Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох журам, зааврыг танилцуулах шаталсан сургалтыг УБТЗ-ын Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанаас Сангийн яамтай хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Сургалт хоёр өдөр зохион байгуулагдсан бөгөөд эхний өдөр буюу энэ сарын 19-нд УБТЗ-ын салбар нэгжийн удирдлагууд болон худалдан авах ажиллагаанд оролцдог ажилтнуудыг хамруулав. Харин дараагийн өдрийн сургалтад Замын орлогч дарга нар болон алба, хэлтсийн удирдлагууд, мөн Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны ажилтнууд, “Худалдан авах ажиллагааны журам” боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд хамрагдсан юм.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй уг хуулийн зүйл, заалт бүрээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Билгүүн болон төслийн ажилтан, хуульч Т.Энхжаргал нар дэлгэрэнгүй мэдээлэл, хуулийг хэрэгжүүлэх явцад анхаарах зөвлөгөөг өгсөн билээ.
УБТЗ ХНН-ийн хувьд дээрх хуулийн хүрээнд олон төрлийн бараа үйлчилгээг худалдан авдаг томоохон байгууллагуудын нэг юм. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд 750 орчим тендер зарласан байна. Дээрх тендерүүдийн 85 хувь нь амжилттай болсон талаар УБТЗ-ын Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Үүний зэрэгцээ Замын хэмжээнд тендерээр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах үйл явц амжилттай болох эсэхэд нөлөөлөх нэг гол хүчин зүйл байгааг тэрбээр онцлон сануулсан юм. Энэ нь бараа бүтээгдэхүүний техникийн нөхцөлийг тодорхой заагаагүйгээс зарим хүндрэл учирдаг, тендер амжилтгүй болох, эсвэл авсан бараа бүтээгдэхүүн шаардлагад нийцэхгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд гардгийг онцолсон. Тиймээс цаашид техникийн тодорхойлолтыг маш тооцоо судалгаатай, зөв гаргахыг сургалтад хамрагдсан ажилтнуудад зөвлөлөө.
Хуулийн шинэчилсэн найруулгад тендер шалгаруулалтыг цахимаар бүрэн зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, худалдан авах ажиллагааг төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д төвлөрүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Үүний зэрэгцээ худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
