УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн нэгдүгээр давхарт гадаад паспорт захиалах төхөөрөмжийг байршуулж, байнгын ажиллагаанд оруулаад байгаа билээ. Тус төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Цахим машины үйлчилгээ нь Монгол Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд та цахим иргэний үнэмлэхийнхээ тусламжтайгаар гадаад паспортынхаа зургийг даруулах, төлбөрөө банкны картаар төлөх бүрэн боломжтой юм.
ТА ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХДАА ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРНА УУ!
Зураг авхуулахдаа өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан, дүрэмт хувцас өмсөөгүй байх.
Гадаад паспорт захиалгын төлбөрийг төлөхдөө пос машинд уншуулах банкны карттай ирэх.
ЦАХИМ МАШИНД ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ ЗААВАР
1. Дэлгэц дээрх гадаад паспорт захиалах цонхыг сонгон иргэний үнэмлэхээ зааврын дагуу хийнэ.
2. Төхөөрөмж таныг танин баталгаажуулсны дараа цахим үнэмлэхээ буцаан авна.
3. Танд гэмтсэн хуруу байгаа эсэх сонголтыг хийнэ. (Хэрвээ хурууны хээний хувьд гэмтэлтэй хуруутай бол тухайн хурууг сонгох)
4. Хоёр гарын эрхий хурууг заасан хэсэгт дарж хурууны хээг уншуулна. Хурууны хээг уншуулахдаа мэдрэгчид сайтар дарж уншуулах ба баталгаажсан тохиолдолд дохиолно. Дараагийн цонхонд шилжихэд эхлээд зүүн гарын дөрвөн хурууг дараа нь баруун гарын дөрвөн хурууг уншуулж хурууны хээ уншуулах хэсэг баталгаажиж дуусна. (Хурууны хээг уншуулах бүрт баталгаажсан тохиолдолд дохиолж дуугарна)
5. Гадаад паспортын зураг даруулахдаа заасан байрлалд тэгш зогссоноор төхөөрөмж зургийг автоматаар дарна.
6. Авхуулсан зураг стандартад нийцсэн тохиолдолд зураг зөвшөөрөх хэсгийг дарж баталгаажуулна. (Та хүсвэл зургаа дахин авхуулж болно)
7. Зургаа баталгаажуулсны дараагийн цонхонд та хувийн мэдээлэл болох утасны дугаараа оруулж гадаад паспортоо хүлээн авах өөрт ойрхон байрлах улсын бүртгэлийн үйлчилгээний төв болон цэгийг сонгон оруулж төлбөрөө картаар төлснөөр гадаад паспорт захиалах бүртгэл дуусна.
Та өөрийн сонгосон төв болон цэгээс ажлын тав хоногийн дараа гадаад паспортаа хүлээн аваарай