Нүүр Эрүүл мэнд Зөв эм-зөв хүн-зөв тун-зөв хугацаа-зөв хэрэглээ
Эрүүл мэнд

Зөв эм-зөв хүн-зөв тун-зөв хугацаа-зөв хэрэглээ

G.Press 2 цагийн өмнө 8 үзэлт 0 сэтгэгдэл

Сэрүүний улирал эхэлж, өвчлөл болон эмийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан УБТЗ-ын Төв эмнэлгийн Эм зүйн тасгийн эрхлэгч Э.Гармаатай ярилцлаа.

-Эмийн хэрэглээтэй буруу ойлголтуудын талаар мэдээлэл өгөөч?

 -Орчин үед эмийн талаарх мэдээллийг олон төрлийн эх сурвалжаас авах боломжтой болсон. Гэвч эмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэх, бусдын зөвлөснөөр сонгох, антибиотикийг зохисгүй хэрэглэх, эмчилгээний хугацааг өөрчлөх зэрэг нь байсаар байна. Хамгийн түгээмэл алдаа өөрт илэрсэн шинж тэмдэг дээр үндэслэн эмийг өөрөө сонгон хэрэглэдэг. Мөн өмнө нь хэрэглэж байсан эмээ ижил төстэй шинж тэмдэг илрэхэд дахин хэрэглэх, бусдын зөвлөсөн эмийг уух, тунг өөрөө нэмэх, хасах, биеэ сайжирмагц эмчилгээг зогсоох зэрэг тохиолдол элбэг. Ялангуяа, олон төрлийн эм хэрэглэж байгаа өвчтөн эмийн харилцан үйлчлэлийн талаар анхаарах хэрэгтэй. Иймээс эмийн нэрийг мэдэхээс гадна тун, хэрэглэх давтамж, хугацаа, гаж нөлөө болон бусад эмтэй харилцан үйлчлэл зэрэг мэдээллийг мэддэг байх нь чухал. Эмийн талаарх мэдээллийг эмч, эм зүйч болон найдвартай мэргэжлийн эх сурвалжаас авах нь зөв. Мэдээлэл авах боломж нэмэгдсэн нь сайн талтай ч интернэтийн мэдээлэл бүгд үнэн зөв байдаггүй. “Бүх өвчнийг эмчилнэ”, “ямар ч гаж нөлөөгүй”, “эмчид үзүүлэх шаардлагагүй” гэх мэт баталгаагүй мэдээлэлд болгоомжтой хандах хэрэгтэй.

-Эцэг эхчүүдийн дунд “Өмнө нь энэ эмийг уугаад эдгэрсэн, одоо бас хэрэглэчихье” гэх яриа байдаг?

-Ижил шинж тэмдэг илэрсэн ч шалтгаан нь заавал ижил байдаггүй. Жишээлбэл, халуурах, ханиалгах, хоолой өвдөх шинж тэмдэг олон төрлийн өвчний үед илэрч болно. Өмнө нь хэрэглэсэн эм тухайн үед тохирсон байлаа гээд дараагийн удаа мөн адил тохирно гэсэн үг биш. Ялангуяа, хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй болон олон төрлийн эм хэрэглэдэг хүмүүс заавал эрүүл мэндийн байгууллагад хандаж, шаардлагатай тохиолдолд эмчийн үзлэг, оношилгоонд үндэслэн эмчилгээ хийлгэх нь хамгийн зөв. Хэн нэгэн хүн тухайн эмийг хэрэглээд үр дүнтэй байсан нь өөр хүнд адилхан үйлчилнэ гэсэн үг биш. Хүн бүрийн өвчин, биеийн онцлог, хэрэглэж буй бусад эм өөр.

-Хүүхдэд эм өгөхдөө юуг анхаарах вэ?

-Хүүхдийн эмийн хэрэглээнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хүүхдийн эмийн тун нь нас, биеийн жин, өвчний байдал болон тухайн эмийн онцлогоос хамаарч ялгаатай байж болно. Тиймээс эмийн хайрцаг эсвэл сав дээр нь хэрэглэх тун, цаг, хэмжээг тодорхой бичиж авах эсвэл эмчийн жорыг сайн асууж тайлбарлуулж авах хэрэгтэй. Насанд хүрэгчдийн эмийг хувааж хүүхдэд өгөх, том хүүхдийн тунг бага хүүхдэд өгөх зэрэг үйлдлийг дур мэдэн хийж болохгүй. Мөн шингэн хэлбэрийн эмийн (суспенз, сироп) тунг гал тогооны халбагаар хэмжихээс илүүтэй эмийн зориулалтын хэмжих хэрэгсэл ашиглах, өгөхөөсөө өмнө сайтар сэгсэрнэ. Боломжтой бол хэт олон төрлийн эмийг нэг дор давхардуулан өгөхгүй байх хэрэгтэй. 

-Хэрвээ ямар нэг эм хэрэглэсний дараа гаж нөлөө илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Эм бүр, хүн бүрд ижил нөлөө үзүүлэхгүй. Зарим тохиолдолд л эмийн гаж нөлөө илэрч болно. Хэрэв эм хэрэглэсний дараа өмнө нь байгаагүй шинж тэмдэг илэрвэл эмч, эм зүйчдээ мэдээлэх хэрэгтэй. Харин амьсгал давчдах, нүүр ам орчим хавагнах, ухаан балартах зэрэг ноцтой шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Гаж нөлөө илэрсэн үед эмийг дур мэдэн өөр эмээр солихгүй, мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөж байна.

-Жоргүй эм гэдэг нь аюулгүй гэсэн үг үү?

-Жоргүй олгогддог эм гэдэг нь ямар ч эрсдэлгүй гэсэн үг биш. Жоргүй эмийг ч зөв тунгаар, зөв хугацаанд, зааврын дагуу хэрэглэх шаардлагатай. Ялангуяа хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй хүн болон олон төрлийн эм хэрэглэдэг хүмүүс жоргүй эм хэрэглэхдээ эмч, эм зүйчээс маш сайн зөвлөгөө авах нь зүйтэй.

-Эмийн зохистой хэрэглээг бий болгоход иргэн өөрөө ямар үүрэгтэй вэ?

-Өөрийн эрүүл мэндэд хариуцлагатай хандах ёстой. Хэрэглэж байгаа эмийн нэр, тун, хэрэглэх хугацааг мэддэг байх, эмч болон эм зүйчийн зөвлөгөөг ойлгож авах, эмийн зааврыг унших, өөрийн эмийг бусдад дамжуулж хэрэглэхгүй байх. Мөн “Надад сайн үйлчилсэн” гэж өөр хүнд санал болгохгүй байх хэрэгтэй.

-Эмийг зөв хадгалах нь зохистой хэрэглээтэй ямар холбоотой вэ?

-Эмийн чанар, аюулгүй байдалд хадгалалт чухал нөлөөтэй. Эм бүр өөрийн хадгалалтын нөхцөлтэй байдаг. Зарим эмийг тасалгааны температурт, зарим нь хөргөгчинд хадгалах шаардлагатай байж болно. Тиймээс эмийн савлагаа болон зааварт бичсэн хадгалалтын нөхцөлийг заавал мөрдөх нь зөв. Мөн хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах, хугацаа нь дууссан бол хэрэглэхгүй байх, эмийг өөр саванд хийж, нэрийг нь сольж хадгалахгүй байх нь чухал.

 

М.Жаргалмаа

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.