УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд “Хятадын төмөр замын дохиолол холбооны зураг төслийн групп” (China Railway Signal and Communication Research&Design group) ХХК-ийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Син И тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
CRSC /Хятадын төмөр замын дохиолол холбооны корпораци/ нь Хятадын төмөр замын сүлжээний 150 мянга гаруй км төмөр зам, 40 мянга гаруй өндөр хурдны төмөр замын төсөлд оролцож галт тэрэгний хөдөлгөөний хяналт, удирдлагын систем, дохиолол холбооны системийн зураг төслийг боловсруулж тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж нийлүүлсэн, салбартаа тэргүүлэгч томоохон компани юм.
Уулзалтын үеэр Замын-Үүд өртөөний нарийн царигийн паркийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл болон бусад хамтран ажиллах боломжтой төслүүдийн талаар санал солилцлоо.
Замын-Үүд өртөөний нарийн царигийн парк нь Хятадын төмөр замын сүлжээний төгсгөл хэсэг тул техник технологи, мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгааг УБТЗ-ын зүгээс онцлон тэмдэглэлээ.
Уулзалтад УБТЗ-ын Ерөнхий инженерийн орлогч болон зарим албадын дарга, орлогч нар байлцлаа.