УБТЗ-ын “Швецарь” гэгддэг Шатан зөрлөгт бид зочилж, зөрлөгийн замчдын ажил амьдралын нэгэн өдрийг сурвалжлахыг зорьсон билээ. Хотоос ажлаа тараад замд гарсан бид зорьсон газраа 23.00 цаг болж байхад хүрлээ. Айл амьтад амарч байдаг цаг ч гэлээ хэсгийн мастер Л.Батсүх гэргийн хамт биднийг хүлээж байж. Оройтсон зочдоо хэсгийнхээ амрах байранд урьж, цай хоол бэлтгэн, ажил амьдралын яриа хөөрөө хөвөрлөө. Замын хэсгийн амрах байр дөрвөн ортой, хөргөгч, телевизор, цахилгаан зуух гээд дутуу юмгүй, тов хийсэн айл шиг тохитой аж. Хол ойрын зочид гийчдээ хүлээж авдаг зөрлөгийн “зочид буудал”-ын зэрэглэлийг замчдын найрсаг зочломтгой сэтгэл, хүндэтгэлээр хэмжвэл “од”-оор тогтоох аргагүй тансаг. Нэгэнт оройтсон болохоор бид ч тэгсхийгээд амарч, маргааш нь тал тал тийш сурвалжилгандаа гарсан юм. Миний хувьд зөрлөгийн замчдын амьдралын эгэл өдрүүд, сэтгэлийн гүн дэхийг “уудлах” үүрэг хүлээж, Замын мастер Л.Батсүх, гэргий Г.Ганцэцэг хоёртойгоо хөөрөлдөж өнжив. Л.Батсүх найман жил замчин, таван жил бригадын дарга, 14 дэх жилдээ мастераар ажиллаж байгаа ажээ.
Зөрлөгт цэцэглэсэн амьдрал
УБТЗ-д хамт ажилладаг хосуудын тоог гаргавал тийм ч цөөн биш байх. Ажил мэргэжил ижил хосуудын амьдрал тогтвортой, ажлын амжилт өндөр байдаг болов уу гэж боддог. Л.Батсүх, Г.Ганцэцэг нар бол тийм л хосуудын төлөөлөл билээ. Тиймээс тэдний учрал, амьдрал цэцэглүүлсэн түүхээс нь сонирхлоо. Л.Батсүх гэргий Г.Ганцэцэгтэйгээ ханилаад 26 жил болжээ. Тэд аль аль нь удам дамжсан төмөр замчид гэнэ. Батсүхийн аав Д.Лхагвасүрэн замын мастер, ээж О.Оюун-Ухаан нь замчин байжээ. Эхнэр Ганцэцэгийн хувьд эмээ өвөө, аав,ээж гээд гурван үеэрээ энэ зөрлөгтөө амьдарч ажилласаар өдийг хүрчээ. Өдгөөгөөс 29 жилийн өмнө Л.Батсүх 18 настай цэргийн алба хааж ирээд намар өдийд Шатанд замчнаар иржээ. Уг нь, өссөн нутаг Эмээлтэд ажилд орох гэсэн боловч орон тоо олдолгүй энд хуваарилагдаж. Дотроо хоёр жил ажиллаад Эмээлт рүүгээ л буцна даа гэсэн лут төлөвлөгөөтэй ирсэн гэдэг. Тэр, “Аав минь төмөр замд 34 жил ажиллаж, замын бүхий л нэр хүндтэй шагналыг авсан. 