12 дугаар сар минь сайн уу. Жилийн хамгийн хүйтэн, бас сэтгэлд хамгийн дулаахан сар минь. Чамайг ирэх бүрт хүйтэн жавар хацар хайрсан ч, хүнийг бодлынхоо цасаар ариусгаж, уучлалын салхиар тайтгаруулж, талархлын гэрлээр гэрэлтүүлдэг. 11 сарыг ардаа үдэж, шинэ он руу тэмүүлсэн хүслийн чимээг чи л сонсдог. Хот гэрлэн сувд шиг гялтганахад хүмүүсийн алхаа нь намуухан, сэтгэл нь зөөлөн, үг нь хүртэл илүү тунгалаг болдог. Цасан ширхгүүд тэнгэрээс үлгэрийн мэт нэвсийтэл бударч, газарт буухдаа чимээгүйхэн гялтганах нь сэтгэлд минь “Амьдрал ийм эмзэг, бас гайхалтай үзэсгэлэнтэй” гэж сануулах мэт.
12 дугаар сар минь чи миний мөрөөдлүүдийн оньсон түлхүүр.
Хэн нэгэн мөрөөдлөө бичих шинэ дэвтэр нээнэ. Нөгөө нь зүрхэндээ шивнэж явсан хүслээ зорилт болгон хувиргана. Бас нэгэн нь хайртай хүн рүүгээ яаран алхана, өөрийгөө уучилж, өнгөрснөө тунгаан, ирээдүй рүүгээ тэмүүлнэ.
Чи жилийн төгсгөл ч, шинэ эхлэлийн амьсгал хосолсон онцгой сар.
Өглөө бүр цонхонд хээ гялтганаж, сэрүүн агаар цээж дүүргэхэд өөрийн эрхгүй нам гүмд дурлан, дотоод ертөнцөөрөө аялна. Ажил, амьдралын хөл хөдөлгөөнөөр дүүрэн жил нэг л мэдэхэд ард хоцорч, 365 өдрийн дүгнэлт, талархал, уучлалын гунигтай ч бас дулаахан мэдрэмжүүд сөхөгдөн өндийдөг.
12 дугаар сар чи хүмүүсийг зөөлөн болгодог.
Ээжийн гар шиг зөөлөн, гацуурын гэрэл шиг дулаахан, анхны хайрын догдлол шиг гунигтай ч гэгээлэг. Чи бидэнд бэлэг заавал гоёмсог туузтай байдаггүйг ойлгуулж, харих замд барьсан халуун цай, хэн нэгний халуун дотно үг, зөөлөн тэврэлт хамгийн үнэ цэнтэй гэдгийг хэлж өгдөг. Тэврэлт, инээд, дурсамж, хүлээлт бүгд чиний өдрүүдэд уусаж, амьдралын утас чамайг тойрон намуухнаар зангилагдана.
Шөнө дөлөөр цонхны цаана цас бударч, гэрэлд гялалзан шингэхийг харж зогсохдоо өөрөөсөө “Би юунд алдаж, юуг онов”, “Ямар мөрөөдлөө жигүүртэй болгож чадсан бэ”, “Шинэ ондоо юуг авч, юуг орхиж үлдээх вэ” хэмээн асууна. Чи түүнд тод хариуг өгдөггүй ч, цас улам лавсан орж, “Өнгөрсөнтэй эвлэр, ирээдүйгээс бүү эмээ” хэмээн шивнэх шиг санагдана.
Учир нь чи жилийн хамгийн романтик сар.
Яг л хэн нэгнийг санагалзахдаа цээжний гүнд хөндүүрлэх шиг, чамайг санахаар сэтгэл хачин эмзэг болдог. Хэн нэгнийг санахдаа дулаацдаг, дуу хоолойг нь сонсоод уярдаг сар бол чи. Хайрттайгаа халуун шоколад хуваан ууж, гараа өвдтөл чанга атгалцаад алхах, гацуурын гэрэлд зогсоод дуугүйхэн инээмсэглэх... Чиний өдрүүдэд ийм бяцхан мөчүүд хүртэл хайрын бэлгэдэл болдог.
Чи “хамт” байх гэсэн мөрөөдөлд гэрэл асаадаг сар.
12 дугаар сар чи намайг зоригжуулдаг. “Хэлмээр байгаа бол хэл, хэн нэгнийг хүлээж байгаа бол оч, өөрийгөө уучилж чадахгүй бол зүгээр л зүрхээ сонс” гэж хэлдэг. Шинэ он хаалга тогших мөчид, чи дэргэд минь зогсож, мөрөн дээр минь гарынхаа алгаар халуунаар илбэн, амьдрал үргэлжилдгийг хэлэх шиг болдог. Тэгээд л ”Айх хэрэггүй, айсуй он чамайг хайрлахад бэлэн. Хорвоо дэлхий уужим, зүрх чинь ч гэрэлтэй. Өнөөдрийн гуниг маргаашийн гэрэлд уусна. Зүгээр л урагшаа алх. Шинэ эхлэл чамайг тосоод зогсож байна” хэмээн нам гүмхэн шивнэх мэт болдог доо.
П.Түмэн
