Ирэх сард, хойд болон урд шугам зам дагуу цаг агаарын төлөв байдал ямар байх талаар УЦУОШГ-ын цаг уурч Б.Цасанчимэгээс тодруулсан юм.
Дөрөвдүгээр сард агаарын хэм, хур тунадас олон жилийн дунджийн орчим байна. Гэхдээ замын хойд хэсгээр дөрөвдүгээр сарын эхээр эрс хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1–4 хэмээр хүйтэн, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1–4 хэмээр дулаан байх төлөвтэй байна. Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе хүйтэрч ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.Замын урд хэсэг Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Дорноговийн ихэнх сумдаар хур тунадас орохгүй.
- Зам дагуу нутгаар хур тунадас хэр байх бол?
Замын хойд хэсгээр цас 0-3 см зузаан байна. Энэ бүс нутгаар дулааралтай холбоотой шар усны үерт өртөх магадлал өндөр байна. Хур тунадас сарын дундуур болон сүүлчээр орох төлөвтэй.
-Төмөр замчид болон зорчигчид цаг агаарын байдалд хэрхэн тохируулан хувцаслаж, юунд анхаарах талаар мэдээлэл өгнө үү?
Хаврын улиралд цаг агаар харьцангуй тогтворгүй байдаг тул ойрын хугацаан дахь цаг агаарын мэдээгээ тогтмол харж, улиралдаа тохируулан хувцаслахыг зөвлөж байна.
- Цаг агаарын аюултай үзэгдэл гарах магадлал байна уу?
Ялангуяа гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-нд замын ихэнх хэсгээр хур тунадас орж, салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулья.