1996 онд Замын албаны аваргаар шалгарч, хүндэт самбарт зураг нь тавигдахад би ааваараа маш их бахархаж байсан. Аав шигээ төмөр замчин болно доо гэж мөрөөдөж байлаа. Багаасаа мэдэх ажил тул хүнд хэцүү санагдаагүй. Замчин ах нараасаа дутахгүй сайн ажиллах юмсан гэсэн бодол л байсан. Бас аавынхаа нэр төрийг хайрлаж хичээж ажилладаг байлаа. Анх ажлын бус цагаар их уйдна. Хамт ажилладаг ах эгч нар ар гэр, үр хүүхэд хань ижил, ахуй амьдралаа зохицуулаад завгүй. Би уйдсандаа ажилдаа гарахын түүс болдог байлаа” хэмээн инээмсэглэв. Батсүхийг ийнхүү замчин болох гээд хөл гараа олж явахад түүний ирээдүйн гэргий Шатан зөрлөгийн дарга Ч.Гантулгын гэрт өсөн торниж байв. Учир нь Ганцэцэг тэр үед 14-15 настай, дунд сургуулийн сурагч байлаа. Зөрлөгт нас ойролцоо хүүхэд ховор, шинэ ирсэн хүмүүс содон сонин ч байж. Г.Ганцэцэг “Манай гэрийн урдхан талд байх өртөөний технологийн байшинд манай хүн амьдардаг. Замчдаасаа хамгийн бага нь хэрнэ бодигоор хичээллэдэг, булчин шөрмөс нь зангирсан залууг хараад дотроо “Ямар гоё ах вэ” гэж боддог байлаа” хэмээн дурсав. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг. Нэг л мэдэхэд тэдний дунд дурлалын оч харваж, Батсүхийн Эмээлт рүү буцах бодол хийсэн оджээ. Ганцэцэг дунд сургуулиа төгсөж, Шатан зөрлөгт нэгэн шинэ айл гал голомтоо бадраажээ. Хүүхдээрээ шахуу ээж болж байсан нь саяхан мэт ч одоо одонтой аав ээж болж, жаргал зовлонгоо хуваалцаж 26 жилийг ардаа үджээ. Г.Ганцэцэг хоёр дахь хүүгээ таван нас хүргээд замчнаар ажилд орсон аж. Өнгөрсөн он жилүүдэд тэднийх Давааны болон Ногоонтолгойд нэг нэг жил ажиллаж амьдарсныг эс тооцвол байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ л нутагтаа ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Тэдний том хүү ТЗИС-ийн зам барилгын инженерийн ангийг өнгөрсөн хавар төгсөөд ажлын гэрээгээр Чех улсыг зорьжээ. Аав нь хүүгээ мэргэжлээр нь ажиллуулах санаатай байсан ч тэд ярилцаад “Аавын бийд газар үзэг” гээд алс хол явуулсан даа хэмээн ээж нь хүүгээ санасан шинжтэй уяран ярилаа. Хүү нь эргэж ирээд мэргэжлээрээ ажиллана гэж амласан гэв. Харин том охин нь олон улсын гадаад харилцааны мэргэжлээр их сургууль дүүргэж, бага охид нь хотод сурагчдын дотуур байранд сууж, нийслэлийн 73 дугаар сургуульд сурч амралтын өдрүүдэд гэртээ ирээд буцдаг юм байна.
