Нүүр Тэмдэглэл Төмөр замчдынхаа нийгмийн асуудалд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийнэ
Тэмдэглэл

Төмөр замчдынхаа нийгмийн асуудалд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийнэ

G.Press 2 цагийн өмнө 276 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдоор ахлуулсан үзлэгийн II комисс өнгөрсөн сарын 27-29 ний хооронд төвийн хэсэглэлд ажиллаж, нийгмийн чиглэлийн байгууллага тус бүрийн өвлийн бэлтгэл ажлыг шалгаж, холбогдох үүрэг даалгаврыг өгөхийн зэрэгцээ өнгөрсөн үзлэгийн үеэрх үүрэг, даалгаврын хэрэгжилттэй биечлэн танилцлаа.

УБТЗ УУРЫН ЗУУХУУДАА НИЙСЛЭЛД ШИЛЖҮҮЛНЭ

Амгалан дахь БЗАҮ-ний ангийн Ус, дулаан дамжуулах төв 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр 450 өрх, 16 байгууллагыг ус дулаанаар хангаж байна. УБТЗ-ын бусад ЦТП-тэй харьцуулахад тус төвд хамгийн олон айл өрх хамрагддаг аж. Зарим айл төлбөрөө төлөхгүй хуримтлуулснаас авлага үүсээд байгааг учирлалаа. УБТЗ цаашдаа ус, дулаан дамжуулах төвүүдээ нийслэлд шилжүүлэх бодлогыг барьж байгаа. Тиймээс энэ мэтчилэн авлагыг яаралтай барагдуулж ажиллахыг үзлэгийн комиссын ахлагч үүрэгдлээ. Мөн сар бүрийн эрчим хүч, усны зарцуулалт, гэмтлүүдийн түүврийг гарган эргэж мэдээллэхийг сануулав. Худалдан авах, ажиллагаа борлуулалтын албаны агуулахын хашаанд байх уурын зуух нь автомат ажиллагаатай болсон тул хүн ажиллахаа больжээ. Гэсэн хэдий ч огт эзэнгүй, гадна ажиллаж буй барилгачид жорлонг нь ашиглаж, цоож цуургагүй, замбараагүй байв. Дулаан дамжуулах төв нь өндөр температурт ажилладаг, даралтат савтай, төвийн шугамтай холбогддог учир зөвхөн технологийн хүмүүс ордог. Тиймээс энэ байдлыг цэгцлээд эргэж илтгэхийг А.Батболд дарга үүрэг болгов.

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ЧУХАЛ

Төв засварын үйлдвэрийн ажилчдын цайны газар өнгөрсөн хаврын үзлэгээр дориун ажиллаж байсан бол энэ удаагийн үзлэгээр хангалтгүй байлаа. Хоолноосоо дээж авдаггүй, хүнсний аюулгүй байдлаа хангаж ажиллахгүй байгаагаас Кейтеринг Зочлох үйлчилгээний хэлтсээс хэд хэдэн удаа албан шаардлага хүргүүлжээ. Зөрчлөө арилгахгүй байгаа тул франчайзын гэрээг нь цуцлах саналтай байгаагаа Кейтеринг-Зочлох үйлчилгээний эрүүл ахуйч Д.Хүрэлтогоо санал болголоо. Харин Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга үндсэн байгууллагатайгаа сайтар зөвшилцөж, хамтарч ажиллахыг зөвлөлөө.

БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, БАГШИЙН ХӨГЖИЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД

Үзлэгийн комисс Хүүхдийн секторын харьяа “Бамбарууш”, “Дэгдээхэй”, “Найрамдал”, “Солонго”, “Ган зам” салбар цэцэрлэг болон Сурагчдын дотуур байрны үйл ажиллагаатай танилцлаа. УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяанд 73 дугаар сургуулийн Сурагчдын дотуур байр, “Хандгайт” хүүхдийн зуслан хамрагддаг. Сурагчдын дотуур байранд 149 хүүхэд сурч хүмүүжиж байгаа бол Хүүхдийн секторын 26 цэцэрлэгт 3540 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Тоон судалгаагаар аав ээж нь тусдаа амьдардаг, өнчин, хагас өнчин гэхчлэн эрсдэлт нөхцөлтэй 200 хүүхэд байгаа бол аутизм, даун, хэл яриа, хөдөлгөөн, оюуны, мөн хараа, сонсголын бэрхшээл бүхий, ялгаатай хэрэгцээтэй 47 хүүхэд сурч хүмүүжиж байна. Багшийн суралцахуйн хөгжлөөр хүүхдийн хөгжил хэмжигдэх учир багш нараа хөгжүүлэх, чадавхжуулах асуудлыг Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд чухалчлан тавьж байлаа. Тухайлбал, хүүхэд 2-6 насандаа сэтгэл зүй нь гэмтэх аваас бие хүн болоод ч тэрхүү сэтгэл зүйн гэмтэл нь биеийн гэмтэл болон даамжирч, насан туршийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг аж. Тийм ч учраас хүүхдийн тухай бүхий л хуульд хүүхдэд ээлтэй хүндэтгэлтэй хандах тухай заалт байдаг. Эдгээрийг хэдэн цахим сургалтаар нэр хаасан төдий тайлагнахаас илүүтэй, багш нарыг тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэйг анхаарууллаа. Мөн дотуур байрны сурагчдын хоолны илчлэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

УБТЗ-ын Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн хувьд төмөр замчид болон үйлчлүүлэгчдэд стандартын дагуу эрүүл, чанартай хоолоор үйлчлэх үндсэн зорилгынхоо дагуу ажиллаж байна. Тус хэлтэс таван хэсэглэлтэй бөгөөд хойд, урд, мөн төвийн хэсэглэл багтаж байгаагаас төвдөө Улаанбаатар, “Ган зам” ресторан, Хоол бэлдэцийн үйлдвэр ордог бол урд хэсэглэлд “Жинчин” төв ордог байна. Нийт 293 хүн 39 цэг салбараар үйлчилгээгээ үзүүлж байна. Хэдийгээр хүнс, ялангуяа махны үнэ нэмэгдсэн энэ үед таваг хоолны үнэ харьцангуй өндөр тусаж байгаа ч хамгийн боломжит хувилбараар үнээ барьж ажиллаж байгаагаа илтгэлээ. Мөн Толгойт өртөөний ажилчдын цайны газар, АБТЭМА-ийн цайны газрууд хангалттай сайн ажиллаж байгаа аж. Нарийн боовны цех зөвхөн гурилан бүтээгдэхүүнээрээ 60 хувийн ашигтай ажиллаж, энэ хүрээндээ вокзалын баруун талд түргэн үйлчилгээний цэг ажиллуулж эхэлсэн нь олны таашаалд нийцэж байгаагаа илтгэсэн юм. Гэсэн хэдий ч хоол үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байгаа ч байнга алдагдалтай ажиллаж байгаагаа учирлаж байлаа. Долдугаар сараас технологийн хоолны үнийг нэмснээр 36 хувь өсөж алдагдал буурсаар байгаа гэлээ. Үнээ нэмэхээс аргагүй болсон хүчин зүйлийн нэг нь махны үнэ огцом өсөхөд технологийн хоолны газруудын үнэ хэвээрээ байсан. Ингэхээр төмөр замчид төдийгүй гадны үйлчлүүлэгчид ажилчдын хоолны газарт хооллох сонирхол ихэссэнээр таваг хоолны гаралт ихсэж, алдагдалд нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Хоолны үнээ 50 хувиар өсгөхтэй зэрэгцэн материалын үнэ ч 36 хувиар өсжээ. Ингэхээр хоолны үнээ өсгөсөн ч алдагдал хүлээх болж байгаа хэмээн тайлбарлалаа.

