Нүүр Энэ сэдвээр Д.Наранбаяр: Цахим ухаалаг шийдлээр байгууллагын бүтээмжээ нэмэгдүүлж байна
Энэ сэдвээр

Д.Наранбаяр: Цахим ухаалаг шийдлээр байгууллагын бүтээмжээ нэмэгдүүлж байна

G.Press 44 минутын өмнө 6 үзэлт 0 сэтгэгдэл

Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн дарга Д.Наранбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө бидний урилгын хүлээн авсанд баярлалаа. Эхлээд хоёулаа таны ажил амьдралын замналын талаар ярилцвал болох уу, удам залгасан төмөр замчин гэдэг байхаа?

-Зочноор урьсан “Ган зам”  сонины редакцийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн сониныхоо нийт уншигчдад саяхан болж өнгөрсөн “Төмөр замчдын баяр”-ын мэндийг, мөн өнгөрсөн долоо хоногт болсон Эрчим хүчний салбарын ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Тиймээ, би аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн УБТЗ-д 26 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд бага нас маань төмөр замчдын жишгээр өртөө зөрлөгийн борогшуу амьдралд өнгөрсөн.  УБТЗ хэмээх их айлын Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангид гэрээт ажилтан монтёроос эхлэн ашиглалт, борлуулалт, засвар, эрчим хүчний хэмнэлт гэсэн чиглэлүүдээр техникч байцаагч, бригадын дарга, мастер, инженер, дарга гэсэн шатлалаар ажиллаж 2016 онд мэргэшсэн инженер, 2026 онд Монгол улсын зөвлөх инженер болсон.  Цахилгааны инженер болон бизнесийн удирдлагын мастерийн боловсролтой.  Ер нь, төрсөн, өссөн, сурч боловсорсон, өнөөг хүртэл хөдөлмөрлөж яваа гээд миний амьдралын бүх цаг хугацаа төмөр замтай салшгүй холбоотой гэхүү дээ.  Ажлын гараагаа Сүхбаатарын цахилгаан шугам сүлжээний хэсэгт борлуулалтын монтёр  байцаагчаар ажлын гараагаа эхлээд борлуулалтын алдагдал авлагагүй хэсэг, ангийн хоёр удаагийн “Аварга хэсэг” болгож байлаа. Дараа нь ашиглалтын салбар руу орж Амгалангийн цахилгаан шугам сүлжээний хэсгийн мастераар ажиллаж байхдаа “Ангийн аварга мастер” болсон. 

Хүн ер нь амжилт гаргах тусмаа түүндээ улам урамшиж, илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлээр хөглөгддөг юм билээ. Улмаар хийсэн бүтээснээрээ хөглөгдөн инженерийн түвшинд мэдлэг, чадвараа сорьж, 2015 онд батлагдсан Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг УБТЗ ХНН хэрэгжүүлэх үүрэг хүлээсний дараа энэ ажлыг эхлүүлж тухайн үеийн Замын ерөнхий инженер А.Р.Мещеряковын удирдлага дор Дохиолол холбоо, эрчим хүчний албанд УБТЗ-ын хэмнэлтийн менежерээр гурван жил ажиллахдаа бүтцийн нэгжүүдийн ерөнхий инженер, эдийн засагч нарт хэмнэлтийн ажлын ач холбогдол, арга зүйн ойлголтын талаар мэдээлэл өгөх, үндсэндээ ISO50001 стандартын ажлын эхлэлийг тавьснаараа урамшдаг. Хичээл зүтгэлийн даган амжилт ирж, амжилт бүхний цаана хариуцлага өндөрсдөг нь бичигдээгүй хууль шүү дээ.  Намайг Эрчим хүч, ус хангамжийн төвдөө Их барилга, их засвар хариуцсан инженерээр гуравдахь жилдээ ажиллаж байтал тус ангийн даргаар томилсон.

- Танай хамт олон өргөн хүрээг хамран хариуцдагаараа онцлогтой шүү дээ. Төмөр замын тээврийг эрчим хүч, ус хангамжийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаагаар хангахын тулд хоорондын уялдаа, менежмент маш сайн байх шаардлагатай байх. Ялангуяа оны тэргүүн зорилтыг хангах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

- Тийм шүү. Манай шугам сүлжээний ашиглалтын хэсгүүд Сүхбаатар, Дархан, Зүүнхараа, Мандал, Улаанбаатар, Амгалан, Багахангай өртөөдөд байдаг. Энэ хэсгүүд маань өөрсдийн хэсэглэлд буй бүтцийн нэгжүүд болон өртөө зөрлөгүүдтэйгээ хамтраад тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж хамтран ажиллаж байна. Ангийн хувьд участок урт, хүн хүч цөөн, тоноглол хуучирсан зэрэг бэрхшээл байдаг хэдий ч замын удирдлагуудад танилцуулж, боломжит хэлбэрээр асуудлуудаа шийдвэрлээд явдаг. Хэтдээ шинэ төмөр замын бүтээн байгуулалт дуусаж ашиглалт нь УБТЗ-д шилжиж ирвэл манай ангийн бүтэц орон тоог авч үзэж таарна.  Оны тэргүүн зорилтыг хангах тухайд бүтээмжийг яаж нэмэгдүүлэх, зардлыг хэрхэн багасгах, хэрэглэгчид хэрхэн илүү хүндрэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Жишээ нь, усны чиглэлээр гэхэд ус хангамжийг зөрлөгийн төмөр замчдад хоёр төрлийн худгаар хүргэж байгаа. Нэг нь, тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд ус олборлоод төлбөртэй борлуулдаг худгууд байна. Нөгөө нь, зөвхөн замын хэсгүүдэд замын ангиудад хамаардаг, замчдыг усаар хангадаг, төлбөр мөнгө авдаггүй, ашиглалтын үйлчилгээг нь хийдэг худгууд байдаг. Энэ худгууд дээр ус олгохын тулд тэр тоног төхөөрөмжийг ажиллуулах заавал нэг хүн ажилладаг. Иймд бид төлбөр мөнгө тооцдог худгууд дээрээ “Ухаалаг худагкарт уншуулаад 24 цагаар усаа авч болдог систем нэвтрүүлсэн. Энэ маань жаахан өртөг өндөр, ашиглалтын зардал их байдаг. Нөгөө нь төлбөр мөнгө тооцдоггүй замын хэсгүүдийн жижиг худгуудаа “Чиптэй худаг болгосон.  Энэ нь тухайн газрын нэг худгаас ус авдаг айлууддаа чип тарааж өгөөд өдөр, шөнө хэзээ ч хамаагүй 24 цагаар өөрсдөө худгаа ажиллуулаад усаа авах боломжтой худаг юм. Энэ худгийг хэн нэгэн заавал хариуцаж ажиллуулах шаардлагүй гэсэн үг. Ингэж худгуудаа шинэчилснээр ашиглалтын зардлыг бууруулна.

-Дэлхий нийтэд үүсээд байгаа геополитикийн нөхцөл байдал манай улсын эрчим хүч, цахилгаан хангамжийн салбарт багагүй хүндрэл учруулах шинжтэй. УБТЗ-ын цахилгаан хангамж чухам ямар хэмжээнд байна вэ?

-Цахилгаан дамжуулах шугам, хувиргах дэд станц, түгээх шугам сүлжээ гээд цахилгаан хангах түгээх үйл ажиллагаанд оролцоотой шугам дэд станцууд хоорондоо шууд цахилгаан холбоотой ажиллаж нэгдсэн системийг бүрдүүлдэг. Энэ урт шугамуудад дундын таслах залгах төхөөрөмжүүд ашиглагддаг. Ажлын шаардлагаар эсвэл гэмтлийн шалтгаанаар уг таслаж залгах төхөөрөмжүүдийг ашиглах шаардлага үүснэ. Энэ үед шугам замд байдаг монтёрууд, эсвэл төвлөрсөн хэсгүүдээс бригад явж очиж үйлдэл хийдэг. Үүнийг хүний оролцоогүй алсын зайнаас хийх боломжийг бүрдүүлж хөдөлмөр зарцуулалт болон машин бензин тос хэмнэж аюлгүй ажиллагааг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

Мөн манайх Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан орчин үеийн жишигт нийцүүлэх ажлыг үе шаттай зохоин байгуулж байгаа. Эхний ээлжинд эрчим хүчний салбарт ашиглагддаг борлуулалтын edimis3.0 программыг COSS-той холбох ажил бүрэн хийгдсэн. Callpro-7755-5500, billcenter апликейшн, “ЭРЧИМ ХҮЧ УС ХАНГАМЖИЙН I АНГИ” facebook page, ev.ubtz.mn вэб хуудас зэргийг хэрэглэгчдэд зориулан ажиллуулж байна. Мөн 2019 онд эрчим хүчний хэмнэлтийн менежер байхдаа эхлүүлсэн ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх ажилд анхаарч байна. Өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын зардлаар 279 ширхэг, хэрэглэгчийн зардлаар 282 ширхэг ухаалаг тоолуурыг шугам сүлжээнд тавьж ашиглаж байна. Цаашид энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор эхний ээлжинд Амгалан ЦШС-ний хэсэгт бүрэн нэвтрүүлэх тооцооллыг хийгээд ЭВ төвийн ТЭЗЗ-ээр хэлэлцүүлэн дэмжигдсэн. Энэ ондоо  Замын ТЭЗЗ-ээр хэлэлцүүлээд дэмжигдвэл ирэх жил энэ ажлыг эрчимжүүлнэ. Төслийн үр дүнгийн хувьд зардлын эргэн төлөгдөх хугацаа маш богино хоёр жил байгаа. Цаашдаа ангийн хэмжээнд смарт тоолуурын системийг бүрэн нэвтрүүлнэ. Ингэснээр цахилгаан эрчим хүчний борлуулалтын ажил үндсэндээ бүрэн автоматжиж, арилжааны алдагдалгүй борлуулалт хийж өр авлага үүсгэхгүй.  Хэрэглэгчид өөрийн хэрэглээндээ хяналт тавих боломжтой болно. Мөн бид дотооддоо ажилтанд чиглэсэн сургалт мэдээллийн програмыг (апп) хөгжүүлж ашиглаад явж байгаа. Замын удирдлагын болон цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх, ХАБЭА-н гурван шатны үзлэгийг цахимаар хийж үр дүнг тооцох, ажилтан өөрийн аюулгүй ажиллагааны эрх зэрэгт тохирсон сургалтыг авч тест хийх, өдрийн хоолоо захиалж хоолны илчлэгээ хянах гээд олон боломжийг ажилтанд олгодог апп байгаа.

-Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиллаа. Энэ цаг доор өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд барилга байгууламж, машин техник, хүн хүч, дэд станц, шугам сүлжээ, худаг цооногийн гэх мэт чиглэлээр тус бүр зайлшгүй хийх шаардлагатай ажлыг төлөвлөн хийдэг. Манай хувьд өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө нь хэсэг цехийн, ангийн, албаны, замын төлөвлөгөөнүүдэд хуваарилагдаж зардлын асуудлаа шийддэг.  

Бид өөрсдийн нөөц бололцооноос давсан, хөрөнгө мөнгө шаардсан ажлуудаа замын төлөвлөгөөнд тусгуулдаг. Ангийн хэмжээнд зардал шаардсан машин механизм, нэмэлт хүн хүч шаардсан ажлуудаа ангийнхаа төлөвлөгөөнд оруулаад, хэсэг цехүүд маань өөрсдийн дотоод зохион байгуулалтаар хийчих ажлуудаа зохин байгуулдаг. Энэ оны хувьд анги өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 15 ажлыг төлөвлөсөн. Ажлын биелэлт өнөөдрийн байдлаар 51 хувьтай байна. Гол ажил гэвэл нүүрс түлээ хангах худалдан авалттай холбоотой ажлууд,  барилга байшингийн дулаалга, дээврийн засвар, гүний цооног шугам хоолойн дулаалга гэх мэт ажлууд графикийн дагуу хийгдээд явж байгаа. Эдгээр ажлууд ирэх есдүгээр сарын 30 гэхэд үндсэндээ бүрэн дуусна. Инженерийн байгууламж шугам сүлжээний өвөл зуны горим гэж байдаг. Горимд нийцүүлэн бэлтгэл ажлуудыг графикийн дагуу төлөвлөн хэрэгжүүлж байна.