Мэргэжлийн бахархал
Замчны ажлын сайхан нь юу вэ гэхэд Ганцэцэгийн нүд гэрэлтэж “Хүмүүс замчны ажил эмэгтэй хүнд тохирохгүй гэж хардаг бололтой юм. Зарим хүн “Та нар замын юуг хийх үү?” гэж асуудаг. Галт тэрэгний цонхоор замаа чөлөөлж зогсож байгаа замчдыг л хардаг болохоор аргагүй биз. Бид алхам тутамдаа галт тэрэгний найдвартай, аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангаж минут, секундээр хэмжигдэх хугацаанд мм-ээр тооцох нарийн чимхлүүр засвар, үйлчилгээг хийдэг юм шүү дээ. Алхам тутамдаа сонор соргог, хариуцлагыг мэдэрч ажилладаг даа” гэв. Батсүх мастер “Бидний ажил харахад бүдүүн хадуун юм шиг боловч мэдлэг мэдрэмж нь гүнзгий тулсан хүмүүс бол замчид. Аливааг грамм, мм-ээр хэмждэг ажил хийж байгаа хүмүүсийн мэдлэг, мэдрэмж хөгжихөөс биш яах вэ” гээд нэгэн түүхийг ярив. “Бороотойд замчин хүн тайван унтаж чаддаггүй. Нэг шөнө устай бороо асгарч эхлэхэд сэрээд цонхоор жаал харж байгаад гарч зам руу алхлаа. Дотроо “Хүмүүсээ сэрээж дуудах уу, яах вэ. Энэ бороо гайгүй өнгөрөхөөр байна уу” гэж эргэлзэж зогстол хориг хашаа даваад хүн сүүтэгнээд ойртоод ирлээ. Гэтэл манай бригадын дарга Хишигдаваа байж билээ. Ширүүн бороонд бидний сэтгэл зүрх замдаа л санаа зовж байдгийн нэг илрэл тэр шүү дээ. Нэг удаа уулнаас том чулуу унаж, арай л зам руу оролгүй тогтсон юм. Тэр чулууг холдуулах техник олдохгүй, тэнд хэдэн жил болсон. Аюул тохиолдоогүй ч тэр чулуу өнхөрч ирсэн нь замчид бидэнд аюулын дохио өгч байгаа хэрэг л дээ. Тэр цэгийг эрсдэлтэй цэг гэж үзэн түүнээс хойш анхааралдаа авч, цаг агаар таагүй үед эргүүл шалгалт гаргадаг. Нэг удаа борооноор бригадын дарга Долгормаатай баруун зүүн тал руу хэн хэнийг явуулах вэ гэж ярихад нь “Би өөрөө нөгөө чулуутай ам руугаа явъя” гээд бороонд 30-40 минут зогссон. Ер нь, бороо орж байхад аюул гайгүй, борооны дараа л аюул ирдэг. Тиймээс хамгийн эрсдэлтэй цэгээ өөрөө шалгаж байгаа нь тэр. Энэ бүхнийг яагаад ярив гэхээр замчны ажил энгийн хүнд амархан харагдаж магадгүй. Гэхдээ тийм амар ажил биш. Манай замчид ажлын хатуу хэцүүгээс шантардаггүй. Хамгийн хэцүү, хүнд ажилд хэн явах вэ гээд 20, 30 замчин суулгаад асуухад хэн ч хойш суухгүй, “Би яваад ирье” л гэнэ. Ажил удирдагч ажилчдаа өдөөж, сайн сайханд уриалж, ажлын амтыг эерэгээр ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Бие биенээсээ урам авч өрсөлдөөн бий ч болдог. Энд хамт олны ээнэгшил л яваад байгаа юм” гэж бахдалтайгаар өгүүлэв.
Буйдхан зөрлөгийн амгалан амьдрал
-Хотоос хамаатан садан, найз нөхөд ирэхээрээ “Энэ буйдхан газарт уйдахгүй байна уу” гэж их асуудаг. Бидэнд уйдах ч зав гардаггүй гэж Ганцэцэг инээгээд “Үндсэн ажлаа хийнэ, хажуугаар нь гэр орон, ахуй амьдрал гээд энэ олон жил бужигнаад өнгөрчээ. Манайх нэг хэсэг малтай байсан. Тэр үед бүр ч завгүй. Манайхан дунд малтай айл олон бий. Аав ээж хоёр маань ээлжийн ажилтай хэрнээ хажуугаар нь малаа маллаад л болоод байдаг байлаа. Бид хүүхэд байхдаа аав ээждээ туслаад их эртэч, ямар ч ажлыг хийж сурсан даа. Манай хүн эчнээгээр ТЗДС-д сурахад би жирэмсний чөлөөтэй байсан тул хотод хэсэгхэн амьдарч үзсэн. Тэгэхэд зөрлөгт ямар ч стрессгүй, амар амгалан амьдардагаа маш сайн ойлгосон. Бид хоёр ёстой буцахын түүс болсон доо. Зөрлөгт амьдардаг бидний хэрэглээ ч маш хэмнэлттэй юм билээ. Хотод бол “хөдөлбөл хөлс, зогсвол зоос” гэдэг шиг цалин дорхноо дуусчихна. Улаанбаатарын амьдрал чанга юм билээ” гэж ний нуугүй ярилаа. Батсүх мастер “Төмөр зам минь сайхан шүү. Ковидын үеэр иргэдийн амьдрал хэцүүдэхэд төмөр замын ажил хэвийн үргэлжилж, цалин мөнгө нь цагтаа буугаад амар байсан. Энэ наад захын жишээ шүү дээ. Манай замчид бага насны хүүхдээ 24-ийн цэцэрлэгт, сургуулийн хүүхдүүдээ дотуур байртай сургуульд суулгаад ардаа санаа зовох зүйлгүй ажлаа хийдэг. Шинэ жил, тэмдэглэлт баяруудаа аятайхан тэмгдэглэчихнэ зөрлөгт амьдрах сайхан” гэв.
Гэрэл гэгээтэй, ирээдүйтэй замаар...
Л.Батсүх байнга л өөрийгөө чамлан ажлаа хэрхэн сайжруулах талаар санаа чилээн явдаг нь түүний ярианаас илхэн. ТЗДС-ийн эчнээ ангийг Зам барилгын техникчээр төгссөн аж. “Эчнээгээр сурч шалгалтуудаа өөрийн чадлаар сайн хамгаалаад өөрөөрөө бахархаж л байсан. Гэвч төмөр замын ажил бол одоо боллоо гэж сэтгэл ханаж болдог ажил биш юм. Одоо эргээд харахаар би гэр бүл хүүхдүүдээ ажлаасаа бага цаг зарцуулж байжээ л гэж бодож байна. Хүүхдүүд минь өдлөөд үүрнээсээ нисэхийн цагт би гэнэт ухаан орж буй мэт хүүхдүүдээ санаад өнгөрсөнөө харж эхэлж байна. Бага байхад нь ажил гэж гүйгээд хэзээ тоглож, хамгийн сүүлд хэзээ дотно ярилцсанаа ч санахгүй байна шүү” хэмээн харамсангуй хүүрнэлээ. Түүний санаанд төмөр замаас өөр ажил хийнэ гэхээр огт багтдаггүй аж. Тэрбээр, “Би өөр ажил хийсэн ч сэтгэл дүүрэн ажиллаж амьдрахгүй л байх. Төмөр замын ажил хэзээ ч дуусашгүй. Миний сэтгэл гаргаж хийж байгаа бүхэн эндээ үлдэнэ. Юу тарина түүнийгээ хураана гэдэг шиг замаас хийсэн ажлаа үргэлж харна гэдэг хичнээн сайхан. Байнгын давтамжтай замаа цэвэрлээд цэмцийлгээд явж байхад хэн ч хараад сэтгэл нь сэргэж сайхан байгааг би мэдэрдэг. Түнхэлд байдаг эгч маань энд ирээд танай зам сум гялалзаад их ондоо харагдаад байна аа гэсэн нь сайхан санагдсан. Бидний өдөр бүр хийдэг өнгөлдөг ажлыг харж байна шүү дээ. Бид өдөр тутмын ажлаа энгийнээр хийсээр л байна. Суман шилжүүлгээ гялалзтал арчиж зүлгэх ажлыг замчин бүр л хийнэ. Бүр хайрлаж хийдэг. Тэгэхээр гэмтэл харах, юуг засахаа хамгийн сайн харах нь аргагүй биз дээ. Хурдын “Замд шингэсэн заяа” дууны үг шиг малгайгаа гандтал хээрийн салхитай нөхөрлөөд явж байгаа миний замчид, миний найз нар байдаг. Би одоо өмсөж байгаа малгайгаа хотоос хайж хайж таарангуут нь хоёр ширхгийг авсан. Малгай маш хурдан ганддаг. Өнөөдөр би шинээр нь өмсөөд та бүгдийг угтаж байна. Хөлс гарахаар малгайгаараа шудраад л хийнэ. Намайг ажилд орсны дараа шинэ замчин ховорхон ирдэг байсан. Шинэ замчин модрон түрдэг байхгүй юу. Би бараг таван жил түрсэн. Баяр болохоор хамгийн бага нь сөн түшнэ гээд хуваарьт ажилтай” гэж хошигнов. Одоо бол сар хүрэхгүй залуу замчид ар араасаа ирдэг болжээ. Замын мастер залуустай тулж ажиллана. За миний дүү яаж байна, ядарч байна уу гээд санаа бодлыг нь сонсоно. Үнэхээр идээшихгүй буцах хүн ч бий. Тийм үед гунигтайхан үдэж өгнө. Заримдаа юу юугүй шантрах нь дээ гэсэн хүүхдүүд харин ч сайн замчин болоод үлдэх нь бий. Тийм үед сэтгэл нь нэг л баяртай байдаг аж. Л.