Зам, зүтгүүрийн засвар үйлчилгээнээс эхлээд эрүүл ахуй хүртэлх зөрчлийг арилгах шаардлага тавилаа
УБТЗ-ын Замын даргын намрын үзлэгийг урд хэсэглэлд аравдугаар сарын 19-24-ний өдөр зохион байгуулж, галт тэрэгний хөдөлгөөн, зам, зүтгүүр, вагон, дохиолол холбоо, эрчим хүч, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад салбар нэгжийн үйл ажиллагаанд үнэлгээ өглөө. Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тэргүүтэй комисс Замын-Үүд зангилааны салбар нэгжүүдэд үзлэг хийж, өмнөх шалгалтын үүрэг даалгаврын биелэлт, технологийн горим, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, өвөлжилтийн бэлтгэл, дотоод хяналтыг шалгав. Үзлэгээр зам, суман шилжүүлгийн арчилгаатай холбоотой царигийн өргөсөлт, түвшний зөрүү, суулт, боолтын сулрал зэрэг зөрчил илэрлээ. Зүтгүүрийн депогийн 26 дугаар замд цариг 1546-1550 мм хүрсэн тул хөдөлгөөнийг хааж, газар дээр нь засварлуулсан байна. Мөн Замын-Үүд өртөөний суман шилжүүлгийн суултын гэмтлийг хугацаанд нь арилгаагүйгээс шор хугарсан тохиолдол гарсан байна. Иймд Замын ангийн 11, 14, 17 дугаар хэсгийн арчилгаа, урсгал засвар, үзлэг шалгалтыг сайжруулж, зөрчлийг арилгах 14 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд Татах хэсэгт өнгөрсөн есдүгээр сард яаралтай тоормослолт долоон удаа бүртгэгдсэн ч машинчийн мэдээллээр дөрвөн тохиолдол бүртгэгдсэн нь мэдээлэл, бүртгэлийн тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулав. Засварын чиглэлээр өмнөх шалгалтаар өгсөн арван үл тохирлоос зургаа нь биелж, дөрвийнх нь биелэлт хангалтгүй байв. Засварчдын орон тоо долоон хүнээр дутуу, нормын биелэлт 130-271 хувьд хүрсэн нь ажилтнуудын ачаалал, амралтын дэглэм, засварын чанарт нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн даралтат савны туршилтын тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, тоног төхөөрөмж угсралтын технологийн мөрдөлтөд зөрчил илэрсэн тул засварын чанар, баримтжуулалтыг сайжруулахыг үүрэг болголоо. Замын-Үүд шилжүүлэн ачих ангид краны дугуйн элэгдэл, оосорлох хэрэгсэл, чингэлэг өргөгчийн гар тоормос, краны замын модон дэр болон механик цехийн тоноглолын газардуулгатай холбоотой дутагдал илэрсэн байна. Дохиолол холбоо, цахилгаан хангамжийн хэсгүүдэд ч тохируулга, хаяг тэмдэглэгээ, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах шаардлагыг тавилаа. Цахилгаан шугам сүлжээнд 2026 оны өссөн дүнгээр зургаан гэмтэл гарч, нийт 17 цаг 32 минутын тасалдал бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс гэмтлийн тоо нэгээр буурсан ч тасалдлын хугацаа таван цаг 32 минутаар нэмэгдсэн байв.
Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид өмнөх шалгалтын таван үүрэг даалгаврын хоёрыг биелүүлээгүй, ачааны бүртгэл, хүлээлцэх ажиллагаанд зөрчил гарсан байна. Мөн ложистикийн талбайд мал нэвтрэх эрсдэл, галын аюулгүй байдлын төлөвлөлт, урьдчилан сэргийлэх ажилд анхаарах шаардлагатай. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгээр ажилчдын хоолны газрын агааржуулалт ажиллагаагүй, ложистикийн цайны газар болон Сайншанд худалдааны төвийн талхан цехийн усны шинжилгээгээр нянгийн бохирдол илэрчээ. Усны чанарыг сайжруулах, шүүлтүүр суурилуулах, шугам сүлжээг цэвэрлэх, хоол үйлдвэрлэлийн байрны ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг сайжруулах үүрэг өглөө. Мөн хоолны газрын гурван паар хагарсан, Татах хэсгийн ажилчдын хоолны газрын талбай хүрэлцээгүй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Эмнэлгийн нэгжийн мэдээллээр 2026 оны есдүгээр сарын байдлаар хөдөлмөрийн чадвар түр алдалтын тохиолдол өмнөх оны мөн үеэс 592 тохиолдол буюу 31 хувиар өсжээ. Иймд өвчлөлийг мэргэжлээр нь нарийвчлан судалж, бууруулах арга хэмжээ авах, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багажийн асуудлыг шийдвэрлэх, үзлэгийг журмын дагуу баримтжуулах шаардлагатайг тэмдэглэв. Үзлэгийн дүнгээр өмнөх зөрчлийн зарим нь арилсан ч үүрэг даалгаврын биелэлт удаашрах, зөрчил давтагдах, хяналт шалгалтын чанар хангалтгүй байгааг анхаарууллаа. Иймд холбогдох нэгжүүдэд хугацаатай үүрэг өгч, биелэлтийг дахин шалган дүгнэх, шаардлагатай тохиолдолд албан шаардлага хүргүүлэхээр болов. Илэрсэн зөрчлийг хугацаанд нь арилгаж, зам, засвар үйлчилгээ, хөдөлгөөний зохицуулалт, тоног төхөөрөмжийн ашиглалт, хүнсний эрүүл ахуйн хяналтыг сайжруулах нь тээврийн аюулгүй байдал, ажилтан болон үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн нөхцөл юм.
Хамтын гэрээний биелэлт 98.3 хувьтай байна
Урд хэсэглэлийн үзлэгийн дүнгийн хурлаар УБТЗ-аас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар холбогдох албаны удирдлага, мэргэжилтнүүд нийт төмөр замчдад мэдээлэл өглөө. Хурлаар танилцуулсан мэдээллээс онцлох заримыг тоймлон хүргэж байна.
МТЗ-дын ҮЭ-ийн холбооны дэд дарга Х.Тулга:-УБТЗ ХНН болон МТЗ-дын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2026–2027 оны хамтын гэрээний 2026 оны эхний хагас жилийн биелэлт 98.3 хувьтай байна. Нийт 211 заалтын долоог бүрэн хэрэгжүүлээгүй байна. Харин гэрээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 21 заалтаас дөрөв нь биелж, долоогийн хэрэгжилт дутуу, үлдсэн аравын хэрэгжилтийг оношилжээ. Хамтын гэрээний хүрээнд УБТЗ ХНН ажилтнуудынхаа төлөө нийт 189.7 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргасан байна. Гэрээний 5.2 дахь заалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг 15 тэрбум төгрөгөөс багагүй байхаар тусгасан бөгөөд 2026 оны эхний хагас жилд энэ чиглэлд 9.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тодорхой хэмжээнд хийсэн ч эрсдэлийг хянах, удирдах ажил зарим хэсэгт хангалтгүй байгааг онцолж, өндөр эрсдэлтэй цэгүүдэд хөрөнгө, зардлыг оновчтой зарцуулан аюулгүй ажиллагааг чухалчлах шаардлагатайг тэмдэглэв. Мөн хамтын гэрээний 6.12.1 дэх заалтын дагуу ажилтнуудад олгодог нүүрсний хөнгөлөлтийн талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод хөнгөлөлтийн хэмжээ 225000 төгрөг хэвээр байгаа бол шугам замын ажилчдынхыг өмнөх жилүүдэд 341000 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Нүүрсээ өөрсдөө худалдан авах боломжгүй ажилтнуудад нүүрсийг биетээр хүргэх, нэмэлт хөнгөлөлт үзүүлэх асуудлыг салбар нэгжийн удирдлагуудад үүрэг болгож, ажилтнууддаа хүрч үйлчлэх байдлаар зохион байгуулахыг анхааруулсан байна. Хамтын гэрээний 6.17 дахь заалтын хүрээнд орон сууцны хөнгөлөлт олгох ажил эхэлжээ. Ажилтнуудын материалыг хүний нөөцөөр дамжуулан аравдугаар сарын 20-ноос өмнө Орон сууцны төв комисст бүрэн хүргүүлэх ёстой. 