-Танайд хэрэглэгчдийн зүгээс ямар санал, хүсэлт зонхилон ирж байна вэ?

-Ер нь, орчин үеийн хэрэглэгчийн шаардлага ойлгомжтой болчихсон шүү дээ. Аль болох түргэн шуурхай, чанартай ЦЭХ-ний найдвартай үйлчилгээг хүснэ. Мөн төлбөр тооцооны хялбар олон боломж, эелдэг найрсаг үйлчилгээг л шаардана. Энэ бол нийтлэг хүсэлтүүд. Бид хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэх талаар хичээн ажиллаж Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулж ажил нь жигдэрсэн. Цахилгаан түгээх бусад компаниудын ашигладаг борлуулалтын программын хамгийн сүүлийн үеийн хувилбарыг нэвтрүүлээд жигдрээд явж байна.

-Цахилгаан дамжуулах шугам, усны шугам хоолойн элэгдэл ангийн хэмжээнд ямар түвшинд байна вэ?

-Манай шугам сүлжээний дийлэнх нь 30-аас дээш жилийн насжилттай. Усны шугам сүлжээг шинэчлэхэд 20-иод тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжүүдийн дийлэнх нь хуучирсан, шинэчлэх хэрэгтэй байна. Цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын модон тулгууруудын насжилт нь хэтэрчихсэн, солих шаардлагатай. Ялангуяа хойд чиглэлд газрын чийг ихтэй, модон тулгуурын өмхрөл, ялзрал түргэн явагддаг. Энд эрсдэл өндөртэй 9600 модон тулгуур байгаагаас маш өндөр эрсдэлтэй 212 ширхэг модон  тулгуурыг нэн тэргүүнд солих шаардлагатай. Иймд бид техникийн нөөцийн эрсдэлийн үнэлгээ, нарийвчилсан эрсдэлийн үнэлгээ гээд хоёр хэлбэрээр эрсдэлийн үнэлгээ хийгээд өнгөрсөн жил Замын техник, эдийн засгийн зөвлөлөөр оруулж, батлуулсан. Үндсэндээ агаарын модон тулгууртай шугамыг төмөр бетон тулгуурт шилжүүлэх хөтөлбөрөө батлуулчихсан явж байгаа. Энэ жил замын санхүүгийн хүндрэл шалтгаалж байгаа ч тендер зарласан. Энэ бол үндсэндээ 10 жилийн хугацаанд өрнөх том ажил болно. Үүний дараа цахилгааны дэд станцаа шинэчлэх ажил руугаа орно. Ингэж шат дараалалтай явахгүй бол бүгдийг зэрэг хийх бололцоо байхгүй.

- Өндөр хүчдэлийн шугам, усны шугам хоолойн хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй буусан айл өрх, ААН хэр олон байдаг вэ? Энэ талаар  ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Эрчим хүчний болон Усны тухай хуулиудад хамгаалалтын зурвасын талаар тодорхой заасан байдаг. Хамгаалалтын зурвасыг мөрдүүлэх чиглэлээр манайхаас хоёр төрлийн арга хэмжээ авч байгаа. Нэгдүгээрт, хэрэглэгчдэд мэдэгдэл шаардлага өгөх, хоёрдугаарт, орон нутгийн захиргаа, газрын албанд шугам сүлжээний зурвас газрыг баталгаажуулах талаар хүсэлт өгч хамтран ажиллаж байна. Хамгаалалтын зурвасын талаарх маргаан их гардаг, хүнд асуудал байсан. Сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлагууд шугам сүлжээ, дэд бүтцээ хамгаалах чиглэлд их анхаарч, бидний ажлыг ойлгож дэмжлэг үзүүлдэг болсон.

-Хүний нөөцийн хүрэлцээ хангамж, ажиллах нөхцөлийн талаар яривал ямар бэрхшээл, хүндрэл байна вэ?  