Батсүх мастер өөрийн туулсан замыг гэрэл гэгээтэй, ирээдүйтэй гэдэгт итгэлтэй учраас зориод ирсэн залуусыг ирээдүйд буйдхан зөрлөгийг даагаад үлдэх ноён нуруу болно гэх итгэл сэтгэлээр угтдаг нь ярианаас нь илт. Анир гүмхэн энэ зөрлөгт амьдрал үргэлжилсээр... Замчдын ажил халуун дулаан сэтгэл дээр, хамгийн бат бөх итгэл дээр оршдог санагднам. Зөрлөгийн цөөхөн байшингийн гэрэлтэй цонх бүрийн цаана амгалан тайван, эгэлхэн амьдрал хөвөрнө. Хамгийн жаргалтай амьдрал амар амгалан амьдрал гэдгийн утгыг тэнд л мэдрэх шиг...
Зөв төлөвлөлт, зохион байгуулалт
Энэ бол ямар ч ажилд хамгийн чухал нөлөөтэйг мастер залуу сайн мэднэ. Ажилчдаа илүү цагаар ажиллуулахгүй байхын тулд зөв төлөвлөлт, зохион байгуулалтыг хийх ёстой. Дээхнэ үед илүү цаг гэж ярьдаггүй, нормт ажлаа дуустал ажиллана гэдэг байж. Тиймээс урин дулааны улиралд замчид заримдаа 21.00 цагт ч ажлаасаа буух үе байж. Одоо ажлын найман цагтаа төлөвлөсөн ажлаа хийгээд 17.00 цагт ажлаас буудаг. Өмнө нь ажил удирдагч норм төлөвлөгөөгөөр ажлаа шахдаг байсан бол одоо ажлаа нягт төлөвлөөд өөрсдөө манлайлан орж, цаг хугацаандаа ажлаа дуусгадаг болсон. Энэ бол өөрчлөлт. Дээр нь, зам төмөр бетон дэртэй, Р65 зам төмөртэй болсноор замчдын хөдөлмөр ч хөнгөрч, цахилгаан багажнууд ч бүтээмжийг нь нэмжээ. Мастерыг анх замчин болж байхад замчид 500 метрт бүтэн өдөр ажилладаг байсан бол одоо хоёр км замын ажлыг гүйцэтгэдэг болсон гэв. Ганц жишээ татахад хадаас авах ажлыг хүч тэнхээтэй эрэгтэй хүн л хийдэг байсан бол одоо хэн ч түлхүүр бариад тайлаад явчихаж байна. Хадаас маань түлхүүр болж хувирсан. Өнөөдөр хүчтэй бяртай хүмүүсээс илүү технологио мэддэг, хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлаа хангасан боловсорсон замчдыг цаг үе шаардаж байна. Төмөр замд хэзээ ч өөрчлөгдөхгүй нэг л зүйл нь хөдөлмөрийн болоод хөдөлгөөний аюулгүй байдал гэв.
