Нүүр Цаг үе Зорчигчийн вагоны өвлийн бэлтгэл 100 хувийн биелэлттэй байна
Цаг үе

Зорчигчийн вагоны өвлийн бэлтгэл 100 хувийн биелэлттэй байна

G.Press 2 жилийн өмнө 71 үзэлт 0 сэтгэгдэл

     

      Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй намрын огтор шар өдрүүдэд өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Зорчигчийн вагон депогоор саяхан орж айсуй өвөлд хэр бэлтгэлтэй байгааг нь сонирхлоо.

Тус депогийн инженер-механикч Д.Зундуйдоржтой уулзахад тэрбээр, депогийн хэмжээнд өвлийн бэлтгэл ер нь хангагдсан талаар танилцуулсан юм.

Зорчигчийн вагон депогийн хувьд Замын төлөвлөгөөнд багтсан ажлууд 100, алба болон депогийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.

Тодруулбал, Замын өвлийн бэлтгэл ажлын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Зорчигчийн вагоны паркийг өвлийн тээвэрт бэлтгэх ажил 100 хувь дуусжээ. Энэ хүрээнд нийт 90 вагонд намрын комиссын үзлэг буюу техникийн засвар үйлчилгээг бүрэн хийсэн байна.

Мөн Замын II ангийн хашаанаас депогийн дулааны ЦТП хүртэлх 661 метр дулааны шугамын 60 метрт хэсэгчилсэн урсгал засвар хийжээ. Зорчигчийн вагоны галлагааны шахмал түлшийг татан авах ажиллагааг хуваарийн дагуу хийж яваа аж. Нийт 4500 тонн шахмал түлш таван авахаас 710 тонныг татан авчээ. Энэ нь тус депогийн хэмжээнд 60 хоногийн нөөц юм байна. Мөн депогийн зэхэлтийн замууд, вокзал, тусгай вагоны зогсоолын нийт 81 ширхэг зэхэлтийн болон гүний худгуудад үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилган өвөлд бэлэн болгожээ. “УБДС” ТӨХК-тай дулааны гэрээгээ шинэчилсэн. Одоогоор, депогийн эмнэлгийн хэсгийн дулааныг есдүгээр сарын 15-нд өгсөн. Энэ сарын 01-нээс нийтээрээ дулаанаа авлаа. Энэ мэт өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудыг есдүгээр сарын 10-наас өмнө гүйцэтгэсэн гэж Д.Зундуйдорж инженер ярьсан юм.

 Түүнчлэн, депогийн хэмжээнд хийх өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 22 зүйлтэй батлан хэрэгжүүлж буйгаас 21 ажил нь 100 хувь, нэг ажил нь л 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Тэр нь, ажилчдын өвлийн хувцасны татан авалт аж. Энэ талаар тус депогийн ХАБЭА хариуцсан инженер Ц.Батдэлгэрээс тодрууллаа.

 

-Танай депогийн өвлийн бэлтгэл ажлуудаас ажилчдын өвлийн хувцасны олголт л 50 хувийн гүйцэтгэлтэй яваа юм байна?

 

-Замын даргын 2022 оны 555 тоот тушаалаар өвлийн хувцас олголтын хугацааг аравдугаар сарын 15-ны дотор олгоно гэж заасан байгаа. Тэгэхээр энэ ажлын гүйцэтгэлийн хугацаа дуусаагүй гэсэн үг. Манайх есдүгээр сарын 28-нд шинэ ажилтнууддаа 97 хос өвлийн гутлыг олгосон. Замын хэмжээнд эхний ээлжид шинэ ажилтнуудыг хувцсаар хангах чиглэл өгсөн. Ер нь, Замын хэмжээнд шинэ ажилтнууд болон замчдын өвлийн хувцсыг эхний ээлжинд олгодог. Тэгэхээр өвлийн хувцасны олголтыг энэ сарын 15-ны дотор олгоно гэж бодож байна.

 

-Сүүлийн жилүүдэд ажилчдын ажлын хувцасны чанар ямар байгаа бол?

 

-Өнгөрсөн өвлийн ажлын хувцасны хувьд гомдол ирсэн. Ялангуяа, өвлийн гутал үйлчлэгчийн нэг удаагийн аяллыг даахгүй ул нь салсан тохиолдол гарсан. Ганц манай байгууллага гэлтгүй бусад байгууллагуудад ч хувцасны чанартай холбоотой асуудал яригдсан. Энэ талаар бид холбогдох албадад мэдэгдсэн. Энэ жилийн ажлын гуталны хувьд чанартай гутал ирэх болов уу гэж найдаж байна.

 

-Өөрийн тань хувьд өвлийн бэлтгэл ажилтай холбоотой өөр ямар асуудлыг хариуцдаг вэ?

 

-Өвлийн улиралд халтиргаа, гулгаа үүссэн үед цацах давсны нөөцийг хариуцдаг. Одоогийн байдлаар манайд хоёр тонн давсны нөөц байна. Энэ бол шинэ он хүртэл хүрэлцэнэ гэж бодож байна. Өнгөрсөн өвөл цас их орсон тул нийт зургаан тонн давс хэрэглэсэн. Цас багатай жил бол давс бага шаарддаг. Тэгэхээр явцын дунд шаардлагатай бол давс нэмж авна. Давсыг их хэмжээгээр нөөцлөх нь тохиромжтой биш. Яагаад гэвэл давс норвол урсчихдаг учраас тэр шүү дээ. Тэгэхээр давсны нөөц одоогоор хангалттай байгаа гэж үзэж байна.

Түүнчлэн, депогийн цех тасгуудын хаалга цонхны дулаалга, засварын цехийн вагон өргөх 39 домкратуудад үзлэг хийх, депогийн зэхэлтийн замуудад өвлийн улиралд цас цэвэрлэгч ажилуулах гэрээг Замын II ангитай байгуулах зэрэг төлөвлөгөөт ажлууд нь бүрэн биелсэн байна.

Депогийн хэмжээнд анхны өвөлжигч 121 хүн байгаа бөгөөд тэдэнд зориулсан 40 цагийн сургалтыг наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 5-ны дотор зохион байгуулжээ.

Депогийн хэмжээнд их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу 162.5 метрийн урттай нүүрсний 65 дугаар замыг төмөр бетон дэртэй болгох ажлыг Замын II ангиар хийлгэжээ. Мөн вагон өргөх найман домкратын их засварыг 7-8 дугаар сард хийсэн байна. Мөн Зэхэлт, бэлтгэлийн цехэд угаалгын шинэ машин авч суурилуулсан зэрэг өвлөөс өмнө төлөвлөсөн ажлуудаа амжуулсан байна. Замын II анги өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Зорчигчийн депогийн хашаан дахь замын муудсан 200 модон дэрийг сольж байгаа юм байна.

Тус депогийн хувьд энэ сарын 15-наас өмнө ажилчдынхаа өвлийн хувцсыг аваад олгочихвол өөр дутуу зүйлгүй өвлийг угтахад бэлэн болсон байна.

 

Б.Гүнжинлхам

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.