Саяхан 70 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн Сайншанд Татах хэсгийн хамт олны дундаас нэгэн бүтээлч эрхмийг уншигчдадаа танилцуулъя. Тус депогийн Ашиглалтын IX цувааны зааварлагч машинч Цэндийн Нямсайханы намтар түүх, санасан сэдсэн сайн үйлс, бүтээсэн босгосон ажлуудыг бүгдийг нь бичнэ гэвэл нэлээд урт хөврөх янзтай. Тиймээс товчлон хүргэе. Мань хүн ч өөрөө даруухан, өөрийнхөө тухай илүү үг унагах дургүй юм билээ.
Депогийнхоо сүүлийн 30 жилийн түүхэнд өөрийн хувь нэмрийг оруулж яваа тэрбээр чамгүй амжилт ололтын эзэн. Анх 1996 онд Сайншанд Татах хэсгийн босгоор алхан орж, гагнуурчнаар ажлын гараагаа эхэлж байжээ. Тээврийн ТМС-ийг гагнуурчин-төмрийн дархны мэргэжлээр төгссөн түүнд хэтдээ машинч болох мөрөөдөл байв. Зорилгодоо хүрэхэд нь түүний бүтээлч, хөдөлмөрч, шаргуу зан чанар, ямагт өөрийгөө хөгжүүлж, сурч мэдэхийн төлөө биеэ дайчилдаг нь нөлөөлжээ. Тэрбээр 1999 оны арваннэгдүгээр сарын 5-нд туслах машинч болж улмаар 2001 онд үйлдвэрийн аварга туслах машинч болж байжээ. Маш богино хугацаанд ажилдаа дадлагажиж, манлайлагчдын эгнээнд хүрснээ “Машинч нарт гологдчих вий гэж маш хичээж ажилладаг байлаа. Ажилдаа ч их дуртай, бие дааж мэргэжлийн номнуудыг уншиж, тэмдэглэж авна. Илчит тэрэгний угаалга цэвэрлэгээг хийхдээ огт залхуурдаггүй, үйлчилгээг нь яс хийнэ. Ер нь, тэр үед зүтгүүрээр бүрэн “өвчилсөн” байсан даа” гэж хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу насаа дурсав. Нөгөө талд нь, өрхийн тэргүүний үүрэг хариуцлага нь түүнийг хичээхээс аргагүйг сануулж байжээ. Тухайн үед эхнэр авч, хоёр ч хүүхэдтэй болоод амжсан ч өөрийн гэсэн гэр орон байхгүй, аавындаа амьдарч байж. “Ажил хийвэл ам тосдоно” гэх үг түүнд хангалтгүй “Ажлыг хийвэл хийсэн шиг хийе. Тэр хэрээр амьдрал минь дээшилнэ” гэх бодол төрж байж. Үйлдвэрийн аварга туслах машинч болоход нь депогоос машинчийн курсэд дараалалгүй сурах эрхийг олгожээ. Ийнхүү 2002 оны наймдугаар сард машинчийн курс төгсөж ирээд хоёр сарын дараа зүгшрүүлтэд орж, хүсэл мөрөөдлөө биелүүлж хүчит зүтгүүрийн залуур дээр суух бүрэн эрхтэй болжээ. Мөрөөдөлдөө хүрлээ гэж санаа амарсангүй, ахиад л хичээж, сурч мэдсээр, өөрийгөө дайчилснаар 2003 онд ачааны галт тэрэгний үйлдвэрийн аварга машинчаар шалгарчээ.
Таны амжилтад хүрсэн нууц юу вэ гэхэд “Олон сайхан машинч ах нарын хүчинд өдий зэрэгт хүрсэн дээ. Сайхан хамт олон, сайн туслахууд надад байсан. Зааж зөвлөх, түших, тулах хүн олон. Хамт олныхоо буянд маш хурдан мөрөөдөлдөө хүрсэн. Ажлаа л боддог байлаа. Ажилд гарахдаа бэлтгэлээ маш сайн хангана. Байнга л тэр чиглэлд явбал тэнд нь тоормос хийнэ. Энд нь ингэнэ гэх мэтээр үргэлж тооцоолдог явдаг байсан” гэв.
Ц.Нямсайхан 2005 онд “100 мянгач машинч”-ийн болзол хангажээ. Машинч нарын хувьд хамгийн хүндтэй, мэргэжлийн ур чадвар шалгадаг энэ шагналыг хүртэхэд аав нь маш их баярласан гэдэг. Аав нь хэдийгээр төмөр замчин байгаагүй ч насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан хүний хувьд хүүгийнхээ амжилтын үнэ цэнийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан нь гарцаагүй. Хүү нь түүнээс хойш олон шагнал урамшил хүртсэн ч аавыгаа амьдад нь хүртэж, хэрхэн баярлахыг харсан болохоороо тэр шагналаа хамгийн эрхэм шагнал гэж бодож явдгаа хэллээ. Тэр үед “100 мянгач машинч”-ийн шагналыг сая төгрөг, Замын даргын гарын үсэгтэй өргөмжлөлөөр дагалддаг байж.
Түүний аав Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын хүн аж. Төрсөн ах нь төмөр замчин болсноор аав нь ахыгаа дагаж Сайншандад суурьшиж, энд ээжтэй нь танилцаж гэр бүл болсон түүхтэй. Аав нь аймгийн 11 дүгээр баазад тээврийн жолооч, ээж нь аймгийн нефьт баазын лаборантаар насаараа ажилласан байна.
Ийм л эгэл айлын хүүгийн ажил амжилтын түүх 2010 оноос зааварлагч машинчаар үргэлжлэх болжээ.
Та өөрийн ажлаа надад хамгийн ойлгомжтой энгийнээр тайлбарлаад өгөөч гэхэд “Зааварлагч машинч гэдэг нь зорчигч тээврээр бол галт тэрэгний даргатай зүйрлэж болохуйц албан тушаал. Би нэг цувааны машинч, туслах машинч нийлсэн 40 гаруй хүнийг хариуцан ажилладаг. Нөгөө талаар, шинэ машинч нарыг зүгшрүүлж жинхлүүлэх, туслах машинч нарыг машинч болоход нь бэлтгэдэг гэдэг талаас нь харвал “жолооны багш” гэхэд болно доо” гэв. Олон эрчүүд удирдах амаргүй юу. Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ гэвэл “Би залуустайгаа дарга, цэрэг, эсвэл багш чинь гэж харьцдаггүй. Ямар ч ажилд залуучуудтайгаа хамт л ханцуй шамлаад орчихдог зантай. Тэрэг угаахад ч хамт гарна. Залуучуудтай ажиллах гоё шүү дээ” гэв.
Таны гараас хэчнээн машинч төрөв гэвэл “2010 оноос хойш 35 машинч бэлтгэсэн санагдана. 36 дахь нь Бат-Эрдэнэ. Энэ залуугийнхаа анхны аяллыг амжилттай хийчихээд (2026.09.30) Айрагт ирээд байгаа минь энэ. Туслах машинч нарыг тоолж байсангүй, олон бий” гэв.
Та хэзээ хамгийн их баярладаг вэ гэхэд “Миний гараас машинч болсон залуус амжилттай явах л хамгийн сайхан. Би гайгүй машинч бэлтгэжээ гэж дотроо боддог.
Жишээ нь, Замын мэргэжлийн аварга машинч Б.Бат-Эрдэнэ, А.Чулуунбаатар, С.Мөнх-Эрдэнэ гээд гурван залуу байна. УБТЗ-ын 600 орчим машинч нараас товойж гарна гэдэг баргийн аавын хүү давдаггүй өндөр босго шүү дээ. Шавь нар амжилттай явах нь миний ажлын үр дүн юм даа” гэж сэтгэл догдлон өгүүллээ. Тэр үргэлжлүүлэн “Цувааны хамт олон улам залуужсан. 2007 оны хүүхдүүд туслах машинч болохоор орж ирж байна шүү. Залууст би зарим үед аав, ах шиг нь нөмөртэй, зарим үед найз нөхөд шиг түшигтэй явах шаардлага гардаг. Хүнтэй ажиллах арга эвээ олчихвол хэцүү биш. Нийгэмд залуу үеэ “Z үеийнхэн” гэж тодорхойлоод шүүмжлэх хандлагатай болчихож. Гэтэл тэд чинь бидний л өсгөж өндийлгөсөн үр хүүхэд шүү дээ. Тэдний юу сонирхдогийг судалж, ямар дуу хөгжим сонсдогийг нь мэдэж, өөрөө сонсож, сонирхож түүгээр нь дамжуулж харилцах үе байна. Бид ч гэсэн цагтаа ахмад үеийнхэнд 100 хувь таалагддаг байгаагүй л байх. Гэхдээ ахмад машинч нар биднийг өөрсдийн дүү шиг тосож авч, зааж зөвлөж өдий зэрэгт хүргэсэн. Надад ахмад машинч Ш.Цогбадрах, Баатарсүрэн, Д.Дашбалдан, Ч.Ганжамбал, В.Дэлгэрсуурь гээд ах нар, ахмад тууз орчуулагч Ё.Норжмаа эгч гэх зэрэг олон хүн зааж зөвлөж байлаа. Мөн олон сайхан дүү нар, туслахууд надад тусалж байлаа. Залуу хүнээс ч сурах зүйл их байдаг. Насандаа баймгүй хэрсүү, хичээнгүй, хөдөлмөрч, дайчин залуус олон бий. Ажлын туршлага, ур чадвар, мэдлэг боловсрол гэдэг заавал ахмад болсон хойно хүнд бүрддэг юм биш. Хэн хичээж, хөдөлмөрлөж, сурч мэдэхэд тэмүүлж байна тэр хүн л илүү хурдан өсөж хөгждөг. Манай хамт олон дунд гялалзсан ирээдүйтэй сайхан залуус олон бий. Би ганцаараа биш, хамт олны хүчээр өдий зэрэгтэй яваа гэж үргэлж боддог” хэмээв.
