Төвийн хэсгийн үзлэгийн дүнгийн хурал 30-нд “Ган зам” паласт боллоо. Хурлын эхэнд уламжлал ёсоор Тээврийн хяналтын албаны байцаагч нар салбар нэгжүүдэд хийсэн үзлэгээр илэрсэн үл тохирлуудыг танилцуулж, арилгах зөвлөмжийг өглөө. Мөн нийгмийн салбаруудын үзлэгийн дүнг Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга С.Хонгорзул танилцуулав. Хурлын төгсгөлд Замын удирдлагуудын хэлсэн дүгнэлтийг товчлон хүргэе. Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр “Өвлийн тээвэрт бэлтгэх засвар үйлчилгээг хэрхэн гүйцэтгэснээр төмөр замчдын өвлийг хэрхэн давах нь шийдэгдэнэ. Тиймээс засварчид хийж буй засвар үйлчилгээний чанарт онцгой анхаарч, хариуцлагатай ажиллах шаардлагатай. Вагон ашиглалтын депо өвлийн тээвэрт бэлтгэх засвар үйлчилгээг ачааны 3805 вагонд төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хийж дуусгасан. Гэхдээ тус депод өвчлөлтэй холбоотой илүү цаг гарсан. Үүнийг давтан гаргахгүй байх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай. Зүтгүүрчид 20 гаруй жил хийхээр хичээж байсан илчит тэрэгний КР их засварыг анх удаа амжилттай хийлээ. Цаашид 30 зүтгүүрт КР засвар хийх ёстой. Эхний зүтгүүр дээр хүндрэлтэй зүйлс гарч, хугацаа их орсон байх. Дараа дараачийн зүтгүүрийн засварын хугацааг богиносгох, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг алба, депо хамтран хийх хэрэгтэй. Улаанбаатар Татах хэсэг, Вагон ашиглалтын депо өвлийн тээвэрт бэлэн байна” гэв.
Нийгмийн асуудлыг хариуцсан замын орлогч дарга А.Батболд “Нийгмийн салбарыг нэг талаас зардал гэж хардаг байх. Үнэн хэрэгтээ төмөр замчдыг ая тухай ажиллаж, амьдрахад нь оруулж буй хөрөнгө оруулалт юм. Төмөр замын Төв эмнэлэгт Замын захиргаанаас онцгой анхаарал хандуулж байна. Нийгмийн салбарыг төмөр зам тээврийн орлогоосоо авч явахад хүнд байгаа хэдий ч хамгийн чухал нь хүн учраас төмөр замчдынхаа амь нас, эрүүл мэндийг бодно. Төмөр замчдын ард улсын маань ирээдүй болсон үр хүүхдүүд нь бий. Нийгмийн салбарын зарим хэсгийг орон нутагт нь үе шаттай шилжүүлнэ. Гэхдээ орон нутагт шилжсэн ч төмөр замчдадаа үзүүлэх үйлчилгээ нь хэвээр байх болно” гэв. Замын I орлогч дарга О.А.Казаков “Төмөр замчдын ГТХАБ-ыг хангах чиглэлээр 2026 онд хийсэн ажлын үр дүнг шалгалаа. Мөн их барилга, их засварын хөрөнгө оруулалтын ажлыг шалгалаа. Замын хэмжээнд дүгнэж хэлэхэд төмөр замчид асар их ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Та бүхний оюун санаа болон гараар хийсэн бүх зүйл үр дүнгээ өгч, Замын технологийн процессуудыг улам сайжруулж байгаа. Үзлэгийн үеэр илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгаарай. Замын урд, хойд, төвийн хэсэгт олон шинэ залуучууд маш сайн ажиллаж байна. Мөн төмөр замаараа бахархаж байна. Энэ хүмүүст онцгой анхаарал хандуулж, сурч дадлагажихад туслаарай. Өвлийг гологдол, дутагдалгүй өнтэй даваарай” гэв.
