Нүүр Энэ сэдвээр Б.Баярмагнай: 820 тэрбумын хүсэлт ирэхэд бид 160 тэрбумыг хуваарилж байгаа
Энэ сэдвээр

Б.Баярмагнай: 820 тэрбумын хүсэлт ирэхэд бид 160 тэрбумыг хуваарилж байгаа

G.Press 1 цагийн өмнө 100 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Он дуусахад хоёр сар гаруйн хугацаа үлджээ. УБТЗ-ын 2026 онд төлөвлөсөн томоохон ажлууд, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хэр байгаа вэ?

-Энэ жил их барилгаар 76 ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар 67 ажлын гүйцэтгэлтэй, оны төгсгөл гэхэд 73 ажлыг бүрэн хийж дуусахаар байна. Их засвараар нийт 213 ажил төлөвлөснөөс 201 ажил явж байна. Он дуусахад 204 ажлыг хийж дуусна. Ер нь оны төгсгөлд их барилга, их засварын төлөвлөгөө 96 орчим хувиар биелэх төлөвтэй. Энэ муу үзүүлэлт биш л дээ. Тухайн жилийн төлөвлөгөөг багадаа 95-аас дээш хувьтай биелүүлэх шаардлагатай байдаг.  

Мөнгөн дүнгээр авч үзвэл их барилга, их засварт 227 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс их барилгын ажлаар 114 тэрбум төгрөгийн ажил хийхээс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 111 тэрбум төгрөгийн ажлыг хийж, төлөвлөгөөг 97 хувьтай он дуусгахаар байна. Их засвараар 63.4 тэрбум төгрөгийн ажил хийхээс 59.9 тэрбумын ажлыг хийж, төлөвлөгөөг 94.5 хувийн биелэлттэй хаах хүлээлттэй байна. Харин хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлт тааруу явж байгаа. Нийт 49.8 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн ч одоогийн байдлаар 12 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, төлөвлөгөөний 50 хувь биелэхгүй үлдэх нь.

-Төлөвлөсөн ажлуудаа бүрэн биелүүлэхэд юу саад болж байна вэ?

-Түлшний үнэ дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй өссөөр байна. Оны эхэнд 680-700 ам.доллароор авч байсан бол шууд 900, 1200, наймдугаар сард 1389, одоо 1580 ам.доллар болчихлоо. Сард 25 тэрбумаар түлш авдаг байсан бол 46-48 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Үндсэндээ түлшний үнэ хоёр дахин өссөн. Үүний зэрэгцээ есдүгээр сарын 1-нээс төмөр замчдын цалинг 15 хувиар нэмсэн. Цалин, түлшний зардал нийт зардлын 70 гаруй хувийг эзэлж байна. Иймээс зарим хөрөнгө оруулалтын ажлуудыг хойшлуулахаас өөр аргагүй болсон.  

-Энэ жилийн төлөвлөгөөнөөс хасагдсан ажлууд тэвчиж болох ажил байв уу, зайлшгүй хийх ажил уу?

-Ер нь, тэвчиж болох зардлуудыг 2027 он руу шилжүүлсэн. Гэхдээ зайлшгүй хийх ёстой гэж авч үлдсэн ажлуудаас зарим нь хийгдэхгүй он дуусах нь. Түлшний үнийн өсөлт улам нэмэгдэж байгаатай холбоотой саяхан хурал хийгээд эхлээгүй ажлуудыг дахин эрэмбэлээд 10 гаруй ажлыг хасахаар болсон. Тухайлбал, 1-3 удаа тендер зарлаад амжилтгүй болсон. Дахиад тендер зарлаад амжилттай болох магадлалтай ч хүйтний улиралд хийх боломжгүй ажлуудыг хассан. Түлшний үнэ сүүлийн нэг сард л тонн тутамд 220 ам.доллараар өссөн учраас одоо шинэ ажил эхлүүлэхгүй, тендер зарлахгүй байх чиглэлийг Замын удирдлагаас өгсөн.

-Хөрөнгө оруулалтуудын үр ашгийг тооцдог болсон. Замын хэмжээнд хөрөнгө оруулалтын үр өгөөж хэр байна вэ?

