Дамчаагийн Мөнхзул унаган Дорноговийн хүүхэд, удам дамжсан төмөр замчин бүсгүй. Түүний хувьд төмөр зам гэдэг зөвхөн ажиллаж буй байгууллага ч бус аав, ээжийнх нь хөдөлмөрлөж, амьдралаа зориулсан орчин, бага нас, гэр бүлийн дурсамж, өнөөдрийн ажил амьдралтай холбогдсон үнэт зүйл нь болжээ. Зулаагийн аав С.Дамчаа Эрчим хүч, ус хангамжийн II ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Харин ээж Отгонбаяр нь Сайншандын Худалдааны IV конторын вокзалын ресторанд ахлах тогоочоор ажиллаж, хожим нь Татах хэсэгт ахлах тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Түүний хань Ш.Ганбат ч мөн төмөр замчин, Эрчим хүч, ус хангамжийн II ангид ажилладаг аж. Өмнө нь Сайншанд өртөөнд туслах найруулагчаар ажиллаж байжээ. Тэд төмөр замын ажил ямар хэмнэлтэй өрнөдгийг хоёул мэднэ. Цаг наргүй ажлын дундуур гэр бүл, ар гэрийн ажил амьдралаа хэрхэн зохицуулахаа тэд сайтар мэднэ, биесээ ч ойлгоно. Ш.Ганбатынх гурван хүүхэдтэй. Том хүү нь саяхан Дохиолол холбооны II ангид ажилд оржээ. Ингээд бодохоор Д.Мөнхзулын хувьд “Удам дамжсан төмөр замчин” гэх ойлголт зөвхөн эцэг, эхээс нь өөрт нь ирсэн өв бус. Түүний өөрийн ажил амьдрал, гэр бүл, үр хүүхдийн ирээдүйтэй нь ч холбогджээ.
Сайншандын арван жилийн сургуулиа төгсөөд Д.Мөнхзул техникумд элсэн орж, газар хэмжигч мэргэжил эзэмшжээ. Гэвч төгсөөд мэргэжлээрээ ажиллах хувь тохиосонгүй. Солонгос улсыг зорьж, таван жил зочид буудал, автомашины купер хийдэг үйлдвэрт ажилласан байна. Бага насандаа “Багш болно” гэж боддог байсан ч харин амьдралын зам түүнийг огт өөр салбар руу хөтөлсөн түүхтэй.
Солонгосоос буцаж ирсэн даруйдаа “Ган зам”-д худалдагч ажилд авна гэсэн зар харжээ. Тэр үед Д.Мөнхзул “Зүгээр сууж байхаар ажилд орьё” гэж шийдээд 2007 оны намар худалдааны салбарт анхлан хөл тавьжээ. Худалдаа үйлчилгээний энэхүү ажил нь өдөр бүр давтагдашгүй өөр байлаа. Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, хэрэглэгч нэг бүртэй харилцаж, тухайн хүнийхээ хэрэгцээ шаардлагыг ойлгон зөв бүтээгдэхүүнийг санал болгох жишээтэй. Энэ бүхнийг зөвхөн мэргэжил мэдлэгээр бус, олон жилийн турш хуримтлуулсан мэдрэмж, ажиглалт, туршлага хослон бий болгодог.
