Олон улсын “Зохистой хөдөлмөр” аяны хүрээнд “Нийгмийн даатгал, татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдэвт сургалт өдөрлөгийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой хамтран өнгөрсөн Пүрэв гарагт МҮЭСТО-нд зохион байгууллаа. Өдөрлөгт УБТЗ-ыг төлөөлж Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Б.Алтанхуяг, Ахмадын холбооны гүйцэтгэх захирал Ч.Цогтбаяр болон НДЕГ ын дарга Б.Батжаргал, БГД-ийн НДГ-ын дарга Б.Ариунболд нар оролцлоо.
Мөн УБТЗ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд, ахмадууд, оюутнууд хамрагдсан юм. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулах болсон гол шалтгаан нь 2026 оны зургадугаар сард татварын болон ХХОАТ ын хуулинд орсон өөрчлөлтүүд, мөн долдугаар сард Нийгмийн даатгалын багц хуулиудад орсон өөрчлөлтийг сурталчлан таниулах зорилготой.
Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Б.Алтанхуяг орж ажиллахдаа төмөр замчдын хөдөлмөрийн хэвийн бус, хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын насыг нэмэх эрсдэл байсныг мөн, төмөр замын ЦХОБА-ны албан хаагчид 25 жил ажиллаад гавьяандаа гардаг бол үүнийг хасах тухай хуулийн төслүүд дээр оруулж ирсэн байсныг цуцлуулах, өөрчлөлт оруулах зэрэгт МТЗ-чдын ҮЭХ-оос тодорхой акц тавьж, албан шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал хийх зэргээр ажилласны хүчинд төмөр замчдад ээлтэйгээр батлагдсан хууль боллоо гэж үзэж байгаа аж. УИХ-ын ажлын хэсэг байгуулагдахад төмөр замчдын төлөөлөл ажиллаж, төмөр замчдынхаа эрх ашгийг хамгаалж үлдэж чаджээ.
.Алтанхуяг, “Манай төмөр замчдад нийгмийн даатгал болон ХХОАТ-ын шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал, он гарангуут хэрэгжих, байр худалдан авсан бол ХХОАТ тооцож байрны хөнгөлөлт авахаар бичиг баримт бүрдүүлэх, оюутны сургалтын төлбөр, татварын хөнгөлөлт авах бол бичиг баримт бүрдүүлэх, гавьяаны амралтаа эдлэх эрх үүсэх үед орсон гарсан тушаалуудаа шүүж, буцаагддаг, архиваас шүүдэг, харьяа НДХ рүүгээ очиж долоо хоногт 2-3 удаа ажлаасаа чөлөө авч очдог байсныг нэгтгээд энэ өдөрлөгөөр таниулж танилцуулъя гэж МТЗ-чдын ҮЭХ-оос санаачлан зохион байгуулж байгаа юм” гэлээ. Төмөр замд хүн ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг нь бичиж, технологи ажиллагааг гардан хийдэг нь хүний нөөцийн мэргэжилтнүүд юм. Тиймээс ч ажил мэргэжлийн тодорхойлолт, албан тушаалын нэршлийн зөрүү гарахад үүдсэн маргаан хүний нөөцийн ажилтнуудтай холбоотой. Нөгөө талд нь цалин хөлсийг нь зөв буруу бодсон зэрэг маргаан гардаг. Тиймээс 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих эхлэх энэ хуулийн өөрчлөлтийг илүү нарийвчилж, мэргэжлийн түвшинд хүний нөөцийн ажилтан болон нягтлангуудад танилцуулж байгаа аж.
Сургалт өдөрлөгийн үеэр БГД-ийн Нийгмийн даатгалын газраас УБТЗ ХНН-ийг Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмрээ оруулсныг үнэлж, “Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллага” өргөмжлөлийг гардуулав. Мөн НДЕГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Улаанбаатар татах хэсгийн санхүүгийн ажилтан Д.Алтангэрэл, “Жуух бичиг”-ээр Зорчигчийн вагон депогийн санхүүгийн ажилтан Д.Энхтуяа нарыг шагнасныг гардуулж баяр хүргэсэн юм.
