"Ган зам" сонины энэ жилийн гурав дахь азтанаар Замын II ангийн зургадугаар хэсгийн бригадын дарга Ц.Билгүүн тодорлоо. Тэрбээр, өнгөрсөн долоо хоногт 0001371 дугаартай сониноо барьж ирэн жимсний шүүс шахагчаа гардлаа.
Тэрбээр манай сониныг найм дахь жилдээ захиалан уншиж байгаа ажээ. Ц.Билгүүн “Би өмнө нь ямар нэгэн азын сугалаанд хожиж байгаагүй. Энэ удаад “Ган зам” сонины 5000 гаруй захиалагчаас тодордог есөн азтаны нэг болсондоо туйлын баяртай байна. Анх удаа азтан боллоо. Ажил ихтэй, зав муутай байснаас азын хонжвороо авч чадахгүй удлаа. Танай сонины хамт олонд амжилт хүсье” гэлээ. Гурван хүүхэдтэй өнөр өтгөн өрхийн тэргүүн азтан маань хонжвороо аваад гэргий рүүгээ утасдаж “Жимсний шүүс шахагчаа авчихлаа. Жимсээ аваад хариарай” хэмээн баяр хөөртэй гарч одлоо.