Д.Мөнхзулын хувьд дэлгүүртээ бараа захиалах нь ч мэдрэмж байв. Мэргэжилтнүүд Улаанбаатар хотыг зорьж бараа бүтээгдэхүүнээ татан авчирдаг ч орон нутагт ямар бараа эрэлттэй байгааг өдөр бүр хэрэглэгчидтэй харилцаж байдаг худалдагч л илүү сайн мэднэ. Тиймээс зөв барааг зохист хэмжээгээр захиалах нь борлуулалтад шууд нөлөөлнө. Эднийх төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлдэг нь ч олон жилийн туршлага, хамт олны хичээл зүтгэлтэй холбоотой. Түүний хувьд худалдааны ажил нэгэн хэвийн, уйтгартай ажил огт биш. харин ч шинэ бараа бүтээгдэхүүн ирэх бүрд судалж, хэрэглээ зориулалтыг нь мэдэж авна. Дараа нь хэрэглэгчид ойлгомжтой тайлбарлаж, зөв сонголт хийхэд нь тусална. Д.Мөнхзулыг худалдааны салбарт үлдэхэд тухайн үеийн ажлын зохион байгуулалт нөлөөлсөн байна. Тухайн үед 15 хоног ажиллаж, 15 хоног амардаг хуваарьтай байж. Ажиллах хугацаандаа цаг наргүй хөдөлмөрлөдөг ч үлдсэн 15 хоногийг гэр бүл, ар гэртээ зориулах боломжтой байсан нь түүнд их таалагджээ. Өглөө 10:00 цагаас ажилдаа гараад шөнийн 12:00 цаг хүртэл ажиллах үе ч бий. Ийм хэмнэлтэй ажлыг олон жил тасралтгүй хийхэд зөвхөн өөрийн тэвчээр төдийгүй ар гэрийн дэмжлэг хамгийн чухал. “Ар гэр сайн байж л бид ингэж цаг наргүй ажиллаж чадна” гэсэн түүний үгний цаана гэр бүлийнхэндээ талархах сэтгэл тодхон мэдрэгдэнэ. Гэхдээ хаана ч ажилласан түүнд нэг чанар үргэлж хамт байсан нь ажилдаа үнэнч байх явдал. Хүүхэд байхдаа багш болно гэж мөрөөдөж явсан охин өнөөдөр олон жилийн туршлагаараа хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь тусалдаг худалдааны салбарын туршлагатай ажилтан болжээ. Түүний амьдралын түүхээс харахад мэргэжил гэдэг заавал хүүхэд насны мөрөөдлөөр хэмжигддэггүй аж. Харин сонгосон ажлаа хэрхэн хайрлаж, хэр тууштай хийж, түүндээ өөрийн үнэ цэнийг бүтээж чадсанаар илүү тодорхойлогддог бололтой.
Д.Мөнхзулын 19 жилийн хөдөлмөрийн нэг онцлог нь зөвхөн лангууны ард зогсож, бараа бүтээгдэхүүн борлуулснаар хязгаарлагддаггүй. Тэрбээр худалдааг хэрэглэгчийн нүдээр харж, мэдэрч, байнга суралцаж ирсэн нэгэн. Ажлын он жилүүдэд Сайншандын төв дэлгүүрээс гадна Айраг, 33 дугаар зөрлөгт ажиллаж үзжээ. Зөрлөгийн жижиг дэлгүүрт нэг худалдагч ажиллах, төвийн дэлгүүрт олон ажилтан, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнтэй байх нь хоорондоо ихээхэн ялгаатай. Энэ өөрчлөлтүүд Д.Мөнхзулд худалдааны ажлын олон талт байдлыг мэдрэх боломж өгсөн байна. Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний өрөлт, өнгө үзэмжийг худалдааны ажлын нэгэн чухал хэсэг гэж үздэг. Мэдээж тодорхой стандарт бий. Тухайлбал, талхыг хаана байрлуулах, түүнтэй холбоотойгоор сүү, масло зэрэг бүтээгдэхүүнийг хэрхэн өрөх зэрэгт баримжаалах зарчимтай. Гэхдээ стандартын цаана худалдагчийн өөрийн сэтгэмж, мэдрэмж бас чухал. Тэрбээр дэлгүүр хэсэхдээ ч зүгээр нэг хэрэглэгч байдаггүй. Улаанбаатарын томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрээр орох бүрдээ барааны өрөлт, зохион байгуулалт, шинэ санаа, хэрэглэгчийн анхаарлыг татах арга барилыг ажигладаг. Жижиг дэлгүүрт орсон ч адилхан. Харсан зүйлээсээ санаа авч, өөрийн ажил дээр хэрэгжүүлэхийг хичээнэ. Заримдаа бүр “Энэ бараа манайд яагаад байхгүй байна вэ” хэмээн анзаарч, удирдлагатайгаа ярилцаж тухайн бүтээгдэхүүнийг татан авах санал гаргадаг байна.
