Хятадын Ухань хотын метроны 12 дугаар шугам өнгөрсөн сарын 29-нд бүхэлдээ ашиглалтад орлоо. Хятадын төмөр замын тээврийн холбооны нотолсноор, энэ нь одоогоор Хятад улсын хамгийн урт метроны тойрог шугам юм. Нийт 59.9 километр урттай, газар доорх 37 өртөөтэй уг шугамаас одоо ашиглаж байгаа болон төлөвлөж буй нийт 18 шугамд дамжин суух боломжтой байхаар төлөвлөжээ.
Ухань хотын метроны 12 дугаар шугам нь Чяокөү, Жянхань, Жя-Ань зэрэг хотын төвийн долоон дүүргийг дайран өнгөрч, Ханькөү, Үчан хэмээх төмөр замын хоёр томоохон зангилаа өртөөг холбоно. Бүтэн тойроход ойролцоогоор 96 минут зарцуулна. Барилгын ажлын хугацаатай уялдуулан уг шугамыг хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулжээ. Эхний ээлжийн 35.3 километр хэсгийг энэ оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад оруулсан бол, энэ удаа хоёрдугаар ээлжийн 24.6 километр хэсгийг нээснээр шугам бүхэлдээ битүү тойргоор үйлчлэх боломж бүрдлээ. Ингэснээр Ухань хотын ашиглалтад буй метроны шугамын нийт урт 581 километрээс давжээ.
Хятад улсын гол мөрний доогуурх метроны хонгилуудыг цогцоор нь барьж байгуулах жишиг төсөл болсон Ухань хотын метроны 12 дугаар шугам ашиглалтад орсноор Хөхмөрөн, Ханьжян мөрнөөр зааглагдсан хэсгүүдийн хооронд иргэд өдөр тутам зорчиход тулгардаг хүндрэлийг цаашид бууруулж, Хөхмөрний эдийн засгийн бүсийн голлох хотын тээврийн нэгдсэн зангилааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм
