Нүүр Цаг үе Завод засварт оруулах 27 илчит тэрэг байна
Цаг үе

Завод засварт оруулах 27 илчит тэрэг байна

G.Press 5 сарын өмнө 74 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

                        Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Өмнөх долоо хоногт нэг гарсан гологдол гарсан бол 49 дэх долоо хоногт хоёр гологдол гарсан байна. Тодруулбал, 12 дугаар сарын 3-ны 08.22 цагт 39 дүгээр зөрлөгт орж ирсэн 4391 дүгээр галт тэрэгний 2ТЭ116УМ-010 илчит тэрэгний А секцийн гуравдугаар хос дугуй гацаж чирэг авсан байна. Мөн 6-ны 22.38 цагт Дархан-1 өртөөний “Өег гурил” ХХК-ийн салбар замд үр тарианы буулгалтаас суларсан вагоныг лебёдкаар сэлгээ хийх үед нэг вагоны дугуй замаас гарч мухар замын тулгуур мөргөсөн гологдол гарчээ.

Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд хоорондын замд зүтгүүрт гэмтэл гарч тусламж авсан тав, СИРДП-Е хэлтэст БАБС ажилласан нэг, бусдаар буюу Сонсголонгийн хоёрдугаар км-ийн гармын УЗП хаалтыг автомашин мөргөж гэмтээсэн нэг, нийт долоон дутагдал бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол хоёр, дутагдал 136 нэгжээр буурчээ.

49 дэх долоо хоногт 63 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 63-аар буурсан үзүүлэлт юм. Үүнээс 12 радио галт тэргийг мөрдүүлэн аялуулж, дөрвөн галт тэрэг саатсан байна.

Оны эхнээс 12 дугаар сарын 4-нийг дуустал 30 сая 886.2 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөг 103.8 хувиар биелүүлжээ. Мөн 21 сая 848.2 мянган тонн ачаа ачиж, 104.3 хувиар биелүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн 262400, транзит 113000, экспорт 248900, импорт 78400 тонн буюу нийт 702700 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 30.4 мянган тонноор давуулсан үзүүлэлт аж.

Дотоодын нүүрс тээвэрлэлтийн хувьд “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 18 вагон дутуу буюу 858, “Шарын гол” ХК гурван вагон дутуу буюу 337 вагон ачжээ. Харин “Шивээ-Овоо” 12 вагон илүү буюу 536, “Эрдэнэт” үйлдвэр нэг вагон илүү буюу 100 вагон ачсан байна. 

Тайлант долоо хоногт 5999 вагон буулгаж, төлөвлөгөөг 99.6 хувиар биелүүлсэн буюу хоногт дунджаар дөрвөн вагон дутуу буулгажээ.

Хэсгийн хурдыг 39.53 км/цагаар биелүүлж, төлөвлөгөөг 0.53 км/цагаар давуулсан байна. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 30 галт тэрэг 2976 минут зогсож, хэсгийн хурдыг 0.03 км/цагаар удаашруулжээ. Галт тэрэгний дундаж жин тайлант долоо хоногт 3485.81 тонн болж төлөвлөгөөнөөс 325.81 тонноор илүү, өмнөх долоо хоногоос 20.87 тонноор дутуу байна. Харин зүтгүүрийн бүтээмж 1479 мянган бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 29 мянган бохир тонн/км-ээр илүү гарчээ.

Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 111 галт тэрэг /716.5 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /726.2 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 15.8-16 галт тэрэг болжээ.

Нарийн царигаар хоногт дунджаар найман галт тэрэг солилцсон буюу 56 галт тэрэг /438.8 вагон/ хүлээн авч, 56 галт тэрэг /430.1 вагон/ хүлээлгэн өгсөн байна.

Сүхбаатар-Наушкиар 55 галт тэрэг /359.4 вагон/ хүлээн авч, 58 галт тэрэг /348.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 7.8-8.2 галт тэрэг болов.

Чингэлгийн 78 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос дөрвөөр илүү, оны эхнээс нийт 3557 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 639 галт тэргээр давуулсан байна. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2065, импортын 616 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос импорт 176 чингэлгээр илүү, транзит 159 чингэлгээр дутуу байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 659 чингэлэг, 2387 вагон ачаа байгаа аж.

Эрээн өртөөнөөс хөх нүүрс, Цогтцэцийгээс мидлингийн тээвэр ч хэвийн явж буйг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга танилцууллаа.

Мөн хурлаар Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга А.Владимирович ажлаа тайлагнав. Түүний хэлснээр зүтгүүрийн аж ахуйд 620 машинчийн хэрэгцээ байгаа ч 617 машинчтай ажиллаж буй аж. Мөн тооны туслах машинчийн хэрэгцээтэй ч 578 туслах машинч ажиллаж байгаа гэнэ. Харин түлшний хувьд 4554 тонн байгаа нь 10 хоногийн нөөц юм. Энэ сард 10180 тонн түлш худалдан авахаар захиалгаа хүргүүлжээ. Бусад тос, маслоны хувьд ч нөөцтэй байгааг тэр онцоллоо.

Харин 2ТЭ116УМ серийн илчит тэргүүдэд гэмтэл их гараад буй нь сүүлийн жилүүдэд гүйлт өндөр байгаатай холбоотойг Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр хэллээ. Өөрөөр хэлбэл, 2.4 сая км яваад завод засварт орох ёстой ч оруулж чадаагүй 27 илчит тэрэг байгаа аж. Эдгээрийг завод засварт оруулах зайлшгүй шаардлагатай ч хөрөнгө мөнгө өндөр зарцуулах тул үүнийг Замын санхүүгийн төлөвлөгөөнд тусгах талд Эдийн засгийн алба анхаарч, дэмжиж ажиллахыг онцоллоо.

Мөн хурлын үеэр Замын даргын зөвлөх Р.Раш “Илчит тэрэгний дугуй гацахыг машинч анзаарах ёстой. Нэг биш удаа чирэг гарч байна шүү дээ. Үүнд зүтгүүрийн инженерүүд илүү сайн анхаарч, машинч нараа сургах хэрэгтэй. Ажлыг автоматжуулахад шинийг санаачлагч инженерүүдтэй хамтран ажилла” гэж зөвлөв.

Хурлын төгсгөлд Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан дараах үүргийг өглөө.

  • Он дуустал Зүтгүүрийн аж ахуйн алба зүтгүүрийн хоногийн паркийг 56-д барих

  • Вагончид үзлэг, шалгалтаа илүү сайжруулах

  • Зорчигчийн вагоны аюулгүй байдалд анхаарал тавьж, Замын даргын өгсөн үүрэг даалгаврыг Зорчигч тээврийн албаны дарга биелүүлж ажиллах

  • Улаанбаатарт болох Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралд оруулах саналаа бэлтгэж явуулах

  • Бусдын эзэмшлийн техникийн шаардлага хангахгүй, эвдрэлтэй вагонуудыг тээвэрт оролцуулахгүй байхад анхаарал хандуулж, шаардлага тавьж засуулах

  • Төмөр замын үйл ажиллагааг автоматжуулж, механикжуулах талд зохион бүтээгч залуусын саналыг нэгтгээд Замын даргад танилцуулах

  • “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн нэгдсэн төлөвлөгөөнд энэ сарын 20-ны дотор албад саналаа нэгтгэж өгөхийн даалгав.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.