Зорчигч тээврийн албаны засвар эрхэлсэн орлогч дарга Х.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Зорчигчийн вагоны паркийн засвар, ашиглалтын өнөөгийн байдлын талаар ямар ажлууд хийж байгаа вэ?
-Зорчигч тээврийн албанаас гадаад, дотоодод хийгддэг засварын ажлуудыг Зорчигчийн вагон деподоо хийх бодлого барьж, удирдлагаар ханган ажиллаж байна. Энэ хүрээнд засварын чиглэлээр бид олон зүйлийг хийх шаардлага тулгарч байгаа. Замын захиргааны дэмжлэгтэйгээр албаны зүгээс урьд нь хийж байсан ажлуудыг сэргээх, техник технологийн шинэчлэлт хийх, хүний хүчин зүйлийг багасгах, эдийн засгийн үр ашигтай ажиллах, ажлын байрны орчинг сайжруулах , ажилтнаа сургаж дадлагажуулах чиглэлээр ажиллаж байна. Төлөвлөсөн ажлуудаас зарим нь бүрэн хэрэгжсэн. Зарим нь дөнгөж эхэлж байгаа ажлууд ч бий.
-Жишээ болгон хийж хэрэгжүүлж буй ажлуудаасаа танилцуулж болох уу?
-Бололгүй яах вэ. Хос дугуйн гүүшингийн дотор цагираг суулгах технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж болох дотор цагираг сугалах, халаагч төхөөрөмж, мөн хэмжих хэрэгсэл гурвыг авсан. Депогийн долоон ажилтныг дээрх чиглэлээр Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод сургалтад хамруулсан. Энэ ажлыг хийснээр жилд 100 орчим хос дугуйг Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод засуулдаг зардлыг хэмнэхээс гадна, гадны байгууллагын хос дугуйг засварлаж, орлого олох боломж ч нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
Түүнчлэн, тэргэнцэр угаах камерийг шинээр барьж ашиглалтад оруулснаар тэргэнцрийг лазер төхөөрөмжөөр цэвэрлэх ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэ ажлын үр дүнд Депо засварын цехийн тоосжилт эрс багассан нь ажилчдын эрүүл ахуйд ихээхэн нөлөөтэй сайн ажил болсон. Мөн тэргэнцрийг шинэ технологиор цэвэрлэснээр урсгал зардал буюу цахилгаан, ус, дулаан цэвэрлэгээний бодисын зардалд жилд 10 889 494 төгрөг зарцуулдаг байсныг хэмнэж байна. Ер нь, жилд дунджаар 768 тонн ус, 55040 кВт/цаг цахилгаан эрчим хүч хэмнэх тооцоо гарсан.
Үүнээс гадна тэргэнцрийн металлыг гартал бүрэн цэвэрлэснээр будгийн ажлыг технологийн дагуу хийж, насжилт уртсаж, зэврэлт, элэгдэл багасах ач холбогдолтой юм.
Мөн лазераар цэвэрлэснээр далд ноцтой гэмтлийн илрүүлэлт сайжирч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ахиц гарч байна.
Цаашид үе шаттайгаар зорчигчийн вагоны зуухны утааг дахин шатаах төхөөрөмжөөр тоноглоно. Одоогийн байдлаар, 13 вагон тоноглоод байна. Вагонуудыг тусгайлан өөрчлөн тоноглох , вагоны гэрэлтүүлгийг лед гэрлээр бүрэн солих ажил үргэлжилж байгаа. Одоогоор таван вагоны гэрэлтүүлгийг лед болгон сольсон. Вагоны ариун цэврийн өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан бариул хийх гэхчилэн олон ажлыг хийж байна. Хэдий санхүүгийн хүндрэлтэй байгаа ч Замын захиргаанаас боломжтой бүх хэлбэрээр дэмжсэний үр дүнд бидний ажил урагштай явж байгаад хамт олныхоо зүгээс талархаж буйгаа илэрхийлье.