-2013 оноос хойших хөрөнгө оруулалтын 50 гаруй ажилд мониторинг хийгээд явж байгаа. Үүнээс 37 ажил мониторингийн хяналтад явж байна. Хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөөд, үр ашгаа өгч байгаа дөрвөн ажил байна. Мөн 20 төсөл үр ашигтай, гэхдээ хөрөнгө оруулалтаа хараахан нөхөж дуусаагүй байна. Бүрэн хүчин чадлаар ажиллахгүй, зогсонги байдалтай зургаан ажил байгаа. Бүр авсан тоног төхөөрөмжөө огт ашигладаггүй, тоосонд даруулаад, байлгаж байгаа долоон тохиолдол байна. Маш харамсалтай. Тооцоо судалгаагүй, сэтгэл хөөрлөөр авчихсан, ашиглах гэхээр өрөө тасалгаа нэмэлт тоног төхөөрөмж, зардал шаарддаг, ажиллуулах хүнгүй, технологи хоцрогдсон байдаг. Бүр загвар нь хуучирсан хэрэглэгдэхээ больсон, түүхий эд нь олдохгүй гэсэн янз бүрийн шалтгаанаар нийгэмлэгийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Бид одоо үр өгөөжгүй байгаа хөрөнгийг яаж үр өгөөжтэй болгох вэ гэдэг мониторинг, дүн шинжилгээ хийж байна. Үндсэндээ 2013-2026 он хүртэлх төсөл, хөрөнгө оруулалтуудад мониторинг хийгээд явж байгаа. Үр дүнг замын ерөнхий инженер дээр холбогдох албадыг оролцуулаад дүгнээд зохих шийдвэрийг гаргадаг. 2027 оны төлөвлөгөөг саяхан Замын I орлогч дарга дээр хэлэлцсэн. Ирэх жил 160 тэрбум төгрөг төлөвлөсний 20 тэрбум нь худалдан авалт, 45 тэрбум нь их засвар, 95 тэрбум нь их барилгын ажил. Их барилгын дийлэнх нь зам шинэчлэлийн ажил руу зарцуулдагддаг. Нэг км замын их засвар 1.8-1.9 тэрбум байсан бол одоо 2.0 тэрбум даваад явчихлаа. Гол замд уг нь 85-86 км зам модон дэр, Р-50 зам төмөртэй үлдсэн. Мөнгө нь байвал нэг дайраад л хийчих ажил. Гэвч Замын санхүүгийн боломжоос хамаарч жил бүр бага багаар хийж байна. Ирэх жил 27 км зам засахаар төлөвлөж байна. Замын их засвараас гадна хос дугуй угсарна, шугам сүлжээ, байшин барилгаа барьж таарна. Ачаа, зорчигчийн вагоноо ч авч чадахгүй байна. Хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хүлээсэн маш олон зураг төсөлтэй, эрсдэлтэй барилга байгууламж, тоног төхөөрөмж байсаар л байна.  2027 онд гэхэд л байгууллагуудаас нийт 820 тэрбумын хөрөнгө оруулалтын хүсэлт ирсэн. Бидний хуваарилж байгаа мөнгө 160 тэрбум шүү дээ.

-Хөрөнгө оруулалт хийсэн хойноо үр ашигаа хэзээ өгөхийг нь хүлээх биш урьдчилж тооцдог болно гэж байсан. Байгууллагууд ийм тооцоо судалгааг хэр хийж байна вэ?

-Замын I орлогч дарга дээр 2027 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн. Ирэх жил маш бага мөнгө төсөвлөгдсөн ч төлөвлөгөөнд орсон ажлуудын үр ашгийг журмынхаа дагуу түүвэрлээд хянаад явж байна. Манай албаныхан газар дээр нь очиж хийх ажлын нөхцөл байдлыг тодорхойлохоор явж эхэлсэн. Дээвэр засах, сандал, ширээ, компьютер худалдан авах зэрэгт үр ашиг тооцох шаардлагагүй. Харин зам шинэчлэлт, байшин барилга барих, кран, калмар, экскаватор худалдан авах, өртөө зөрлөгийн өргөтгөл хийх зэрэгт үр ашгийг тооцоолоод одоо хийх үү, эсвэл хойшлуулах уу. Эсвэл хийх шаардлагагүй юу гэдгийг нь тодорхойлоод явж байна.  Жишээ нь, ус шүүх төхөөрөмж тавих зайлшгүй шаардлага байна уу. Энэ төхөөрөмж хаана хэрэглэгдсэн юм вэ. Монгол Улсад болон гадаадад ийм жишээ байна уу. Уул уурхайд хэрэглэж байгаа юм уу. Яагаад өмнө нь 70 жил ус шүүх төхөөрөмжгүй болоод байснаа одоо 500 сая төгрөгийн шүүлтүүр тавих болов гэх мэтээр олон талаас нь судалж, зарим тодорхой бус хөрөнгө оруулалтын ажлыг хасаж, мөнгийг нь өөр үр ашигтай ажилд хуваарилж байгаа. Мониторинг маш чухал.