Энэ талаар УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, “УБТЗ ХНН хамгийн том ажил олгогч, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байгууллага. Өнөөдөр нийгмийн даатгалын санд ажил олгогч цалингийн сангаасаа, ажилтан авсан цалингаасаа хоёр талаасаа шимтгэл төлж бүрдүүлдэг. Энэ бүрдүүлсэн шимтгэлээр тэтгэвэр, халамж, тэтгэмж бүрдэж буй. Энэ өргөмжлөл бол 16 мянган төмөр замчны улс нийгэмдээ төлж буй татварыг үнэлж, хугацаандаа тогтвортой хувь нэмрээ оруулж байгааг үнэлж олгосон гэж ойлгож байна. УБТЗ зөвхөн 2025 онд гэхэд л нийгмийн даатгалд 193 тэрбум төгрөг төлсөн бол, ХХОАТ-т 60 тэрбум төгрөгийг төлсөн байна. Зөвхөн энэ оны эхний зургаан сарын байдлаар 93 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалд төлжээ. Даатгалд төлж байгаа мөнгө бүхэн ирээдүйн тэтгэвэр тэтгэмж болно, нөгөөтэйгүүр ажилтнуудын нийгмийн даатгалын санд орж байгаагаараа ирээдүйн амьдралын баталгаа болж байна” хэмээн онцоллоо. Үнэхээр ч УБТЗ Баянгол дүүрэг төдийгүй төмөр зам дагуух бүхий л аймаг сум, Улаанбаатар хотын дүүргүүдэд хамгийн том тогтвортой татвар шимтгэл төлөгч яах аргагүй мөн билээ. Нийгмийн даатгал, татварын багц хуулийн төсөл дээр 2027 оноос шимтгэлийн хувь хэмжээг тооцож дунджийг жил жилээр нэмэгдүүлье гэсэн санал орж ирсэн ч ҮЭ-ийн төлөөлөл төмөр замчид шиг сар бүр зөвхөн цалингаас өөр орлогогүй ажилтнууд шимтгэл төлөөд явахаар сүүлийн таван жилийнхээ цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь хохиролтой гэж үзжээ. Гэтэл өөр салбарын эсхүл насаараа ажил хөдөлмөр эрхлээгүй хүн сүүлийн таван жил маш өндөр татвар төлж 20,30 жил шимтгэл төлсөн хүнээс илүү тэтгэвэр тогтоолгож байгаа нь шударга ёсонд нийцэж байна уу, үгүй юу гэх асуудал гарч ирнэ. Тиймээс таван жил гэсэн шалгуурыг нэмэгдүүлэх эсэх тухай асуудал яригдаж эхэлсэн аж. Мөн өмнөх хуулиар 1979 оноос өмнө төрөгсөд тэтгэврийн нэрийн данс болон цалингийн дунджийн аль дуртайгаараа тэтгэврээ тогтоолгох боломжтой байсан. Гэтэл энэ хугацаанд улсын хэмжээнд дөрөвхөн хүн нэрийн дансны аргаар тэтгэврээ тогтоолгосон байна.
Нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгоогүй шалтгаан нь цалингийн дунджаар тэтгэврээ тогтоохоор мөнгө нь бага бодогдож байсантай холбоотой. 2022 оны хуулийн өөрчлөлтөөр 1979 оноос хойш төрөгсөд цалингийн дунджийн бодлого байхгүй шууд нэрийн дансны аргаар бодогддог болсон. Хэдий нэрийн данс гэж нэрлээд байгаа боловч иргэдийн дунд миний төлсөн шимтгэл дансандаа байж байгаад тэрийгээ буцааж авна гэсэн ойлголттой байсан. Гэвч тийм биш, тэр сангаас авах тооцооллын арга нь нэрийн дансны арга байсан. Нэг ёсондоо таны нийт хугацаанд төлсөн шимтгэлийг ажилласан хугацаанд чинь ногдуулаад л хэдэн төгрөгийн татвар тогтоолгоод л сангаас авна гэсэн зарчим. Гэтэл энэ нь 2026 оны хууль хэлэлцэж байх үеэр цалингийн аргаар тогтоосон тэтгэврээс нэрийн дансны арга нь улсын хэмжээний дундаж нь 20-30 хувь буурах эрсдэл үүсжээ. Тиймээс хэрэгжилтийн хугацааг 2027 оноос хойшлуулжээ. 1979 онд төрөгсөд магадгүй 50 настай хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах боломжийг хангаж, энэ хуулийн хэрэгжилтийг 2029 он хүртэл түр хойшлуулж, 2027, 2028 онуудад одоо мөрдөгдөж буй таван жилийн дунджаар тэтгэврээ бодож, 2029 оноос тодорхой үе шаттайгаар жил нэмэхээр болжээ. Тэгэхээр нэрийн дансны аргыг хэрэглэлгүй, цалингийн дунджийн аргаар тэтгэврээ тогтоолгох юм. Цалингийн дундаж нь таван жил, нийт 60 сарын дараалсан шимтгэл төлсөн төлөлтөө аваад л буцаагаад 60 сард нь хуваах юм. Үүний 45 хувь нь суурь тэтгэвэр, 20-оос дээш ажилласан жил тутам 1.5 хувь гэж тооцох юм. Энэ аргачлалыг 2029 оноос тодорхой хугацаатайгаар жилийг нь нэмэхээр болжээ. Төмөр замын хэвийн бус, хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 нас гэсэн нь энэ хуулийн төсөл дээр тав таван жилээр нэмэгдүүлнэ гэсэн төсөл ирсэн. Яг үүнтэй холбоотойгоор нас нэмэгдүүлэх асуудлыг хэвээр нь буюу хуучнаар нь авч үлдсэн хэмээн хуулийг тайлбарлаж байлаа. Өдөрлөгийн үеэр БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Татварын хэлтсээс оролцогчдод нэг цэгийн үйлчилгээг шуурхай үзүүлж байлаа.
Шинээр батлагдсан багц хуулийг мэргэжлийн хүмүүс, татвар болон даатгалын байцаагч нар дэлгэрэнгүй мэдээллэж, сургалт хэлэлцүүлэг явуулж байгаа нь ажилтан бүрт хэрэгтэй цаг үеэ олсон хэрэг юм. Даатгал болон татварын байцаагчид нээлттэй үйлчилгээг газар дээрээс нь үзүүлж байгаагаараа онцлог бөгөөд мэргэжлийн сургалтыг зохион байгуулж байлаа.
А.Энхсайхан