-Үнэндээ, хүний нөөц л ёстой тулгамдсан асуудал болоод байгаа. Би 2022 онд энэ байгууллагын даргаар томилогдон ажилласан жил 19 хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. 2023 онд 53 хүнтэй, 2024 онд 33 хүнтэй, 2025 онд 56 хүнтэй, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 24 хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгууллаа. Уг нь манайх 195 хүний орон тоотой байгууллага. Үүнийг дээрх тоотой харьцуулаад үзэхэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт ажилтны 60 гаруй хувь нь шинэчлэгдсэн. Манайх бараг сургалтын байгууллага шиг болчихсон. Хүний нөөцийг төлөвшүүлж, дадлагажуулж, тогтвортой ажиллуулах гэдэг бас л хүнд ажил юм байна.  Миний эрх мэдэл цалин нэмэх хэмжээнд биш ч, ямар л боломж бололцоо байна түүгээрээ тэр хүний ажиллах таатай нөхцөл орчныг бүрдүүлэх, ХАБЭА-г хангуулахад анхаарч ажиллаж байгаа. Бид бүх ажлын байр, цайны газар, спорт заал, амрах өрөөнүүдийг засаж, тохижууллаа. Бүх хэсгүүддээ сургалтын полигон шинээр байгуулж, сургалтын нэг нэг инженертэй болж, сургагч багш нарыг  ажиллуулж байна. Эрчим хүчний чиглэлээр сургалт явуулдаг ШУТИС, Эрчим хүчний сургалтын төв, ТЗИС гээд харьцаж болох бүх сургалтын байгууллагуудтай хамтарч хүн хүчээ бэлтгэж, сургаж байна.

-Танайх энэ жил хэчнээн шинэ мэргэжилтэн авах хэрэгцээ, шаардлагатай байна вэ?

- ТЗИС, ПТК хоёр л манай шинэ боловсон хүчний гол нийлүүлэгч шүү дээ. Энэ жилийн хувьд төгсөлтөөс есөн хүүхэд хуваарилагдснаас дөрөв нь л ажилд ороод байна. Нуулгүй хэлэхэд ШУТИС гэх мэт эрчим хүчний томоохон сургуулийг төгсөгчдөөс манайд ирж ажилд орох нь ховор байна. Эдгээр сургуулийн төгсөгчдийг бусад компаниуд өндөр цалин амлаад авчихаж байна. Гэтэл манайх бакалавраар төгсөгчийг эхлээд монтёроор ажилд авна, бүр II зэргийн цалинтай  дагалдангаар аваад, гурван сар ажиллуулна. Дараа нь ажилд жинхлэх шалгалт авна, тэнцвэл III зэргийн цалинтай зургаан сар ажиллуулна. Ийм шаталсан байдлаар шалгалт аваад яваад байхаар хүмүүс залхдаг юм байна. Дээр нь манайд цахилгааны мэргэжилтэй байхаас гадна төмөр замын, бас усны мэдлэгтэй байх шаардлагатай болдог. Энэ шаардлагууд нь төвөгтэй байдлыг үүсгэдэг. Зөвхөн манайд л монтёр-слесарь гэсэн ажлын байр байна, өөр хаана ч байхгүй байх.  Ийм хос мэргэжилтэй хүн манайд ирэхгүй шүү дээ, аль нэг нь л ирнэ. Тэгээд л нөгөө ирсэн хүнээ дахиж сургаж авахаас өөр аргагүй.

Намайг ажилд орох үед манайх 170 орчим трансформаторын дэд станцтай байсан, Одоо өөрийн 256, зөвхөн хэрэглэгчийн трансформаторын дэд станц нь 506 гарчихаад байна. Манайх 2000 онд 185 орон тоотой байсан бол одоо 26 жилийн дараа гэхэд аравхан орон тоо нэмэгдсэн байна Ажлын ачаалал өсөөд байдаг, цалин хангалттай  биш байгаа.

Гэхдээ сүүлийн үед замын удирдлагаас гаргаж байгаа бодлого шийдвэрүүд илүү хүн рүүгээ чиглэж байгаа нь ажилтнуудад, салбар нэгжүүдийн удирдлагуудад их дэмтэй байна. Хүний хүсэл хэрэгцээ их хэдий ч тэр бүрийг хангах боломж бололцоо хэцүү шүү дээ. Аль болох байгаа боломж бололцоо, нөхцөл байдалдаа тааруулаад, төмөр замын тээврийг тасралтгүй явуулахад манай анги хамт олон хичээж ажиллаж байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Г.Энхбаатар 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.