“Ган зам” дэлгүүрийн нэг онцлог нь олон жилийн турш бүрдүүлж ирсэн бараа бүтээгдэхүүний өргөн сонголт. Ялангуяа, баяр ёслолын үеэр хүн бүрт хэрэг болохоор бэлэг, ахуйн болон өргөн хэрэглээний барааны сонголт сайтай байдаг нь хэрэглэгчдийг татдаг. “Төрсөн өдөр, баяр ёслолоор ямар бэлэг авах вэ гэж бодоход бусад дэлгүүрээс хайхаас илүү өөрийнхөө дэлгүүр рүүгээ орьё” гэсэн итгэл хэрэглэгчдэд төдийгүй ажилтнуудад нь ч бий болжээ. Түүний ажилладаг Сайншандын төв дэлгүүрийн хувьд төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх үзүүлэлт олон жил тогтвортой үргэлжилж ирсэн нь хамт олныхоо хөдөлмөрөөр бахархах нэг шалтгаан нь. Баяр ёслолын үеэр борлуулалт бүр ч нэмэгдэнэ. Сарын төлөвлөгөөг ээлжээр хуваан биелүүлэх бөгөөд зарим үед нэг ээлжид ногдох төлөвлөгөө хэдэн арван сая төгрөгт хүрнэ. Саяхан Мөнхзулын ээлжинд ногдсон 72 сая төгрөгийн төлөвлөгөөг 90 сая төгрөгийн борлуулалтаар давуулан биелүүлсэн байна. Түүний хувьд 90 сая төгрөгийн борлуулалт гэдэг зүгээр нэг тоо биш. Өглөө ажилдаа ирээд орой буцах хүртэлх цаг хугацаа, хэрэглэгч бүртэй хийсэн яриа, бараа бүтээгдэхүүн бүрийн тухай судалсан мэдлэг, зөв өрөлт, сонголт, олон жилийн туршлага нийлж бүтээсэн хөдөлмөрийн үр дүн юм. Өнөөдөр техник технологи, ажлын нөхцөл өмнөхөөсөө нэлээд сайжирчээ. Харин Д.Мөнхзул ажилд орсон эхний жилүүдийнхээ нэгэн дурсамжийг ярихдаа инээмсэглэнэ. Тухайн үед бараа ачсан вагон ирэхэд ажилтнууд өөрсдөө буулгалцдаг байжээ. Шөнийн нэг, хоёр цаг хүртэл ажиллаж, том машины дээр гарч, 25 килограммын гурилын шуудайг эрэгтэйчүүдээс дутахгүй өргөнө. Эргээд харахад хүнд мэт боловч тэр үеийн ажилтнуудын хувьд хамт олноороо нэг зорилгын төлөө зүтгэсэн сайхан дурсамж болон үлджээ. “Ган зам” худалдааны төвийг бусад дэлгүүрээс ялгаруулдаг нэг том давуу тал нь талхан цехийн бүтээгдэхүүн. Шинэхэн талхны үнэр вокзалын орчмоос ханхийнэ. Вагоноос буусан аялагч Сайншандын төвөөр дамжин өнгөрөхдөө тэр үнэрийг даган дэлгүүрт орж ирэх тохиолдол ч бий. “Энэ үнэрийг дагаад орж ирлээ” гэж хэлэх үйлчлүүлэгчид цөөнгүй. Сайншандын “Ган зам” худалдааны төвийн байршил ч борлуулалтад чухал нөлөөтэй. Вокзалын ойролцоо учраас орон нутгийн иргэдээс гадна төмөр замын ажилтнууд, хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс, замын зорчигчид үйлчлүүлнэ. Сүүлийн жилүүдэд Хамарын хийдийг зорих аялал жуулчлал нэмэгдсэнээр гаднаас ирэх хүмүүсийн худалдан авалт ч нэмэгджээ.
