Нүүр Тэмдэглэл Үзлэг дуусаж, өвөл хаяанд ирлээ
Тэмдэглэл

Үзлэг дуусаж, өвөл хаяанд ирлээ

G.Press 3 цагийн өмнө 88 үзэлт 0 сэтгэгдэл

Замын даргын үзлэгийн комисс аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд төвийн хэсэгт ажиллаж, 30-нд дүнгийн хурлаа хийснээр энэ намрын үзлэг өндөрлөлөө. Энэ жил Улаанбаатар зангилаанд ажилласан үзлэгийн комисс рейлбус хөлөглөн Амгалан, Толгойт хэсгийн үзлэгийг хийсэн нь бензин шатахууны хомсдол, автозамын түгжрэлийг тойрч, цаг хугацаа хэмнэсэн тун оновчтой шийдэл байлаа гэж комиссын гишүүд дүгнэнэ билээ. Үзлэгийн комиссыг УБТЗ-ын дарга, МУГТ Х.Хэрлэн, Замын I орлогч дарга О.А.Казаков нар ахалж, төвийн хэсгийн төмөр замчдын өвлийн тээврийн бэлтгэл, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашгийг шалгаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, тодорхой үүрэг даалгаврыг өглөө.  

Монголд анх удаа зүтгүүрийн КР засварыг амжилттай хийлээ

Улаанбаатар Татах хэсгийн хамт олон 70 жилийнхээ түүхт ойн жилийг Монгол Улсад анх удаа зүтгүүрийн КР засварыг хийсэн амжилтаар “дархлалаа”. Замын даргын үзлэгийн комисс очих үеэр их засвараас гарсан “2ТЭ116УМ-016” илчит тэргийг тээвэрт хүлээн авах ажиллагааг зохион байгуулсан юм. Замын дарга, МУГТ Х.Хэрлэн үйл ажиллагааг нээсэн хэлсэн үгэндээ “Манай зүтгүүрчдийн олон жилийн өмнөөс төлөвлөж, мөрөөдсөн энэ ажлыг 2024 оноос эхлүүлсэн. Зүтгүүрчид энэ ажилд хоёр жилийг зарцуулж, өнөөдөр анхны зүтгүүрийг тээвэрт хүлээлгэн өгч байна. Маш том ажлыг амжилттай хийж чадсан та бүхэнд баяр хүргэе. Энэ их засварыг гадны оронд хийлгэхээс хоёр дахин бага зардлаар эх орондоо хийлээ” гэж онцолсон юм. 2011 оноос зүтгүүрийн паркыг 2ТЭ116УМ серийн илчит тэрэгнүүдээр шинэчилсэн бол өдгөө энэ тэрэгнүүд 2.4-2.6 сая км замыг туулж, их засварт орох болжээ. Улаанбаатар татах хэсгийнхэн илчит тэрэгний их засварын эхний шанг ийнхүү амжилттай татлаа. Одоо тэднийг 30 илчит тэрэг хүлээж байна. Аливаа ажлыг эхлүүлэх нь замынхаа 50 хувийг туулсантай тэнцдэг гэдэг. Ирэх жил дөрвөн илчит тэргэнд КР их засвар хийхээр төлөвлөсөн байна.

Дараагийн их засваруудыг богино хугацаанд хийнэ гэдэгт Замын удирдлагууд итгэлтэй байлаа. Нэг илчит тэрэгний их засварыг хилийн цаана хийлгэсэн бол 12 тэрбум гаруй төгрөгийг зарцуулах байж, харин манайхан зургаан тэрбум гаруй төгрөгөөр хийжээ.

Улаанбаатар өртөөний даргаар Ч.Сугирбаатар томилогджээ

Улаанбаатар хэсэглэлийн хэмжээнд төлөвлөгөөт үзүүлэлтүүд 140 хүртэл хувийн биелэлттэй. Гэхдээ Амгалан, Улаанбаатар өртөөнд ачилт, буулгалт буурсан. Буулгалт буурсан нь Японоос орж ирдэг хуучин автомашины тээвэр багассан, мөн сүүлийн жилүүдэд цаг агаарын дулаарлаас шалтгаалан цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ буурч байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.

Харин хэсэглэлийн өртөөдөөс Багахангай, Мааньт өртөөнд ачилт, буулгалт өссөн дүнтэй байна. Тээврийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97 хувийн биелэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Амгалан өртөөний тээврийн орлого 18, Улаанбаатар өртөөнийх таван хувиар буурсан дүнтэй байна. Өмнөх үзлэгийн үеэр удаа дараа хүсэлт тавьж байж энэ оны эхнээс ахлах найруулагчийн орон тоог батлуулан ажиллуулснаар хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр нааштай үр дүнгүүд гарч байна гэж танилцууллаа.

Улаанбаатар өртөөнийхөн дотоод нөөц боломжоо ашиглан ажлын байрны засвар тохижилтыг бага зардлаар хийж гаршсан. Энэ удаад ч засаж тохижуулсан өрөө тасалгаагаа комисст үзүүлсэн. Ташрамд дуулгахад тус өртөөний дарга Б.Удамбуян өөр албанд томилогдож, түүний оронд Замын-Үүд өртөөг чамгүй олон жил чадварлаг удирдсан Ч.Сугирбаатар дарга ажлыг нь хүлээн авчээ.

Дунд засварын үр дүн гарч байна

Замын II ангийнхан сүүлийн жилүүдэд дотоод нөөц боломжоо ашиглан дунд засварыг чанартай хийж, суурь бүтцийн найдвартай байдлыг бэхжүүлж байгаа. Түүний үр дүнд тус ангийн замын хэсгүүд замын баллыг төлөвлөгөөнөөс 6-17 баллаар багаар арчилж байна. Мөн тус ангийн хэмжээнд замын III зэргийн гэмтэл, хурц гэмтлээр солигддог зам төмрийн тоо өмнөх жилүүдээс буурчээ. Тухайлбал, гуравдугаар зэргийн гэмтэл 2023 онд 115, 2024 онд 103, 2025 онд 66 гарч байсан бол 2026 онд 12 болж эрс буурчээ. Үзлэгийн үеэр албаны дарга ч энэ ангийн жишээнээс хусалттай дунд засвар маш үр дүнтэй байгааг үзлэгийн комисст илтгэсэн. Сайн ажлын туршлагаар бусдадаа үлгэр жишээ болдог энэ хамт олон өнгөрсөн зун хөлс их дуслуулж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайн базаасан. Гэвч энэ онд тус анги гурван гологдол, найман дутагдалтай ажилласан. Гаргасан алдаа дутагдлын мөрөөр ажил төлөвлөн хийж байгаагаа мөн илтгэсэн билээ.

Дөнгөж саяхан 18 бойлуурыг ажлаас нь “халав”

Зорчигч тээврийн төв буудал үзлэг очихын өмнөх өдөр л төвийн халуун усны шугамд холбогджээ. ХХI зуунд хотын төвд, бүр УБТЗ-ын нүүр царай болсон вокзал 18 ялтсан бойлуураар усаа халааж байсан гэж бодохоор итгэмээргүй. Ямартай ч вокзалын удирдлагууд 2018 онд хөөцөлдөж эхэлсэн ч ковидын жилүүдэд гацсан энэ ажлыг сая л гүйцэлдүүлсэн байна. Мөн нийтийн ариун цэврийн өрөөнд их засвар хийж, өнгө төрх нь өнөө үетэй нийцжээ. Одоо зорчигчдын хүлээх танхим л өнгөрсөн он жилүүдийн тоос тортогтойгоо торойж үлдсэн харагдана билээ. Ирэх жил засах бизээ.

Авто зогсоолынхоо төлбөр хураамжийг авах ажиллагааг цахимжуулж, хөлсний гэрээгээр ажиллаж байсан зургаан ажилтны тоог нэг болгож бууруулсан зэрэг ахиц дэвшлүүд гарчээ. Вокзал маань урсдаг шаттай болсон нь цаг үетэй хөл нийлүүлсэн том дэвшил байсан. Гэхдээ урсдаг шат эрчим хүчийг “уудаг” эд гэнэ. Тиймээс зорчигчдын тавцан дээрх бүх сүүдрэвчний дээврийг нарны панелиар шийдэж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төлөвлөгөөтэй байна. Ирэх оны эхний улиралд ажил хэрэг болгохоор Замын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулж амжжээ. Тэгвэл энэ байгууллага ажлаас халсан 18 бойлуур дээрээ урсдаг шатныхаа “уудаг” цахилгааныг сэргээгдэх эрчим хүчээр шийдэж чадвал овоо хэмнэлт хийх бололтой.

