Зүтгүүрийн аж ахуйн албаны харьяа татах хэсгүүд  өвлийн тээврийн бэлэн байдлаа хэрхэн хангаж буй талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

 

Дархан татах хэсэг

Ерөнхий инженер Г.Хишигбаатар

-Манай татах хэсгийн хэмжээнд энэ онд барилга байгууламжтай холбоотой 16, тоног төхөөрөмж, машин механизмтай холбоотой зургаа, илчит тэргийг өвлийн тээвэрт бэлтгэхтэй холбоотой хоёр, ХАБЭА-тай холбоотой тав гээд нийт 32 ажил төлөвлөсөн. Одоогоор өвлийн тээврийн бэлтгэл ажил 20 хувьтай хангагдаж байна. Төлөвлөсөн хугацаа нь хараахан болоогүй найман ажил гүйцэтгэлийн шатандаа хэрэгжиж байгаа. Эдгээр ажлыг наймдугаар сар болон ирэх есдүгээр сард бүрэн дуусгана. Тухайлбал, “Анхны өвөлжигч”-дөд зориулсан сургалтыг энэ сарын 25-наас эхлүүлнэ. Мөн ирэх есдүгээр сараас илчит тэрэгнүүд болон тээврийн хэрэгслүүдийг өвлийн тээвэрт бэлтгэх комиссын үзлэг зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийнэ. Дээрх ажлыг гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй. Бид халаалт, дулааны шугамын засварын ажлыг есдүгээр сард гүйцэтгэхээр төлөвлөсөн байсан ч энэ сардаа бүрэн хийж гүйцэтгэхээр байна. Манай хамт олон саяхан Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргаар ахлуулсан улирлын үзлэгт амжилттай шалгууллаа. Үргэлжлүүлээд Замын даргын намрын үзлэг хүртэл бидний өмнө хийж бүтээх олон ажил хүлээж байна.

 

Улаанбаатар татах хэсэг

Ерөнхий инженер  Г.Аюурбуниа

- Улаанбаатар төмөр замын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар өнгөрөгчтавдугаар сарын 13-нд Улаанбаатар төмөр замын даргын А/553 тоот батлагдсан. Тус тушаалын дагуу Улаанбаатар татах хэсгээс 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар Барилга сантехникийн чиглэлээр 13, тоног төхөөрөмжийн чиглэлээр зургаа, засварын чиглэлээр нэг, ХАБЭА,сургалтын чиглэлээр гурав, ТНТС,Сэргээн босгох галт тэрэгний чиглэлээр 14 ажил гээд нийт 37 ажил хийхээр төлөвлөсөн. Эдгээрээс Депогийн барилгын цэвэр усны шугам солих, СБГТ-ний ажилчид байрлах барилгын халаалтыг төвийн халаалтад холбох, соёлын төвийн байранд халаалт нэмэлтээр шинээр хийх ажлуудыг бүрэн гүйцэтгээд байна.Ер нь, Улаанбаатар татах хэсгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлт энэ сарын 16-ний байдлаар 60 хувийн биелэлттэй байна. Үлдсэн ажлуудын хугацаа арай болоогүй учраас төлөвлөгөөний дагуу гүйцэтгээд явна.

Энэ удаагийн төлөвлөгөөнд тусгагдсан нэг том ажил бол хурдын бойлерыг ялтсан бойлероор солих ажил. Уг ажлын төсвийг өнгөрөгч тавдугаар сарын 01-нд Замын ерөнхий инженерээр батлуулж тендерийн ажлыг зарлуулахаар  Худалдан авах ажиллагаа борлуулалтын албанд өгч тендерийг зургадугаар сарын 23-нд зарлаж, долдугаар сарын 24-нд нээсэн боловч оролцсон хоёр компани манай техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй. Иймд  дахин нээлттэй тендерийг энэ сарын10-нд зарлаж,есдүгээр сарын 11-ний өдөр тендерийг нээхээр ажиллаж байна. Нээлттэй тендерт компани шалгарвал өвлөөс өмнө энэ ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Мөн Улаанбаатар татах хэсгийн хэмжээнд 2023-2024 оны анхны өвөлд ажиллах 150 орчим ажилтан байгаа. Энэ хүрээнд Замын даргын тушаалын дагуу сургалтын ажлыг ирэх аравдугаар сарын 01-ны дотор зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн, илчит тэргийг өвлийн тээвэрт бэлтгэхээр УБТЗ-ын даргын А/738 тоот тушаал 2023 оны энэ сарын 16-нд гарсан. Энэ хүрээнд ирэх есдүгүээр сарын 04-нөөс арваннэгдүгээр сарын 06-ны хооронд манай татах хэсгийн данстай 53 зүтгүүр буюу 91 секцийг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэхээр илчит тэрэгний засварын ажилд шаардлагатай сэлбэг, материал, арчиж, тослох материалуудыг татаж нөөцлөх, захиалгын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

 

Сайншанд татах хэсэг

Ерөнхий инженер Д.Тулга

 

-Сайншанд татах хэсгийн хэмжээнд 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлаар нийт 44 ажил төлөвлөн ажиллаж байна. Наймдугаар сарын 15-ны байдлаар 31.8 хувийн биелэлттэй. Төлөвлөгөөгөөр 6,7,8 дугаар саруудад гүйцэтгэх 14 ажлын 11-ийг нь бүрэн хийж 78 хувийн биелэлттэй байна. Тухайлбал, машинч нарын цайны газар болон татах хэсгийн давхрын өрөөнүүдийн хаалт солих, комиссын үзлэгийн сэлбэг материалын захиалга, татан авалтын ажлууд одоо ид өрнөж байна. Түүнчлэн,  “Шинэ ажилтны анхны өвлийн сургалт” болон   “Илчит тэргийг өвлийн тээвэрт бэлтгэх” тушаалын сургалтуудыг энэ сарын 17-30-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн.Өвлийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хүндрэл бэрхшээлтэй зүйл одоогоор гараагүй,ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

 

Б.Дэлгэрхишиг