2026 онд нийт 80 ажилтанд тус бүр зургаан сая төгрөгийн хөнгөлөлт олгохоор төлөвлөсөн байна. Анх удаа орон сууц худалдан авч буй ажилтнууд материал бүрдүүлэхэд E-Mongolia системээс баримт цуглуулах зэрэгт хороодын дарга, хүний нөөцийн ажилтнууд баримт бичгийн бүрдүүлэлтэд онцгой анхаарч туслахыг сануулав. Эцэст нь дэлхий, бүс нутгийн нөхцөл байдал амаргүй, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй энэ үед төмөр замчид байгууллагын өмнө тулгарч буй сорилтыг даван туулахын зэрэгцээ хувийн болон өрхийн санхүүгээ зөв зохицуулж, аливаа хүндрэлд бэлэн байх шаардлагатай гэв.
Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт:-УБТЗ 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, менежментээ сайжруулах, цахим үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд “Цахим төмөр замчин” аппликэйшнийг нэвтрүүлж, “Говийн төмөр замчид” хөтөлбөрөөр шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэн, хүний нөөцийн хангамжийг сайжруулах ажлыг хэрэгжүүлж байна. Төмөр замын тээврийн хэмжээ өссөн ч өнгөрсөн онд ажилтны тоог 208-аар бууруулж, 15906 ажилтантай ажилласан бол энэ онд 300 гаруй орон тоог бууруулахаар төлөвлөсөн. Цаашид бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлснээр ажилтнуудын цалин хөлсийг өсгөж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах боломж бүрдэхийг онцоллоо. Замын-Үүд зангилаанд жилийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын үр дүнг тодорхой хэмжүүрээр үнэлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, найдвартай байдлыг хангах, тээвэрлэлтийн хурд, чанарыг сайжруулахыг үүрэг болгов. Хөдөлгөөнтэй холбоотой нэгжүүд үлдсэн хугацаанд идэвх санаачилгатай ажиллаж, жилийн зорилтоо биелүүлэх шаардлагатай хэмээн онцоллоо.
Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр:- Замын-Үүд зангилааны Татах хэсгийг энэ жил бие даасан баланстай байгууллага болгон зохион байгуулсан. Ингэснээр өвлийн тээврийн бэлтгэл, зүтгүүрийн засвар үйлчилгээ эрчимжсэн. Замын-Үүдийн тасгийн дансанд бүртгэлтэй 2ТЭ116УМ загварын таван зүтгүүрт засвар хийж, намрын комиссын үзлэгээр нийт 20 зүтгүүрээс 17-г нь шалгалаа. Цаашид засвар үйлчилгээг орон нутагтаа гүйцэтгэж, зүтгүүрийг Улаанбаатар уруу явуулах шаардлагыг бууруулах зорилт тавьж байна. Мөн сэлгээ, зөөврийн хөдөлгөөн болон гол замд ажиллах гурван бригадын бэлтгэлийг хангаж, тээврийн хэмжээ нэмэгдэж буйтай холбоотойгоор Сайншандад дутагдаж буй бригадын нөөцийг Замын-Үүдээс нөхөхөөр ажиллана. Техник хөгжлийн газрын техник үйлчилгээний төвийн II засварын хэсэг өвлийн тээврийн бэлтгэлийн хүрээнд нийт 813 вагонд засвар хийсэн. Гэсэн хэдий ч Замын-Үүдээр дамжин Эрээнд солигдож буй ачааны вагоны техникийн үйлчилгээг бүрэн зохион байгуулах, ялангуяа гагнуурчин зэрэг дутмаг мэргэжилтний орон тоог нөхөх шаардлагатай. Цаашид засвар үйлчилгээний чадавх, хүний нөөц, ажлын уялдаа холбоог сайжруулж, өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг найдвартай хангахад анхаарч ажиллана гэв.