Залуу инженер оюуны бүтээлээ танилцуулав  

УБТЗ-ын өнөр хамт олон дунд үеийн үед сэтгэгчид, бүтээгчид хөгжлийг шат ахиулж байдаг нь юутай олзуурхам. Үзлэгийн комисс Дохиолол холбооны II ангид ажиллах үеэр тетра өгөгдлийн сүлжээ хариуцсан инженер Б.Баярцогт гол замын бүх өртөө зөрлөг дэх баз станц, тэдгээрийн тэжээлийн зогсоогуур, шулуутгагч, дизель генераторуудын нөөц, өртөө хоорондын хориглолын свич, тетра холболтын төвийн серверүүдийн хэвийн ажиллагааг хянах программыг зохиож, туршиж байгаагаа танилцууллаа. Ингэснээр өмнө нь өртөө, зөрлөгийн холбооны механикч нар биеэр шалгадаг байсан ажилбарыг орон зай, цаг хугацаа хамаарахгүй алсаас хийх болжээ. Ингэснээр холбоо, дохиоллын найдвартай ажиллагааг сайжруулж, гэмтэл, саатлын тоог бууруулахад томоохон дэвшилт гарч байна. Нөгөө талаар, өртөө зөрлөгт ажиллаж буй холбооны механикч нарын ажлыг алсаас хянах, тэднийг удирдлагаар хангаж ажиллахад дөхөм болж байгааг алба, ангийн удирдлагууд онцоллоо. Түүний хийсэн программыг албаны хэмжээнд нэвтрүүлэх юм байна. Ийм төрлийн программыг Мэдээлэл технологийн алба болон гадны байгууллагуудад захиалгаар хийлгэсэн бол хэр хэмжээний өртөг зардал шаардах байсан бол. Тэгвэл үндсэн ажлынхаа хажуугаар шинэ программ зохиосон инженер Б.Баярцогтод Замын I орлогч дарга баяр хүргэж, заавал урамшуулна гэсэн юм. Одоо энэхүү программыг бүрэн дүүрэн ашиглахад сервер хөрөнгө оруулалтаар авах шаардлагатай байгаа гэнэ.

Ташрамд дурдахад Б.Баярцогт инженер МУИС-ийг дүүргэж, УБТЗ-д 2015 оноос ажиллаж байгаа юм байна. Тэрбээр, ийм программ зохиохыг олон жилийн өмнөөс төлөвлөж, судалж байгаад 2026 он гармагц программ зохиох ажлаа эхлүүлжээ. Туршилтыг есдүгээр сарын сүүлчээс эхлүүлж, сар гаруй хугацаанд тун үр дүнтэй байгааг ярилаа. Ийнхүү Хойт зөрлөгөөс-Замын-Үүд өртөө хүртэлх бүх өртөө зөрлөгт дэх дээр дурдсан тоног төхөөрөмжийн мэдээллийг алган дээр тавьсан мэт харах боломж бүрджээ.

“Талын гэгээ” дахин хэзээ аялах вэ?

УБТЗ жил бүр зорчигч тээврийнхээ 40 тэрбумын алдагдлыг нуруундаа үүрч явдаг. Ядахад энэ жил 40-өөс дээш жилийн насжилттай 109 вагон “тэтгэвэр”-т гарч, “дайран дээр давс” гэгчээр байдал улам амаргүй болсон. Алдагдалтай гээд хаачихаж болохгүй ард түмний амьдралыг залгуулдаг, хамгийн хямд унааг зогсоох эрх төмөр замчдад байхгүй. Ядахад энэ жил түлш шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан ард иргэд галт тэргээр газар дөхөхийг илүүд үзэх болсон ч цөөн бүрэлдэхүүнтэй явах болсон галт тэрэгнүүд зорчигчдоо багтаахаа больсон. Энэ мэт зорчигч тээвэрт хоолойд тулсан асуудал маш олон.

Зорчигчийн вагон депод үзлэгийн комиссын дарга О.А.Казаков нэг асуудалд багагүй бухимдсан юм. Учир нь тэр актлагдсан вагонууд дотор 2025 онд багагүй хөрөнгө зарж их засвар хийсэн хэд хэдэн вагон, мөн шугам замынханд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны вагонуудаа хүртэл “тавиад туучихсан”. Ядахад та бүхний хийсэн их засварт баталгаат хугацаа гэж байхгүй юу гэж асууж, хөрөнгө мөнгө зарцуулж хийдэг их засварынх нь үр ашгийг алба болон депогийн удирдлагаас дахин дахин лавлана билээ.

