Нүүр Нийгэм Найрамдлын аялгуу, дурсамжаар дүүрэн өдөр
Нийгэм

Найрамдлын аялгуу, дурсамжаар дүүрэн өдөр

G.Press 1 цагийн өмнө 7 үзэлт 0 сэтгэгдэл

Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд Ахмадын холбоо софт волейболын тэмцээн, дуун цэнгүүн зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулж, ахмад төмөр замчдаа баярлуулсан өдөрлөг боллоо. Энэ сарын 27-ны өдөр Ахмадын өргөөний урлагийн төвийн бүсийн дуун цэнгүүнийг нэгдүгээр болон тавдугаар бүс хамтран зохион байгуулж, ахмадуудынхаа авьяас билэг, эрч хүч, идэвх оролцоог нэгэн дор цуглуулсан баяр хөөртэй үйл ажиллагааг өрнүүлэв. Өдөрлөгийн хүрээнд “Орос дууг хэн сайн дуулах вэ?”, “Караоке дууг хэн сайн дуулах вэ” дууны болон цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Ахмад буурлууд дуртай дуугаа дуулж, бүжгийн талбайд эрч хүчтэйгээр цэнгэн, залуу насны дурсамжаа сэргээсэн нь арга хэмжээний хамгийн сайхан мөчүүдийн нэг байв.

Мөн ахмадуудын дунд зарласан “Орос мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан үеийн дурсамж” нийтлэлийн уралдаанд нийт 25 бүтээл ирсэн нь Монгол, Оросын төмөр замчдын олон жилийн хамтын ажиллагаа, нөхөрлөл, харилцан хүндэтгэлийн үнэ цэн өнөөдөр ч ахмад үеийнхний сэтгэлд тодхон хадгалагдаж байдгийг илтгэж байлаа. Үүний зэрэгцээ түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, хоёр орны төмөр замчдын хамтын хөдөлмөр, нөхөрлөлийн түүхийг гэрэл зургаар дамжуулан эргэн дурсав. Арга хэмжээнд УБТЗ-ын Мэдээлэл технологи хариуцсан орлогч дарга А.С.Бутов оролцож, замын удирдлагуудын мэндчилгээг ахмад буурлуудад уламжлан, баяр хүргэн хүндэтгэл илэрхийллээ. Мөн Ахмадын холбооны гүйцэтгэх захирал Ч.Цогтбаяр, Хүүхдийн секторын ахмадын хорооны дарга, гавьяат багш Л.Цолмон нар Орос мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцсан юм. Түүнчлэн, Төмөр замын дээд сургуулийн ахмад багш Б.Ганчимэг УБТЗ-ын I орлогч даргаар ажиллаж байсан Н.Цэрэнноров агсантай ярилцаж байсан сонирхолтой, нандин дурсамжаа хуваалцсан нь арга хэмжээнд түүхэн үнэ цэн, сэтгэлийн дулаан уур амьсгал нэмлээ. Ийнхүү дуу хуур, бүжиг наадам, дурсамж хүүрнэлээр хөглөгдсөн энэ өдөр ахмад төмөр замчид маань найрамдал, нөхөрлөлийн үнэ цэнийг дахин мэдэрч, хамт олноороо нэгэн өдрийг баяр хөөртэй өнгөрүүллээ. Монгол-Оросын найрамдлын сарын үйл ажиллагааны хаалтын арга хэмжээг аравдугаар сарын 30-ны өдөр “Ган зам” паласт зохион байгуулсан. Ахмад үеийнхнийхээ бүтээсэн нөхөрлөл, хамтын ажиллагааны сайхан уламжлалыг үргэлжлүүлэн бэхжүүлэх энэхүү арга хэмжээнд ахмадууд өргөнөөр оролцов. Найрамдал гэдэг он цагийн уртад бүдгэрдэггүй, хамтын хөдөлмөр, халуун дотно дурсамжаар үеэс үед уламжлагддаг эрхэм нандин холбоо билээ.

 

П.Түмэн

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.