Нүүр УБТЗ ХНН ЗАМЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ ГАРМЫН ТООГ ТАВААР НЭМЭГДҮҮЛЭВ
УБТЗ ХНН

ЗАМЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ ГАРМЫН ТООГ ТАВААР НЭМЭГДҮҮЛЭВ

G.Press 2 жилийн өмнө 96 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Жил бүрийн зургадугаар сарын 15-нд Олон улсын гармын мэдлэгийг дээшлүүлэх өдрийг УБТЗ-ын төмөр замчид  11 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  буюу хуучин нэршлээр 391 дүгээр км-ийн гарам буюу “Номин” дэлгүүрийн өмнөх авто зам, төмөр зам огтлолцсон хэсгийн гармыг шинэчилж, тоноглон энэ сарын 15-нд ашиглалтад орууллаа. Гармын нээлтэд Замын I орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт эрхэлсэн орлогч дарга Б.Гантөмөр, Замын II ангийн дарга Д.Алтангэрэл нарын удирдлагууд, ЗТХЯ-ны салбарын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч н.Батхүү, Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын дарга...., нарын албаны хүмүүс, төмөр замчид оролцлоо.

Замын I орлогч дарга О.А.Казаков гармыг нээж хэлсэн үгэндээ, УБТЗ ХНН 2011 онд Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагад албан ёсоор элсэж, улмаар 2013 оноос хойш тус өдөрлөгийг тэмдэглэдэг болсныг онцлоод, “Төмөр замын гармын аюулгүй байдлын цаана хүний амь нас байдаг. Дээр нь,  олон тэрбумаар хэмжигдэхүйц ачаа барааны аюулгүй байдал явдаг учраас энэ өдөрлөгийг уламжлал болгон тэмдэглэж, ард иргэдэд төмөр замын гармын талаар мэдлэг, мэдээлэл хүргэх нь өндөр ач холбогдолтой юм. Эл өдөр нээлтээ хийж байгаа гармын нөхцөлийг сайжруулж, жишиг гарам болгон тохижуулахад төмөр замын мэргэжил бүрийн төлөөлөл сэтгэл зүтгэлээ зориулж, харьяа дүүргийн ард иргэд, төр захиргааны байгууллагын удирдлагууд ч зохих хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэе. Өнөө жил бид Замын хэмжээнд таван гармыг жишиг болгон тохижууллаа. Ингэснээр төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ ард иргэдийн аюулгүй зорчих нөхцөл ч дээшилж байгаа юм” гэлээ.

Тус гармыг сүүлийн 10 жилд салбар зам эзэмшигчид хариуцан ажиллуулж байгаа аж. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд тус гармын орчимд нийт найман осол гарчээ. Тийм ч учраас авто зам болон авто тээвэр тэргүүтэй холбогдох газруудаас шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулж, зорчих зурвасыг тодруулах, автозамд урсгал тусгаарлагчийг байршуулж, тээврийн хэрэгслийн жолооч нар “Номин” худалдааны төвөөс гарахдаа урсгал сөрж хөдөлгөөнд оролцох эрсдлээс сэргийлэх, гарам орчмын камерын бичлэгүүдийг Цагдаагийн байгууллага руу дамжуулах зэрэг бүтээн байгуулалт болон зохион байгуулалтын шинж чанартай олон ажлыг хэрэгжүүлжээ.

Төмөр замын тээврийн болон  хуулийн этгээд, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах. Үүний тулд нийт ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилт бүхий энэ өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Уг ажлын  хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зарласанг ар зураг, эссэ бичлэгийн уралдааны байрт шалгарсан хүүхдүүдийн шагналыг гардуулсан юм. Энэ удаагийн гар зургийн уралдааны тэргүүн байрт О.Энх-Үйлс, дэд байрт Б.Ариунтуяа, гутгаар байрт Ж.Тэнгис, дөрөвдүгээр байрт А.Алтангэрэл нар шалгарсан бол А.Нарангэрэл, А.Маргад, Б.Цэцэнжаргал, Н.Энххүслэн, З.Сэцэн-Үжин, 3.Есүй-Үжин, З.Эмүжин, А.Анужин, М.Нарансолонго, Д.Мөрөн нар шагналт байрыг эзэллээ. Мөн эссэ бичлэгийн уралдааны эхний гурван байрт Б.Нарансувд, Н.Цэнгүн, П.Булгантамир шалгарсан юм.