ОЮУТНУУДЫН ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛ ЗҮЙД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

ТЗИС-ийн захирал У.Мягмарсүрэн болон ПТК ийн захирал С.Галбадрах нар үзлэгийн комисст ажлаа тайлагналаа. ТЗИС нь Их сургуулийн статустай болсон тул хөтөлбөрийн зөрүүг арилган мөн гадаад, дотоодын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлүүдэд эрдэмтэн багш нарынхаа өгүүллийг хэвлүүлж судалгааны ажлаа өргөжүүлэхийг Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд зөвлөлөө. Ингэхдээ тухайн салбартаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэх судалгаа шинжилгээ хийж хэвлүүлж чадвал цаашдаа төсөл хөтөлбөр болж өргөжих боломжийн талаар эрдэмтэн багш нар анхаарч ажиллахыг санал болгов. Энэ тал дээр багш нараа дэмжиж, тодорхой урамшуулал, цалин хөлсний асуудлыг ч чухалчлах хэрэгтэй гэв. Эдгээр асуудлаа үндэсний зөвлөлд танилцуулж, юун дээр хөрөнгө оруулалт хэрэгтэй хийгээд ямар чиглэлээр, ямар сэдвийг хөндөхөө зөвшилцөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ профессорын баг ажиллуулах санал ч тавилаа. ТЗИС, ПТК-ийн зүгээс оюутнуудын эрүүл мэндийн асуудал дээр анхаарч Төв эмнэлгээс эмчийн орон тоог гаргаж өгөхийг хүссэн юм. Учир нь, эмч байхгүйгээс урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэхгүй оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй байгааг уламжиллаа. Сургууль дээр эмчийн өрөө байгаа ч эмчгүйгээс оюутанд эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болоход 103 дууддаг ч тусламж маш удаж ирдэг аж. Хичээл эхэлснээс хойш хэд хэдэн оюутан ухаан балартаж унасан байна. Сургууль эмчтэй төдийгүй сэтгэл зүйчтэй байх шаардлагатай учраас эмнэлгээс энэ талаар асууж тодруулахаар боллоо.

ЗОРИУЛАЛТЫН БУС МАТЕРИАЛААС УЛБААЛАН ӨНГӨ ҮЗЭМЖ НЬ МУУДСАН БАЙНА

Төмөр замын чуулга, Аялал жуулчлалын төв, “Замчин” спорт хороо нэгдэн Соёл, спорт, аялал жуулчлалын төв болсон билээ. Тус төвд Замын хөрөнгө оруулалтаар 2019 онд концертын их танхим болон урлаг танхимд их засвар хийсэн хэдий ч чанаргүй материалаас улбаалан үзвэрийн танхимын сандал эвдэрч, хана нь стандартын бус учраас өнгө үзэмж нь муудсан талаар хаврын үзлэгийн үеэр яригдаж байсан. Эл асуудал энэ удаагийн үзлэгээр ч яригдсан юм. Төвийн удирдлагууд нэгэнт шаардлага хангахгүй эвдэрсэн сандлуудаа актлаад шинэ сандал авахаар болсон ч ХНН-ийн хөрөнгө гэдэг утгаар актлах үйл явц өөрсдөөс шалтгаалахгүй маш удаашралтай явж байгааг төвийн дарга А.Энхбаяр танилцууллаа. Үзвэрийн хуучин сандлыг акталснаас хойш хөрөнгө оруулалт хийнэ гэсэн нь ийнхүү ацан шалаанд оруулаад байгаа аж.

ЗАРИМ НЭГ ЗАСВАРЫН АЖЛЫГ ОНД НЬ БАГТААН ХИЙХЭЭР БОЛОВ

Энэ удаагийн үзлэгээр БОС-ны алба захиалгуудыг газар дээр нь үзэж, шийдвэрлэж болохуйц засваруудыг боломж нөхцөлөө тодорхойлон хийхээр болсон. Тодруулбал, “Ган зам” паласын нэгдүгээр давхрын ариун цэврийн өрөөний дотоод засварыг энэ ондоо багтаан хийхээр болсон бол “Солонго” цэцэрлэгийн нар үздэггүй хойд тал руу харсан ангиудын дээвэр болон гадна талын засварыг хийхээр болсон. Түүнчлэн, БЗАҮ-ний ангийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд “Солонго” цэцэрлэгийн нэг өрөөний дотоод заслыг хийж өгөхөөр болжээ. 

