Нүүр Чөлөөт ...Жавар
Чөлөөт

...Жавар

G.Press 2 жилийн өмнө 56 үзэлт 0 сэтгэгдэл

 

... Өдийд Өлөнтийн голын жавар ёстой л хоточ нохой гаслуулам тачигнаж байгаа даа... Тог, тог, тогхийх намуухан чимээ зүүдний алсаас ойртон ойртсоор дэргэд ирэх тэр л мэдрэмжтэй зэрэгцэн гүн нойрноос сэрвэл хэдийнэ үүр хаяарсан байдагсан. Ижий минь өглөөний цайгаа чанахаар зуухны дэргэд хонуулсан төмөр савтай усны аманд зайрмагтаж хөлдсөн мөсийг хутганы үзүүрээр цоо цохиж харагдана. Шөнөжин малын хашаа хороогоо эргэж тойрч, чимээ өгч хоносон аав минь үзүүрсгэн нэхий дээлээ нөмрөн хүнгэнтэл хурхирч буй нь сонсогдоно. Ямаан хөгжилдөө умбасан дүү нар хацраасаа улаа бутруулан гүн нойронд автана. Ээж хэдийгээр хуурай түлээ зэргэлэн гал өрдсөн ч гэрийн дотор хургасан хүйтэн жавар хараахан арилаагүй болохоор амнаас гарсан амьсгал уур болон үзэгдэж, хөнжлөөс цухуйх төдийд чичирүүдэс хүрнэ. Даарахгүйн тулд шалавхан босож, нэхий дээл, эсгий гутлаа там тум өмсдөг сөн. Гэрийн үүдээр гарахад уулын голын жавар хацар алгадаж, цэвэр тунгалаг агаар цээж дүүргэн сэнхийнэ. Гадаа хоносон үхэр цас чахруулан холхиж, хонины хашааны дээврээр цагаан манан савсана. Малын хөлөөр дагтаршсан цасан дээр эсгий гуталтай яаруухан алхахад халтирч ойччихоод газар хороохгүй тул гарт тааралдсан уртхан гишүүгээр таяг хийж тулаад л аргамжаатай морь руугаа гүйнэ дээ. Ийнхүү өглөө эртлэн морио юүлж, адуугаа мэнд хоносон эсэхийг шалгах мөн ч хэцүү санагддаг сан. Одоо би харин өтгөн саарал утаан дунд, их хотын түгжрээтэй сүлэлдэн албан ажил руугаа яарч явна. Өчигдөрхөн лавсан орсон цас өглөө нь цардмал зам дээр тошин ойж, жаахан өгсүүр газарт жижиг оврын суудлын тэрэгнүүд утаа май савсуулан хий эргэж үзэгдэнэ. Шил шиг гялалзсан тошин дээр хүч алдаж гулгасан тээврийн хэрэгслийн жолооч нар арын машинаа мөргөж гэмтээхгүйн тулд хаазаа улам нэмж, хар чадлаараа урагш зүтгэцгээнэ. Тэр хэрээр угаарын үнэр хамар цоргиж, арын суудалд суух бяцхан үр минь цор цор ханиалгах нь бухимдал цухлыг улам ихээр төрүүлэх авай... Мөнхөд үргэлжлэх мэт өдөр бүр нэгэн хэмнэлээр хөвөрдөг хөдөөгийн эгэл боргилхон өдрүүд минь. Хүүхэд насны гэнэн бас цагаахан дурсамжууд минь. Одоо би тэр л орчинд, энэ л дурсамж дотроо очихыг ямар их хүснэ вэ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.