Цагтаа “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны вагонуудыг засварлаж, өөрчлөн тоноглоход багагүй хөрөнгийг Замаас зарцуулж, вакум 00 хүртэл хийж, ИТА-чдын олон инноваци шингээж бүтээснийг мэднэ. Ингээд төмөр замчдын хандиваар авсан эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглон гаргаж байсан даа. Шугам замынхан маань урьдчилан сэргийлэх үзлэгт орох гэж явдал чирэгдэл болохгүй тун амар байсан юмсан, харамсалтай.

Тасалдал гэмтлийн тоог бууруулжээ

ЭХУХ-ийн I анги хэзээнээсээ аж ахуйгаа аятайхан өөд татаад явдаг уламжлалтай. Тэд энэ намрын үзлэгийн комисст баруун урд хэсэгтээ шинэ хаалга гаргаж, байгууллагынхаа орц гарцыг бөглөрлөөс зайлуулснаа үзүүллээ.  Үндсэн үйл ажиллагааны хувьд эрчим хүчний чиглэлээр 2.2 тэрбум төгрөгийн ашигтай, усны аж ахуйгаар харин 320 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Өмнөх оны мөн үеэс усны аж ахуйн алдагдлыг 100 гаруй сая төгрөгөөр бууруулсан байна. Энэ онд багтааж Зүүнхараа, Салхитын усны шугам сүлжээг орон нутагт нь шилжүүлэх юм байна. Ингэвэл усны аж ахуйн алдагдал тодорхой хувиар буурна гэж танилцуулав.

Ангийн хэмжээнд нийт ашиг 2.2 тэрбум төгрөг байгаа нь орлогын төлөвлөгөөг 12 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт аж.

Нийт цахилгааны тасалдал 87 нэгжээр өсөж, үргэлжлэх хугацаа 37 цагаар буурсан байна. Эндээс төлөвлөгөөт тасалдал 75 нэгж, 571 цагаар өссөн байна. Төлөвлөгөөт бус тасалдал буюу гэмтэл 12 нэгжээр өссөн ч үргэлжлэх хугацаа нь 195 цагаар буурсан. Ангийн хэмжээнд харин гэмтэл тасралтын тоо, үргэлжлэх хугацаа буурсан байна. Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс шалтгаалсан гэмтэл, тасралтын тоо болон үргэлжлэх хугацаа өссөн. Гэмтэл тасралтын шалтгаан нөхцөлөөр авч үзвэл техникийн гэмтэл 12 нэгж, 79 цагаар, давагдашгүй хүчин зүйлийн гэмтэл дөрвөн нэгж, 197 цагаар буурсан, бусад шалтгаант гэмтэл 21 нэгж, 23 цагаар буурсан. Хэрэглэгчээс шалтгаалах гэмтэл дөрвөн нэгжээр буурсан ч үргэлжилсэн хугацаа нь 15 цагаар өссөн. Гадны шалтгаант гэмтэл таван нэгж, 66 цагаар өссөн байна. Хүний буруутай үйлдлээс шалтгаалсан гэмтэл гараагүй байна. Усны аж ахуйн хувьд нийт тасралт үргэлжлэх хугацаа нь 41 цагаар өсжээ.   

Вагончид цаасгүй технологиос цаг хугацаа, зардал хэмнэж байна

Б.Азжаргал даргатай Вагон ашиглалтын депогийн хамт олон ачааны вагоны паркыг өвлийн тээвэрт бэлтгэх ажлаа хугацаанаас нь өмнө дууссан байна. Мөн энэ жил технологийн нэгдсэн горимыг шинэчлэн Замын даргаар батлуулжээ. Технологи шинэчлэгдсэнээр нэг галт тэргэнд 2-3 удаагийн үзлэг хийдэг давхардлыг арилгаж, үзлэг хүлээх вагоны сул зогсолтын хугацааг бууруулсан байна. Үр дүнд нь дамжин өнгөрөх галт тэрэгний хугацааг хоёр цагаар бууруулсан гэж танилцууллаа. Үүнээс гадна 81-100 вагонтой галт тэргэнд дөрвөн вагон үзэгч ажилладаг байсныг хоёр болгожээ. Дээрх үр дүнгүүд нь өртөөдийн тээх нэвтрүүлэх чадварыг сайжруулахад зохих хувь нэмрийг оруулж байгаа аж.

