2025 оны "Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн дүнгийн хурал" боллоо. Хурлыг Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан удирдаж, "Тээврийн ашиглалтын ажлын үндсэн үзүүлэлтүүдийн биелэлт", "Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлт, дүн шинжилгээ", "Хөдөлгөөний аюулгүй байдал", "Хөдөлмөрийн сахилга"-ын талаар холбогдох албаны удирдлага, мэргэжилтнүүдийн тавьсан илтгэлийг сонсож хэлэлцэв. “УБТЗ” ХНН нь 2025 оны 12 дугаар сард 3.2 сая тонн, 2025 онд 33.7 сая тонн ачаа тээвэрлэж, тээврийн төлөвлөөг 104.7 хувиар биелүүлэн түүхэн амжилт тогтоосон. Мөн дамжин өнгөрөх чингэлгийн тээвэр 3850 галт тэрэг болж өнгөрсөн оноос 706 галт тэргээр нэмэгдсэн байна. Анх удаа Сүхбаатар - Наушки хилийн боомтоор 9.4 сая тонн ачаа, Замын-Үүд - Эрээн хилийн боомтоор 18.3 сая тонн ачаа тээвэрлэлээ. Тээврийн хэмжээг нэмэгдүүлж ажиллахдаа тоо, чанарын үзүүлэлтийг бүрэн биелүүлж, өмнөх оноос зурмагийн тасалдлыг 168 нэгжээр, гологдлыг 2 нэгжээр, дутагдлыг 40 нэгжээр, багц дүрэм, технологи, тушаал даалгавар биелүүлээгүй зөрчлийн хэмжээг тус тус бууруулж ажилласан нь тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д. Амарбаясгалан хурлын төгсгөлд онцлон тэмдэглэлээ. Хурлын төгсгөлд 2025 онд зурмагийн биелэлт, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан салбар нэгжийн зарим ажилтнуудыг шагнаж урамшуулав.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.