Сайншанд зангилаанд засвар үйлчилгээ, замын арчилгаа, аюулгүй ажиллагааны зөрчлүүд илэрлээ
Сайншанд зангилааны салбар нэгжүүдэд хийсэн үзлэг шалгалтаар техникийн бэлэн байдал, засвар үйлчилгээний чанар, замын арчилгаа, хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэд хэдэн зөрчил, дутагдал илэрлээ. Өмнөх шалгалтын үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэхийн зэрэгцээ илэрсэн зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаж, өдөр тутмын хяналтыг сайжруулахыг үүрэг болгов.
Сайншанд татах хэсгийн 98 тоног төхөөрөмжөөс 15-д нь аюулгүй ажиллагааны технологи боловсруулсан ч засвар үйлчилгээний технологийг бүрэн хийгээгүй. Мөн илчит тэргийг комиссын бүрэн үзлэг, баталгаажуулалтаас өмнө ашиглалтад гаргасан, засварын технологийн хяналт сул, зарим засварын бодит гүйцэтгэл тайлангаас зөрүүтэй зэрэг дутагдал илэрлээ. Түүнчлэн мэргэжлийн зэрэгтэй засварчид, тоног төхөөрөмжийн инженерийн орон тоо, засварын цехийн аргон гагнуурын төхөөрөмжийн ажиллагаанд анхаарах шаардлагатай болжээ. Замын IV ангийн Сайншанд орчмын зам, өртөөний зам, суман шилжүүлгийн үзлэгээр өмнөх үүрэг даалгаврын ихэнх нь биелсэн ч Сайншанд-Зүүнбаян чиглэлийн хуучин зам төмрийг татаж авах ажил дуусаагүй, энэ удаагийн шалгалтаар шинэ зөрчил илэрсэн байна. Иймд замын техникийн байдал, зам төмрийн элэгдэлд үндэслэн үзлэгийн давтамжийг оновчтой тогтоож, замын нөөц материалын хангалт, гэмтэл засварын ажлыг сайжруулах чиглэлийг өглөө. Холбоо, эрчим хүч, ус хангамжийн найдвартай ажиллагаанд ч анхаарах шаардлагатай. 2026 оны эхний есөн сард цахилгаан шугам сүлжээнд 150 удаагийн гэмтэл гарч, нийт 433 цаг 54 минут үргэлжилсэн бол усан хангамжийн шугамд есөн удаагийн гэмтэл гарч, 300 цаг 20 минут үргэлжилжээ. Ялангуяа усан хангамжийн гэмтлийн тоо, үргэлжилсэн хугацаа өмнөх оны мөн үеэс өссөн тул шуурхай үйлчилгээ, засварын ажлыг сайжруулах шаардлагатайг тэмдэглэв. Мөн ажилтнуудын сургалт, дадлага, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах үүрэг өгөв. Сайншанд зангилааны ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт 30.2 хувьтай байгаа тул он дуусахаас өмнө үлдсэн ажилтнуудыг үзлэг, шинжилгээнд нь бүрэн хамруулахыг анхааруулав. Үзлэгийн дүнгийн хурлын эцэст, салбар нэгжийн удирдлагууд илэрсэн зөрчил, дутагдлыг хугацаанд нь арилгаж, ажлын гүйцэтгэлээ бодитой тайлагнах, техникийн ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг сайжруулахаа амаллаа.