Замын даргын тушаал гарсан. Аж ахуйн нэгжүүдийн ерөнхий инженер удирдаад эдийн засагч нар төслийнхөө үр ашгийн урьдчилсан тооцоог хийх ёстой. Гэхдээ энэ хараахан хэвшээгүй л байна. Салбар нэгжээс ирж байгаа төсөл ашиггүй юм уу, эсвэл өөрсдөө төслөө хамгаалж чадахгүй бол хасна гэж ойлгох хэрэгтэй. Эдийн засагч нарыг төслийн арга зүй, үр өгөөжийн тооцоог хийж сургах ажлыг бид давхар хийж байна. Энд цаг нэлээд авч байна.

2023 оны А/304 дугаар тушаалаар “Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журам, төслийн жишиг аргачлал”-ыг батлуулсан. Үүнийг бид хэвлүүлээд гарын авлага болгосон. Энд үр өгөөжийг тооцох бүх аргачлал бий. Үр өгөөж гэхэд л технологийн, эдийн засгийн, нийгмийн, бизнесийн үр өгөөж гээд дөрвөн чиглэлээр тооцоолох бүх арга зүйг нь гаргачихсан. Хөрөнгө оруулалтаар гарч байгаа нэг төгрөг ч үр өгөөжөө өгдөг, эсвэл ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой гэдэг зарчмыг баримталж байна.

-Төлөвлөсөн ажлууд тендерээс шалтгаалан хугацаандаа эхлээгүйгээс валютын ханш, үнийн өсөлт зэргээс нэмэлт санхүүжилт шаардах тохиолдол Замын хэмжээнд хэр байна вэ?

-Ажлууд төлөвлөсөн хугацаанаас хоцорч байгаа шалтгаан ганц тендер биш. Байгууллагуудын хөдөлмөр зохион байгуулалт, захиалагч захиалгаа оройтуулдаг, эсвэл захиалгаа буруу өгдөг. Техникийн даалгаврыг тодорхой бус дутуу өгөх зэрэг хайнга хандсан тохиолдолд хугацаа алддаг.  Худалдан авалт, борлуулалтын ажилтнууд тэр талын мэргэжилтэн биш учраас хоорондоо бичиг солилцсоор хоёр сар болсон тохиолдол ч бий. Гэтэл үүний цаана тендерийн процесс хугацаа шаарддаг. Одоо харин чиглэлийн яам нь зөвшөөрөл өгдөг, дамждаг болсон. ЗТЯ болж байна гэвэл тендер  зарлагддаг. ЗТЯ цааш мэдээгээ өгдөг, тендер зарласны дараах гомдлыг Сангийн яам хүлээж авдаг журамтай болсон.

Мөн төсөв өмнөх онд юм уу, оны эхэнд хийгдсэн бол валютын ханш, түүхий эд материалын үнийн өсөлтөөс шалтгаалаад нөгөө төлөвлөгөө гэдэг түрийвчинд байгаа мөнгө хүрэлцэхээ больдог зовлон бий. Ийм тохиолдолд ажлын хэмжээнээс нь танадаг. 100 метрт хийх байсан бол 50 метр,  100 ширхэг шон солих байснаа 80 болгож бууруулдаг. Гэтэл огт танаж болдоггүй ажил бас бий. Барилгын шалны талыг нь сольж болохгүй, байшингийн дөрвөн талын хоёрыг нь будаад нөгөө хоёрыг нь үлдээж болохгүй. Ийм ажил дээр нэмэлт санхүүжилт өгөөд дуусгуулдаг. Хөрөнгийг  бусад ажлын хэмнэлтээс нэмэх маягаар явж байгаа юм. Цалин нэмэгдсэнтэй холбоотой есдүгээр сараас хойш хийж байгаа ажлуудын төсвийг шинэчилж байна.

-Хөрөнгө санхүүтэй холбоотой хүлээгдэж байгаа том төслүүд бий юу?

