хөх нүүрс буюу коксын тээврийг шуурхай зохион байгуулах үүргийн Замын дарга өгсөн. Үүний дагуу есдүгээр сард нийт гурван галт тэрэг буюу 6685.96 тонн хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээж авчээ.

Мидлингийн тээврийн хувьд есдүгээр сард зургаан галт тэрэг буюу 16053 тонныг Цогтцэций өртөөнөөс хүлээж аваад байгаа аж.

Мөн хурлаар Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанаас тайлан тавилаа. Есдүгээр сарын 29-ний байдлаар ЗТЯ-аар 632.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 454 тендерийн төлөвлөгөөг батлуулсан байна. Батлагдсан төлөвлөгөөний дагуу 286 /487 багц/ тендерийн худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зохион байгуулж байгаа аж.

Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн зүтгүүрийн засварын чанарт анхаарч, хоногийн паркийг 56 зүтгүүрт барих үүргийг Зүтгүүрийн аж ахуйн албанд өглөө. Мөн СИРДП-Е систем нэвтрүүлснээр зүтгүүрийн бүтээмж хэдэн хувиар нэмэгдсэн, уг системийн сул болон давуу тал зэрэг бодит мэдээллийг гаргаж өгөхийг СИРДП-Е хэлтэст даалгасан бол сэлгээний хоёр шинэ зүтгүүр худалдан авах гэрээ байгуулах болон тендерээр авч буй бусад худалдан авалтуудыг шуурхай зохион байгуулж, асуудал тулгарвал цаг алдалгүй мэдэгдэж байхыг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны даргад үүрэг болголоо.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.