Д.Мөнхзулын хөрөгт хамгийн тод үлдэх нэг дүр нь инээмсэглэн угтаж, үддэг “Зулаа эгч”. Тэрбээр дэлгүүртээ орж ирсэн хүн бүртийг инээмсэглэн харилцахыг хичээдэг. “Сайн байна уу”, “Сайхан амарсан уу”, “Юу хэрэгтэй байна”, “Хүүхдүүд сайн уу” гэх мэт энгийн үгсийг тэр харамгүй хэлнэ. Хүүхдүүдийг өхөөрдөнө. Байнгын үйлчлүүлэгчид нь ч түүнийг “Зулаа эгч” хэмээн дотноор дууддаг. Заримдаа бүр хүүхдүүд нь машинаар явж байхдаа, “Зулаа эгч ажилдаа гарсан болов уу” гэж асуудаг гэсэн. Энэ нь худалдагч, үйлчлүүлэгч хоёрын харилцаанаас илүү зүйл. Хүн нэг удаа дэлгүүрт ороод таатай мэдрэмж авч чадвал дахин ирэх шалтгаантай болдог. Харин эсрэгээрээ худалдагч нь хүйтэн хөндий, дургүйцсэн өнгөөр угтвал дахин очих хүсэл төрөхгүй. Д.Мөнхзул үүнийг маш сайн ойлгодог.
Тиймээс өөрийнхөө инээмсэглэл, эелдэг харилцаагаар дамжуулан “Энэ дэлгүүрт би дахин ормоор байна” гэсэн сэтгэгдлийг үйлчлүүлэгчид үлдээхийг хүсдэг. Түүний ярианаас “Эерэг энерги” гэсэн үг олонтаа сонсогдоно. Аялал жуулчлалаар Сайншанд руу ирсэн хүн “Өө, эгч дахиад ажилтай байгаа юм уу. Түрүү жил ирэхэд та байсан, дахиад тааралдчихлаа” гэхэд тэрбээр баярлана.Заримдаа бүр өглөө дэлгүүрээ эртхэн нээгээд сууж байхад анхны үйлчлүүлэгч, “Өө, дэлгүүр онгойчихсон байна шүү дээ. Ямар гоё юм бэ” гэж баярлан орж ирнэ. Тийм үг Мөнхзулын бүтэн өдрийн уур амьсгалыг өөрчилнө. “Тэр өдөржин хөл хөнгөрөөд нэг их гоё байдаг” гэж тэрбээр инээмсэглэн ярьсан юм.
Д.Мөнхзул залуу ажилтнууддаа, “Хамгийн гол нь зөв бодолтой бай. Хүнтэй зөв харьц. Эерэг энергитэй бай” гэж хэлдэг. Энэ нь зөвхөн ажил дээр баримталдаг зарчим нь биш. Амьдралынх нь хандлага юм. Учир нь Д.Мөнхзул энэ ажилдаа үнэхээр дуртай. “Би худалдааны байгууллагад ажилласнаараа бахархдаг” хэмээн бахархалтайгаар өгүүлнэ. Энэ өгүүлбэр түүний хөдөлмөрийн хамгийн товч бөгөөд үнэн тодорхойлолт билээ. Өнөөдөр ч “Зулаа эгч” дэлгүүрийнхээ үүдээр орж ирэх хүн бүрийг инээмсэглэн угтсаар байна. Тэр инээмсэглэл нь түүний 19 жилийн хөдөлмөрийн хамгийн сайхан мөр юм.
П.Түмэндэмбэрэл