Ц.Нямсайхан өөрийн үндсэн ажлаасаа гадна хамт олонтойгоо сайн үйлсийн аян өрнүүлж олон хүн тусалсан юм билээ. Бас байгууллагадаа төдийгүй орон нутагтаа олон бүтээлч ажил хийжээ.
Түүний санаачилж хэрэгжүүлсэн сайн үйлсийн аянаас дурдвал 2014 онд ахмад машинч Б.Шаравын гурван өрөө байранд иж бүрэн засварыг хамт олонтойгоо хийжээ. Телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгч шиг Б.Шарав машинчийг долоо хоног эмнэлэгт хэвтүүлж, тэр хооронд байрыг засаж өгчээ. Мөн 2022 онд машинч Алтанбаганыг хүнд өвдөхөд нь депогийн хэмжээнд хандивын аян өрнүүлж, 30 гаруй сая төгрөг цуглуулан 4х6-ийн хэмжээтэй байшин барьж өгч, хашааг засаж шинэчилж өгч байжээ. Гэр нь түймэрт шатсан хоёр ч ажилтанг өргөө цагаан гэртэй болгосон гээд буянтай үйлс олныг сэдэж, хамт олныхоо дэмжлэгийг авч, ажил үйлс болгосон нь бахархмаар...

Үүнээс гадна түүний сэдсэн санаачилсан, гардаж хийсэн бүтээлч ажлууд цөөнгүй байна. Тухайлбал, 2011 онд депогийнхоо засварын засварын V сувагт 2ТЭ116УМ илчит тэргийг угааж, цэвэрлэх давхар шат хийсэн, 2013 онд ҮЭ-ийн хороотой хамтран байгууллагын хашаанд чацаргананы150 мод тарьсан. 2019, 2023 онд Дорноговь аймгийн хийдэд Ганжуур, Данжуурын хүрд бүтээн залсан. 2021 онд Айраг депод усан оргилуур, сандал болон явган зам, Хүслийн ууланд хоёр сүүдрэвч засварласан, 2025 онд Сайншанд Татах хэсгийн хашаан дахь суваргыг шинэчлэн барьсан байна. Харин энэ жил депогийнхоо түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Данзан Равжаа хутагтын гурван гол шүтээний нэг Дарь эхийн цогцолборыг бүтээн аймаг орон нутагтаа хүлээлгэн өгсөн байна.
Тэр “Энэ бүгдийг би ганцаараа хийгээгүй. Б.Бат-Эрдэнэ, Г.Сүндий, Т.Адъяабат, А.Амгаланбаатар нарын сайхан залуус надтай баг болж хамтран ажилладаг. “Олны хүч оломгүй далай” гэдэг шүү дээ. Би сэдсэн ч хамт олон минь дэмжихгүй бол ганц хүн юу хийж чадах билээ” гэж даруухан өгүүлэв.
Б.Нямсайхан депогийнхоо 70 жилийн ойд зориулан "I ❤️ Tch-3" хэмээх дурсгалын самбарыг хийж, бэлэг барьжээ.
Түүний гэргий мөн депод ажиллаж байгаа гавьяаны амралтдаа гарсан төмөр замчин бүсгүй байдаг гэнэ. Ц.Нямсайханых гурван охинтой бөгөөд хоёр том охин нь Улаанбаатар ажиллаж амьдарч, харин бага охин эрдмийн мөр хөөн хилийн дээс алхжээ. Гэргий нь гэртээ зээгээ харж, Ц.Нямсайхан аяллаас буусан үедээ өрхийн хэрэгцээнийхээ жимс ногоо тарьсан шиг амар тайван амрах дуртай гэв.
Ийм нэгэн далай мэт сэтгэлтэй, цуцашгүй хөдөлмөрч хүн бидний дунд чимээгүйхэн хийсээр, бүтээсээр, туурвисаар явна.
Б.Гүнжээ