Чойр зангилааны аюултай бүсэд мал нэвтэрч, галт тэрэг зогсоосон 23 тохиолдол гарчээ
Чойр хэсэглэлийн салбар нэгжүүдэд хийсэн үзлэгээр зам, зүтгүүр, дохиолол холбоо, эрчим хүч, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуйн чиглэлээр хэд хэдэн зөрчил илэрч, тэдгээрийг тогтоосон хугацаанд арилгах үүрэг өглөө. Зүтгүүрийн засвар үйлчилгээний үзлэгээр хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хугацаа дууссан, техникийн арчилгаа хангалтгүй, зарим зүтгүүрийн тосны даралт, хөргөлт, түлшний системд гэмтэл гарсан зэрэг дутагдал илэрчээ. Иймд засварын чанар, комиссын хяналтыг сайжруулж, алслагдсан өртөө, зөрлөгт ажиллах зүтгүүрийн техникийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулахыг үүрэг болголоо. Замын арчилгааны хүрээнд 804-809 дүгээр километрт хийх ажлыг дуусгах, суман шилжүүлгийн гэмтэл, замын суултыг арилгах, балласт болон замын бэхэлгээний ажлыг бүрэн гүйцэтгэх шаардлагатай аж. Мөн замын ангийн хэмжээнд 65-70 ширхэг нөөц замын дэр дутуу байгаа тул өвөл эхлэхээс өмнө нөхөн хангах, мал төмөр замын аюултай бүсэд нэвтрэхээс сэргийлж хамгаалалтын хашааг сайжруулахыг үүрэгдэв.
Эрчим хүч, ус хангамжийн II ангийн цахилгаан сүлжээнд 2026 оны эхний есөн сард нэг гэмтэл гарч, хоёр цаг 15 минут үргэлжилсэн нь өмнөх оны мөн үеэс гэмтлийн тоо тав, тасалдлын хугацаа 25 цаг 32 минутаар буурсан үзүүлэлт байв. Гэсэн ч цахилгаан тоноглолын хамгаалалт, газардуулга, хэмжүүрийн холболт, гармын гэрэлтүүлэгтэй холбоотой зөрчлийг арилгах шаардлагатай байна. Түүнчлэн Чойр зангилааны аюултай бүсэд мал нэвтэрч, галт тэрэг зогсоосон 23 тохиолдлын 80 гаруй хувь нь малтай холбоотой тул хашааны бүрэн бүтэн байдалд анхаарахыг онцоллоо. Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр Чойр солилцох тасгийн машинчдын амрах байрны хоолны газарт есдүгээр сарын 9-нд хооллосон 200 гаруй ажилтнаас 21 нь нянгийн шалтгаант хоолны хордлого, халдварын тохиолдолд өртжээ. Улсын байцаагчийн шийдвэрээр хоолны газрын үйл ажиллагааг есдүгээр сарын 10-наас түр зогсоож, 15 заалттай албан шаардлага хүргүүлсэн байна. Засварын ажил хийж, 13.8 сая төгрөгөөр ус цэвэршүүлэх төхөөрөмж худалдан авах захиалга өгсөн бөгөөд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, лабораторийн шинжилгээний дараа үйл ажиллагааг сэргээх эсэхийг шийдвэрлэхээр болжээ.
Мөн “Сансар” цэцэрлэгийн дээврээс ус нэвчиж, мөөгөнцөр үүссэн, дулаан алдагдал ихтэй байгааг тэмдэглэж, засвар үйлчилгээ хийх шаардлагыг тавьсан байна. Ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, шинэ ажилтнуудын сургалт, галын аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн төлөвлөлтийг сайжруулах асуудлыг ч хөндлөө. Үзлэгийн дүнгээр салбар нэгжүүд техникийн бэлэн байдал, замын арчилгаа, хамгаалалтын байгууламж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, илэрсэн зөрчлийг хугацаанд нь арилган, үүрэг даалгаврын биелэлтийг бодит үр дүнгээр тайлагнахыг үүрэг болголоо.
Замын даргын үзлэг төвийн хэсэглэлд үргэлжилж байна.
П.Түмэндэмбэрэл