УБТЗ-ын дарга, МУГТ Х.Хэрлэн “Улаанбаатар, Толгойт зангилааны төмөр замчид ирэх өвлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, тээврийн зорилтыг биелүүлэхэд бэлэн байна гэж үзлэгийн комисс дүгнэлээ. Нийгэмлэгийн зорилтыг биелүүлэхэд чухал үүрэгтэй төвийн хэсгийн аж ахуйн нэгжүүд өвлийн тээвэрт амжилттай бэлтгэсэн төмөр замчдадаа Замын удирдлагын зүгээс талархал дэвшүүлье” гэв. Замын дарга нийгэмлэгийн энэ оны зорилт, санхүү эдийн засгийн талаар товч мэдээлэл хийлээ. -2026 оны эхний 10 сарын байдлаар дэлхийн геополитикийн хурцадмал байдлаас үүдсэн сэлбэг материалын үнийн өсөлт нийгэмлэгийн зардлыг эрс өсгөж байгаа ч Замын захиргаанаас үүний эсрэг шийдэмгий хариу арга хэмжээ авснаар тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх, төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдэх талаар багагүй ажлуудыг хийж ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа бататгахын төлөө ажиллаж байна. УБТЗ-ын хамт олон энэ оны эхнээс аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл 28 сая 37 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг сая 828 мянган тонноор давуулсан үзүүлэлт юм. Мөн 2026 онд “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх” зорилт дэвшүүлж, энэ хүрээнд нийгэмлэгийн хөгжлийг урагш ахиулах хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Тухайлбал, гадаадад хийлгэдэг зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийн засварыг дотооддоо хийдэг болж цахилгаан машины цехийг ашиглалтад орууллаа. Замын Үүдийн эргэх депог бие даасан Татах хэсэг болгосон. Экспортын ачилт хийдэг Бор-Өндөр өртөөг цахилгаан төвлөрүүлэлтийн системд холболоо. Гадаадад 10-12 тэрбум төгрөгөөр хийгддэг зүтгүүрийн их засварыг дотооддоо хоёр дахин бага зардлаар түүхэндээ анх удаа хийж, энэ ажлыг эхлүүлж чадлаа. Мөн 46 км гол замд замын их засварыг төлөвлөсөн хугацаандаа чанартай хийж гүйцэтгэлээ. 2022-2025 онд тээврийн тарифын индкесжүүлэлтийг эрчимтэй хийснээр хүнсний болон нефтийн бүтээгдэхүүнээс бүрдсэн 19 төрлийн ачааг өртөг хаах болон ашигтай түвшинд аваачсан. Түүнчлэн, тарифын индексжүүлэлтийн хоёр дахь шатанд 2026 оны долдугаар сарын 14-ний өдрөөс зарим уул уурхайн бүтээгдэхүүн, барилгын материал, чингэлэг тээврийн тарифыг 3-13 хувиар тус тус индексжүүлээд байна. Мөн дамжин өнгөрөх чингэлэг тээврийн тарифт тээврийн тоо хэмжээнээс хамааран үзүүлж байсан 25 хувийн хөнгөлөлтийг цуцалсан шийдвэрийг энэ оныг дуустал үргэлжлүүлэх болсон нь нийгэмлэгийн санхүүгийн байдал эерэгээр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч түлш, сэлбэг материалын үнийн өсөлт нийгэмлдэгийн зардлыг үлэмж хэмжээгээр өсгөж байна. Тухайлбал, нийгэмлэгийн нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг түлшний зардал хоёр дахин өссөн. Зардал эрс өссөн ч Замын захиргаа есдүгээр сарын 1-нээс нийт ажилчдын үндсэн цалинг 15 хувиар нэмснийг та бүхэн мэдэж байгаа. Сарын ажилчдын цалингийн зардал өнгөрсөн оны мөн үеэс 16.8 хувиар өссөн. Цалин, НДШ нийгэмлэгийн нийт зардлын 55 60 орчим хувийг эзэлдэг. Ажилчдын цалинг 15 хувиар нэмснээр цалин, НДШ-д сард 9.5, он дуустал 38 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болж байна. Үүнээс гадна Ерөнхий хорооны шийдвэрээр 40-өөс дээш жил ашигласан зорчигчийн 109 вагон, ачааны 615 вагоныг акталсан. Цаашдаа төмөр замын тээврийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангахад хөдлөх бүрэлдэхүүн түрээслэх, худалдаж авахад хөрөнгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болж байна. Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлаас үүдэн нийгэмлэгийн санхүүгийн байдал хүндрэлтэй тулгарч байгаа ч тээх нэвтрүүлэх хүчин чадлаа өсгөх, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд цаашдаа бүх боломжтой алхмыг авч хэрэгжүүлэх болно. Улаанбаатар, Толгойт зангилааны төмөр замчид та бүхэн үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтоо биелүүлэн, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлаа чанд сахиж ажиллана гэдэгт бүрэн итгэж байна. Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. Хурлын төгсгөлд салбар нэгжүүдэд өвлийн бэлтгэл хангасан гэрчилгээг гардуулж, хариуцсан ажилдаа амжилт ололт гаргасан төмөр замчдыг шагнаж урамшууллаа.
Б.Гүнжинлхам