            Тэргүүн байрын эзэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсоход эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналтан Б.Нарансувд “Би есдүгээр ангид суралцдаг. Энэ уралдаанд зориулан “Бүү яар-Түр зогс” сэдвээр эссэгээ бичиж оролцсон. Өмнө нь, 2017 онд II ангийн сурагч байхдаа гар зургийн уралдаанд нь тэрүүн байр эзэлж байсан. Аав минь УБТЗ ЦХОБА-нд харуулын ахлах, ээж Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажилладаг. Хүмүүс аливаа аюултай зүйлд хүүхдүүд л өртөхвий гэж анхааруулдаг. Гэтэл гар утсаараа оролдож яваад осолд орох тохиолдол гардаг. Тиймээс томчууд минь төмөр замын гарам орчимд зорчиж явахдаа гар утсаараа бүү оролдоосой гэсэн утга санааг тусгасан”гэлээ. Гар зургийн уралдааны тэргүүн байрын шагналтан О.Энх-Үйлс “Би долоон настай. Уралдаанд оролцох зургаа хоёр өдөр зурсан. Аавынхаа машин, галт тэрэг, тааёо? автобус оролцуулж зурсан зураг минь тэргүүн байр эзэлсэнд баяртай байна” гэлээ.

            Мөн энэ үеэр гармын аюулгүй байдлыг хангахад олон жилийн хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан төмөр замын салбарт өндөр хувь нэмэр оруулж ажилласан төмөр замчдыг Замын даргын тушаалаар шагнаж урамшууллаа. Үүнд, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын II ангийн VII хэсгийн гармын жижүүр Ц.Нарангэрэл, Дохиолол холбооны II ангийн Шалган турших тасгийн механикч С.Хос-Од, шугамын II хэсгийн механикч Д.Ариунболд, ЭХУХ-ийн I ангийн жолооч, монтёр Б.Гантогтох, Толгойт дахь Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн паркийн харуул Р.Галсанжамц нар энгэрээ мялаалгалаа. Түүнчлэн, Замын II ангийн VIII хэсгийн бригадын дарга С.Төмөрчөдөр “Төмөр замчны алдар” тэмдгээр шагнуулсан юм.

Өдөрлөгийн төгсгөлд Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “Энэ жил УБТЗ-ын хамт олон “Түр зогс-Бүү яар” хэмээх зорилтот аяныг Монгол Улсын хэмжээнд зарласан. Тоон үзүүлэлтээр нь авч үзвэл төмөр замын гарам дээр гарч байгаа осол, зөрчлийн тоо дэлхийн хэмжээнд жилд дунджаар 6000-7000 бүртгэгддэг. Монгол Улсын хэмжээнд жилд 50-60 тохиолдлын зөрчил дутагдал төмөр замын гарам дээр бүртгэгдэж байна. Тиймээс ийм төрлийн осол зөрчлийг бууруулах чиглэлээр бид гармын техникийн байдлыг сайжруулах, хяналтын камер, гэрэлтүүлэг, зарлан мэдээлэгч, дохиоллын байгууламжийг байрлуулж, орчин цагийн стандартад нийцүүлэх чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулж байна. Бидний хүссэн хэмжээний үр дүн хараахан гарахгүй байгаа ч энэ төрлийн осол зөрчил жилд 2-3 нэгжээр буурсан үзүүлэлт гарсан. Ялангуяа, тээврийн хэрэгслийн жолооч нар маань галт тэрэгний урдуур амжаад гарна гэж боддог л хамгийн том эрсдлийг дагуулаад байна. Ийм  ойлголт, хандлагаа л хүн бүхэн өөрчлөх хэрэгтэй байна. Ард иргэд минь төмөр замын гармаар зорчихдоо өөрийнхөө төдийгүй өрөөл бусдын амь нас, аюулгүй байдалд эрсдэл бүү учруулаарай хэмээн уриалъя” гэлээ.

Уг өдрийг угтан ЗамынVI ангийн Хангал-Улаантолгой хоорондын 132 дугаар км дэх гарам, Замын I анги Дархан-2 Улаантолгой хоорондын 62 дугаар км дэх гарам, Замын III анги Чойр-Шивээ-Овоо хоорондын 650 дугаар км дэх гарам, Сайншанд-Зүүнбаян хоорондын замын 32 дугаар км дэх гармыг тохижуулсан гээд Замын хэмжээнд нийт таван гармын техникийн байдлыг сайжруулжээ.

 

Б.Дэлгэрхишиг

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.