Тэтгэвэртээ гарсан хойно л миний айдас арилах байх даа
Л.Батсүх мастерын “Би ажилдаа маш их дуртай. Мастер гэх ажилд биш төмөр замыг засдаг, төмөр замчны ажилдаа дэндүү дуртай хүн юм билээ. Анх замчнаас бригадын дарга болгоход “Би чадахгүй ээ” гэхэд хамт олон минь “Чадна аа” гээд итгэл хүлээлгэсэн. Бригадын даргын ажлын учрыг олохтой болтол мастер бол гэсэн. Ёстой барахгүй ээ гэхэд минь Ж.Борхүү дарга “Би хүнээ танихгүй байна уу. Чи чадна, мастер болох цаг чинь болсон” гээд шулуухан тулгачихсан. Тийм их итгэл хүлээлгэхэд нь улам хичээж, махарч ажиллах болсон. Олон хүний өмнөөс хариуцлагын тухай л хамгийн түрүүнд боддог юм билээ. Замчдаа хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамж авч, чин сэтгэлээсээ ажиллуулахын тулд урам зоригоор дүүргэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ сайхан ажиллаж амьдарч таарна. Мастер 30-аад хүн хариуцахын дээр эд хөрөнгө, тайлан тооцоо, аюулгүй байдал гээд санаа бодлоо хоёр чиглэлд хуваагаад явдаг. Мастер идэвхгүй, санаачлагагүй бол хэсэг тэр чигтээ ундуй сундуй, замчид нь гундуу явна. Замчид маань баяр баясгалантай, ажилдаа хайртай дуртай байж сайхан амьдарч таарна шүү дээ. Тийм орчныг бүрдүүлэх нь миний үүрэг. Манайх дөрвөн тасагтай, дөрвөн хүүхэдтэй айл шиг л байна. Хүүхдүүдээ алагчилж болдоггүй шиг тасгууддаа бүх юмаа боломжоороо хуваарилна. Гавьяа шагналын тухайд төмөр замын бүхий л шагналыг авлаа. Хамгийн сайхан шагнал бол “Тэргүүний залуу алтан медаль” юм. Яагаад гэвэл хамгийн анх их урам зориг өгч, ирээдүйдээ итгэлтэй болоход минь нөлөөлсөн. Намайг удирдан чиглүүлж ирсэн ах нартаа л баярлаж байна. Анх намайг мастер болоход Д.Алтангэрэл (одоогийн ангийн дарга) ах маань мастер хүн ямар байхыг, ямар үүрэг хариуцлага нуруун дээр ирж байгааг тайлбарлаж өгч билээ. Алтанбаатар ах цүпний зөрөө, суулт, чиг бүгдийг зааж өгсөн багш минь. Шинэхэн мастерт өөртөө итгэхгүй эргэлзэх үе олон. Тэгэхэд “Чи өөртөө итгэ” гэж хэлсэн нь ачаа даах сэтгэлийн хүч өгөх шиг болсон. Одоо ч ах нарын захиас, тэр үгс их түшиг болдог. Манай бригадын дарга Зоригтбаатар ах минь саяхан тэтгэвэртээ гарлаа. Ах нар маань гавьяандаа сууцгааж, надад зөвлөх хүн цөөрөх тусам урд минь чиглүүлж байсан чиг бүдгэрч, би барьцгүй болж байгаа юм шиг мэдрэмж төрж, нуруун дээрх хариуцлага улам зузаарч байгаа мэт санагдсан. Би том мундаг боллоо гэж хэзээ ч бодож байгаагүй, аюул хажууд байгаа мэт л сэтгэлд ямагт анхаарлын шар гэрэл асаатай байдаг ажил шүү дээ. Тэтгэвэртээ гарсан хойноо л миний айдас арилах байх” гээд цайлганаар инээв.
А.Энхсайхан