-Зураг төсөл нь хийгдчихсэн хориод объект хөрөнгийн шийдвэрээ хүлээгээд байж байна. Жишээ нь, Сайншандын Зүтгүүрийн депогийн өргөтгөл, Сайншандын ГУА-ийн байр, Сайншанд өртөө, Замын-Үүдийн эргэх депогийн барилга, Сайншанд өртөө, Дохиолол холбооны III ангийн байшин, Зүүнхараа, Чойрын амрах байрны өргөтгөл, Дархан Татах хэсгийн Засварын цехийн өргөтгөл гэх мэт.

Мөнгөтэй л бол барьчих гээд байдаг. Ирэх жил бид Сайншанд депогийн өргөтгөл, Сайншанд ГУА-ийн барилгыг барья гэхэд л 5-6 жилийн өмнө хийсэн төсөв одоо хүрэхгүй, харамсалтай нь нэг дахин өсчихсөн. Тээврийн хэмжээ, орлого өссөн ч дагаад зардал өсөж байгаа учраас хөрөнгө оруулалтад шаардлагатай хэмжээнд мөнгө хуваарилж чадахгүй байна.

-Ойрын хугацаанд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийх үү?

-Хөрөнгө оруулалтын бодлого, хөгжлийн бодлого яг ийшээ чиглэж байгаа. Ямартай ч таван зүтгүүр шинээр авна. Парк шинэчлэлт зайлшгүй хийхээс аргагүй болсон. Эхний ээлжинд таван зүтгүүр авчихвал урд хөрштэй хоногт 16-17 хос галт тэрэг солилцоод байх боломжтой гэж харж байгаа. Ерөнхий хорооноос таван зүтгүүр зээлээр авах зөвшөөрөл өгсөн. Банктайгаа тохироод таван зүтгүүрээ ирэх онд авна гэж төлөвлөж байна. Тендер, гэрээ гээд ажлууд явна. Ирэх жилийн гуравдугаар улиралд багтааж авах болов уу. Тэр болтол түрээсийн зүтгүүрээр тээвэр хийнэ. Дараагийн маш чухал ажил бол ачааны вагоны парк шинэчлэлт. Одоо нүүрсний тээвэр эхэллээ. Манайд 600 гаруй вагоны хэрэгцээ үүссэн.

Нүүрсээ яаж тээвэрлэх вэ гэхээр 400 гаруй вагоныг МТЗ ТӨХК-аас түрээслэх үү, эсвэл төрийн энэ үүрэг даалгаврыг УБТЗ ХНН дангаараа үүрмээргүй, МТЗ ТӨХК болон бусад төрийн өмчид компаниуд хамт үүрэлцээч гэдэг хүсэлтийг яаманд өгсөн. Хөдлөх бүрэлдэхүүний дутагдал маш их байгаа. Багадаа бид 500-600 ачааны вагон худалдаж авах шаардлага байна. Гэтэл мөнгө байхгүй.

Зорчигчийн вагоны парк шинэчлэл хийх шаардлагатай. Саяхан 110 гаруй вагон актлагдсан. Зорчигчийн вагоны парк шинэчлэл дээр гурван жилийн өмнө 13 тэрбум төгрөг тавьсан ч вагоны үнэ өндөр учраас авч чадаагүй. Тиймээс Зорчигчийн вагон депогийнхонд яаралтай дизель вагон угсруулах гээд энэ жил хөрөнгө оруулалт хуваарилсан ч тэд одоо болтол хийгээгүй л байна. Хэрэв үүнийг хийчихвэл цувааныхаа 10, 20 вагоныг цахилгаанаар хангачихна. Тэгвэл вагоноо агааржуулалтын систем, вакум 00-той болгох зэргээр шинэчлэх боломжууд гарч ирнэ. Хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл маш хүнд байгаа. Хөрөнгө оруулалтын эрэмбэ дарааллыг маш зөв хийх шаардлагатай байдаг.

Үүний хажуугаар нийгмийн салбар маш хүнд байна. Цэцэрлэгүүд, уурын зуух, ЦТП-нүүдийг төрд өгчихвөл ачаалал жаахан буурах байх. Цэцэрлэг барьж өгөөч гэсэн хүсэлтийг аймаг, дүүрэг рүү хандуулж байгаа. Манай Улсад “төмөр замчин иргэн” гэж байхгүй Монгол Улсын иргэн л байдаг. Тийм болохоор төмөр замд ажилладаг гээд төрийн үйлчилгээнээс хоцорч болохгүй.