ДИСПЕТЧЕРИЙН НЭГДСЭН ТӨВИЙН АЖИЛ САЙН БАЙНА

БЗАҮ-ний ангийн ус дулаан дамжуулах төвүүд диспетчерийн нэгдсэн төвтэй болсноор хүний оролцоо эрс багасаж, ажлууд нь автоматчлагдсан. Ангийн дарга Д.Хадбаатар хийж хэрэгжүүлсэн ажлаа үзлэгийн комисст танилцууллаа. Тус анги бүхий л үзүүлэлтээр энэ онд алдагдлыг бууруулж, ашиг орлоготой ажиллажээ. Хамт олноороо хичээж сайн ажиллаж байгааг А.Батболд дарга онцлон сайшаасан юм. БОС-ны албаны ерөнхий инженер Ч.Лхагвасүрэн, “Диспетчерийн нэгдсэн төв таван хүнтэй хэвийн ажиллаж байна. Программаа хөгжүүлээд л явж байгаа. Засаж сайжруулах ажлууд байгаа. Стандартын шаардлага хангахуйц дэлгэцтэй болох шаардлага бий. УБТЗ-ын хэмжээнд Диспетчерийн нэгдсэн төвөө оруулаад 29 хүн л ажиллаж байна. Мэргэжлийн слесариуд өдрийн найман цагаар дуудлагаар ажиллана, технологийн ажлаа хийж, шугам сүлжээгээ шалгана. Хүн цөөрсөн ч өмнөхөөс харьцангуй найдваржсан” хэмээн ярилаа.

ХУДАЛДААНЫХАН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААРАА АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

УБТЗ-ын худалдааныхан зах зээлийн зарчмаараа дэлгүүрүүдээ ашигтай ажиллуулах боломжтой аж. Гэтэл бодит байдал дээр үүсэж байгаа асуудал нь төмөр замын аж ахуйн нэгжүүд тендерээр шалгарсан компанийн үнээр нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг Худалдааны албаны салбар төвүүдээс авдаг. УБТЗ-д бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлсэн мөнгөө тэднээс нэхэмжилдэг ажээ. Дараагийн бараа бүтээгдэхүүн, тухайлбал, мах, гурил, будаанаас өгсүүлээд өргөн хэрэглээний бүхий л бараагаа зайлшгүй авах хэрэгтэй тул дэлгүүрээс олсон орлогоо тухайн байгууллагад шилжүүлдэг байна. Иймэрхүү байдлаар явсаар дэлгүүрүүдийнхээ хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаагаа Худалдааны албаны дарга Б.Анхбаяр учирлалаа. Тэрбээр, “Хэрэв компаниудын төлбөрийг төлөхгүй аваас дараагийн хүнс бусад бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй учир ААН-ийн үйл ажиллагааг доголдуулахгүй явуулах үүднээс манайхаас төлж таардаг. Замын санхүүгээс мөнгө санхүүгүй гэж явсаар уялдаа холбоо алдагдаж байна. Уг нь бид тухайн байгууллагаас барааг нь авч хэрэглэчихээд дараагийн бараагаа авах нь эрүүл зарчим биз дээ. Том компаниуд зах зээлийн зарчмаар манай биш өөрийн компанийн гэрээгээр гэрээгээ хийж таарна. Албаны хэмжээнд эргэлдэж буй бараа бүгд харилцагч компаниудын мөнгөн дээр эргэлдэж байна. Төмөр замын мөнгө гэж байхгүй Хүний юмыг авч хэрэглээд ашгийг нь аваад бараа материалынхаа мөнгийг буцаан өгдөг. Энэ асуудлыг эргэн харж уламжилж өгөхийг Замын удирдлагаас хүсэж байна” гэв. Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд, “Тооцоогоо сайн гаргаад эхний удаад 20-30 хувиар багасгаад мөнгөө арай түргэн шуурхай, ойр ойрхон авдаг зарчмыг бий болгох хэрэгтэй. Ядаж танай ажлыг төмөр замын санхүүгийнхэн ойлгодог байх хэрэгтэй байна. Ингээд явцын өглөгийг үе шаттай бууруулах нь зүйтэй” хэмээгээд энэ асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ЗАМЫН САНХҮҮ ХҮНД БАЙГАА Ч ТӨМӨР ЗАМЧДЫНХАА НИЙГМИЙН АСУУДАЛД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУДЫГ ХИЙНЭ