Депогийн хэмжээнд ээлжийн ажлын зурмагийг цахимжуулж, жилд 8000 орчим цаасан зурмагийг хэвлүүлэх 73.4 сая төгрөгийн зардлыг хэмнэж чаджээ. Одоо галт тэрэгний тоормозын найдваржилтын бүртгэлийг цахимжуулах ажлыг эхлүүлж, хэвлэлийн зардлын 10.8 сая төгрөгийг хэмнэх тооцоог хийжээ. Цахимд шилжүүлсэн ажилбаруудаас цаас, мөнгө төдийгүй цаг хугацаа хэмнэх болжээ. Тодруулбал, галт тэрэг тус бүрийн сул зогсолтыг 3 минутаар бууруулсан байна. Түүнчлэн, депогийн удирдлага хүний нөөцийн судалгааг маш нарийвчлалтай гаргаж, шилжилт хөдөлгөөн, өвчлөл зэргийн судалгаанд үндэслэн хариу арга хэмжээг авч буйгаа танилцууллаа.

Тус депод үзлэгийн комисс ажиллах үеэр Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч МУГТ А.Пүрэвбаатар хос дугуйны дэлний элэгдлийн талаар хийсэн 30 жилийн судалгааныхаа үр дүн, авсан хариу арга хэмжээ, гаргасан эдийн засгийн хэмнэлтийн талаар танилцуулга хийж, өөрийн гаргасан номыг комиссын гишүүдэд дурсгав. Үзлэгийн комиссын ахлагч Замын I орлогч дарга О.А.Казаков түүнд тусгайлан талархал илэрхийлж, цаашид энэ мэт олон судалгааны ажил хийж, залуустаа зааж, сургахыг хүслээ.

ЗЗМС-ынхан тэрбумын ашигтай ажиллажээ

Энэ жилийнхээ 46 км-ийн төлөвлөгөөт их засвараа бүрэн хийж дууссан тус хамт олон тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ. Бусад төмөр замуудад зарим техник хэрэгслээ түрээсээр ашиглуулж, орлого олж байгаа аж. Тус ангийн хувьд Амгалан дахь Механик цех нь газарт орж, томоохон нүүдэл суудал хийхээс аргагүй болсон. Ирэх оны эхний улиралд газраа чөлөөлөх шаардлагатай болжээ. Мөн тус ангийн хувьд нэлээд хэдэн вагоноо актлуулснаар парк шинэчлэлт хоолойд тулчихаад байгаа. Уг нь, хөдлөх бүрэлдэхүүний паркаа шинэчилчихвэл дотоодын их засвараа богино хугацаанд хийхээс гадна бусад төмөр замууд, төслүүдэд ажиллаж орлого олох ч боломжтой бололтой.

 Итгэл найдвар ирээдүй цагт хэвээр...

АБТЭМА-гийн ажил нэг л урагшилж өгдөггүй хэвээр. Уг нь хаврын үзлэгээр тус ангийн шинэ дарга барилга байшингаа засаж тордох, хашаа хороогоо цэгцлэхээс эхлээд нэлээд эрчтэй ажлаа эхлүүлснээ танилцуулсан. Мөн зарим өндөр тарифыг

бууруулбал зах зээлд эн тэнцүү өрсөлдөж, алдагдлаа арилгана. Ахиад цаашдаа ашиг ч олно гэж амласан. Гэвч намрын үзлэгээр тус анги 1.4 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай хэвээр угтав. Он дуусахад алдагдал ахиад нэмэгдэнэ. Үзлэгийн комиссын дарга “Би та бүхний хүсэлтээр хоёр ч тариф өөрчлөх тушаалд гарын үсэг зурсан санагдана. Байдал дээрдсэнгүй. Төмөр замчдын эрвийх дэрвийхээрээ хичээж олсон орлогыг тэрбумаар алдаад сууж байна. Танайх зорчигч тээврийн дараа орох алдагдалтай байгууллага боллоо” гэж ширүүхэн шүүмжлэв. Уг нь зах зээлд өрсөлдөх бааз суурь, талбай тэдэнд хангалттай бий. Амгалан дахь хэсэг дээр нь Замын дарга Х.Хэрлэн өөрөө очихдоо “Энэ сайхан талбайг эдийн засгийн эргэлтэд л оруулах нь чухал байна” гэж онцолсон.

Уг нь, тус хамт олон хавраас намар хүртэл зүгээр суугаагүй гэв. Харилцагч нартай уулзсан, ажил хэрэг ярьсан, ирэх жилээс манайхтай гэрээ хийнэ гэж амласан гэж тайлбар тавилаа. Итгэл найдвар ирээдүй цагт байсаар... Ирэх хаврын үзлэгээр л... гэсээр комиссынхон рейлбусандаа суулаа.

 

Б.Гүнжинлхам

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.