“УБТЗ” ХНН -ийн түүхт 75 жилийн ойн “Хөдлөх бүрэлдэхүүний парад”-д “Кей эйч эм зэт фактору” компани, УБТЗ-ын Зүүнхараагийн вагон депо, Түмэн төмөр компани хамтран үйлдвэрлэсэн ачааны вагоноо оролцуулжээ.

“Кэй эйч эм зэт фактору”  ХХК 2020 онд Монголд анх удаа ачааны вагоны угсрах, үйлдвэрлэх засварлах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр байгуулагджээ.

Улмаар ЗТХЯ-тай Санамж бичиг байгуулж, "Ачааны вагон үйлдвэрлэх, угсрах, тусгай зөвшөөрөл"-ийг авч, “Оюуны өмчийн газар”-аас “Ашигтай загварын гэрчилгээ”-гээ  баталгаажуулан ТЭЗҮ хийлгэжээ. Дархан -Уул аймагт үйл ажиллагаа нь явагддаг аж. Төслийн урт хугацааны найдвартай байдлыг хангах үүднээс “Түмэн төмөрт” ХХК-тай өнгөрсөн жилээс түншлэлийн гэрээ байгуулжээ.

УБТЗ ХНН-ийн 2017 онд байгуулсан “Ачааны хагас вагон угсрах туршилтын цех”-ийг түшиглэн  туршлага судлах, хамтран ажиллах, суралцах үүднээс гэрээ байгуулан 10 ширхэг хагас вагоныг хамтран үйлдвэрлэхээр шийдвэрлэн өнгөрөгч долдугаар сард анхны загвараа үйлдвэрлэжээ.Энэ вагоны тэвш, түүний дагалдах төхөөрөмжийн бүх эд анги, хос дугуйг Монголдоо үйлдвэрлэн амжилттай угсарсан нь төслийн хамгийн гол зорилт, хэрэгжсэн амжилт юм.

Дархан-уул аймагт ашиглалтад орох вагоны үйлдвэр жилдээ 1000 ширхэг ачааны вагон үйлдвэрлэх хүчин чадалтай ба энэ ондоо багтааж бүрэн ашиглалтанд оруулж ачааны вагон үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.

“Кей эйч эм зэт фактору” компани нь төмөр замын ачааны вагон үйлдвэрлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ба төсөл хэрэгжснээр импортын вагоноос 10-15 хувийн  хямд үнэтэй вагон үйлдвэрлэж, валютын гадагшлах урсгалыг бууруулна гэж үзжээ. Мөн орон нутагт 150-200 ажлын байр нэмэгдүүлж, машин үйлдвэрлэлийн шинэ салбарын техникийн өндөр мэдлэгтэй мэргэшсэн ажиллах хүчийг бэлтгэх зорилготой аж.  

Урьдчилсан судалгаагаар төмөр замын тээвэрт ОХУ-аас их хэмжээний вагон түрээсээр орж ирж, нийт ачааны вагоны паркийн 60 хувь нь төмөр замын тээврийн тухай хууль, мөрдөгдөж байгаа стандарт, техникийн нормын шаардлагад нийцэхгүй хуучирч, аюулгүй ажиллагааны эрсдлийг агуулж байдаг байна.