Энэ удаагийн үзлэгээр Төв эмнэлгийн хамт олон санал хүсэлтээ УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн болон Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргад хамтатган танилцууллаа. Энэ үеэр яригдсан гол асуудлуудын нэг нь эмнэлэг ирэх оны зургадугаар сард магадлан итгэмжлэлд орно. Тэгэхээр эмнэлгийн 60-70 жил болж хуучирч муудсан барилга байгууламжийг яаралтай засварлах шаардлагатай байгаа аж. Эхний ээлжинд хүүхдийн тасгийн дотоод засвар болон тус тасгийн дээвэр, мөн дотрын I, II тасгийн дээврийг солих зайлшгүй шаардлагатайгаа ярилаа. Мөн шугам замын үзлэгийг оношилгооны зөөврийн эхо аппараттайгаар хийснээр төмөр замчдад хүрч үйлчлэхээс гадна тээврийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэгтэй гэв. Төв эмнэлэг санхүүгийн хувьд алдагдалтай байгаа ч ЭМДС-ийн санхүүжилтээ нэмэгдүүлж, мөн зарим боломжит талбай, өрөөгөө түрээслүүлж, төлбөрт үйлчилгээний тарифыг баталж, орлогоо нэмэгдүүлэх бүхий л боломжит аргыг эрэлхийлж байгаа гэнэ. Төмөр замын нийгмийн чиглэлийн байгууллагуудыг шат дараалалтайгаар улс болон нийслэлд шилжүүлж байгаатай холбоотойгоор эмнэлгийг ч шилжүүлэх тухай сөхөгдлөө. Энэ тал дээр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн эмнэлгийн ажилтан албан хаагчдаас саналыг нь сонсоход, бүгд нэгэн дуугаар төмөр замдаа үлдээх нь зайлшгүй хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Х.Хэрлэн дарга “Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч Төв эмнэлгийнхээ 3.3 га газар дээр том барилга барьж орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ үйлчилгээтэй стандартын эмнэлэгтэй болох мөрөөдөл бидэнд бий. Дизелийн түлшний үнэ хоёр дахин өслөө. 300 гаруй тэрбум төгрөг зарлагддаг байсан бол 500-600 тэрбум төгрөг болж нэмэгдлээ. Замын санхүүгийн асуудал хүнд байгаа ч эмнэлгийн байдлыг хараад сэтгэл зовниж байна. Тиймээс судлаад ирэх жилийн төлөвлөөнд тусгаад санал оруулж, танилцуулахыг Төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга З.Энхбаярт үүрэг болгоё” хэмээлээ. Мөн тэрбээр, Улаанбаатар хотод том талбайтай хуучнаараа үлдсэн цөөхөн эмнэлгийн нэг нь манай эмнэлэг. Үүнийг хэвээр нь өнөөг хүргэж ирсэн үе үеийн удирдлагууддаа баярлалаа гээд, төмөр замын Төв эмнэлгээ энэ л чигээр нь төмөр замчдадаа үлдээх дээр санал нэгдэж байгаагаа илэрхийлж байлаа. Замын удирдлагын зүгээс төмөр замаас олсон орлого бүрийг эргээд төмөр замчдынхаа цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч зарцуулдаг гэдгийг ойлгож хүлээж авахыг хүссэнээр үзлэг өндөрлөлөө.

А.Энхсайхан 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.