-Их барилга, их засварын ажил, хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжийн хувьд чанарын асуудал яригддаг?

-Бид уг нь, сайн чанартай бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж авахаар захиалга өгөөд, үнийн дүнг нь тавиад өгдөг. Гэтэл тендер зарлаад хямдыг нь сонгодог. Тэр нь чанар тааруу ирдэг. БОС-ны алба, машины сэлбэг авсан байгууллагууд гомдол гаргадаг. Тендерээр яах ч аргагүй хямд нь шалгарсан гэдэг. Чанартай паркет бол 5-10 жил яах ч үгүй. Хямд паркетыг хоёр жил болоод сольж байгаа. 400-500 мянган төгрөгийн чанартай хаалга авах төсөв тавиад өгөхөөр тендерээр бага үнэтэй 100-200 мянгын хаалга сонгодог. Тэр нь жил болохгүй санжигнаад, хүрээ нь салж унадаг. Вакум цонх, паар, дээврийн хар цаасан дээр ч чанаргүйг сонгодог. Чанартайг нь биш хямд үнэтэйг нь авахаар жил бүр засвар шаардаж, урсгал зардал гардаг. Энд Худалдан авалт борлуулалтын албыг буруутгах аргагүй ч ийм хүндрэлүүд гардаг. Тендерийн сул тал нь энэ.

 -Орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөөч?

 -Орон сууцын хөтөлбөрийн 2025 он хүртэлх шат хэрэгжээд, дүгнээд дууссан. Хамгийн сүүлд Зүүнхараад 80 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжсэн. Одоо Замын-Үүдэд 108 айлын орон сууц барьж байгаагаас 40 төмөр замчин захиалгаа өгсөн. Сайншандын 180 айлын орон сууцнаас 52 хүн захиалга өгсөн байна.

Багахангайн 40 айлын орон сууцнаас 22 хүн захиалгаа өгсөн. Захиалга жаахан хангалтгүй байдалтай явж байна.

Зүүнхараа зангилааныхан дахин орон сууц барьж өгөөч гэдэг хүсэлт өгөөд байгаа. Сумаасаа 114 мянган ам метр газрын зөвшөөрлөө авчихсан байгаа юм байна. Дарханд 132 айлын орон сууцны төсөл бэлэн байна. Ирэх хавар аймгаас ажил эхлүүлье гээд бичиг ирэх юм бол барина. Цаашид орон сууцны төслийг мөнгөн дүнгээр баталгаажсан захиалга дээр үндэслэж хэрэгжүүлнэ. Замын урд хэсэгт хэрэгжиж буй төслүүдэд бас хүндрэл гарч байгаа учраас одоо хамгийн багадаа 5-10 сая төгрөгийн баталгаажилт хийсэн хүнээс захиалга авъя гэж тогтсон.

16000 мянган ажилтантай байгууллагын хувьд цаашдаа ямар ч үед орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зайлшгүй.  Улаанбаатарт Авто баазын хашаа, мөн Сургалтын 12-ын суурин дээр орон сууц бариулахаар төлөвлөж байна. Тэгвэл Улаанбаатарт дор хаяж 400 орчим айл орон сууцтай болно. “Орчлон” констракшны барьж буй орон сууц ашиглалтад орчихвол бас 180 айл байрандаа орно.

УБТЗ ч гэсэн газрынхаа оронд барилгын компаниас авсан байрнуудаа ажилчдадаа ипотекээр хямдхан борлуулаад дунджаар 50 тэрбумын сан үүсгэчихвэл дараагийн барилгуудыг өөрсдөө санхүүжүүлээд өөрсдөө ажилчдадаа борлуулаад явах боломж бий.  Дээр нь тодорхой тооны байруудыг авч үлдээд ажилчдадаа 2-3 жилийн хугацаатай түрээслүүлээд энэ хугацаанд орон сууцны урьдчилгаагаа хуримтлуулаад гаргах байдлаар ажилтнуудаа орон сууцтай болгох дамжлага бий болгож болно. Ийм хувилбаруудыг боловсруулж Замын удирдлагуудад танилцуулсан. Удирдлагууд ч дэмжиж байгаа. Газраа иймэрхүү байдлаар эргэлтэд оруулж, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэж харж байна.

-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

 

Б.Гүнжинлхам 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.