Замын даргын хаврын үзлэгийн комисс дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5 хүртэл замын урд хэсэгт ажиллалаа. Үзлэгийн нэгдүгээр комиссыг Замын дарга Х.Хэрлэн, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, хоёрдугаар комиссыг Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд тэргүүтэй Замын орлогч нар тэргүүлж, алба, хэлтэс, төвийн удирдлагууд багтав. Үзлэгийн комиссыг Замын-Үүд өртөө зурмагийн тасалдал, гологдолгүй, ачаа, тээврийн бүхий л төлөвлөгөөт үзүүлэлтийг давуулан биелүүлсэн амжилттай угтлаа. Тус өртөөний дарга Ч.Сугирбаатарын танилцуулснаар он гарсаар 1263 вагонд 49230 тонн ачаа ачиж вагоны төлөвлөгөөг 113, ачилтыг 125 хувиар тус тус давуулан биелүүлсэн байна. Мөн 1709 вагон буулгаж төлөвлөгөөг 235, 109200 вагон явуулж төлөвлөгөөг 121 хувиар биелүүлжээ. Орон нутгийн болон ачааны нэг ажиллагаа дахь, ажиллагаатай, ажиллагаагүй транзит зэрэг бүхий л вагоны сул зогсолтыг бууруулсан байна. Энэ оны эхний улирлын дүнгээр авч үзвэл өргөн царигаар Хятадын талд 1400 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь хоногийн дундаж галт тэрэгний тоо 15.38 болжээ. Өртөөний дарга “Хоногт хүлээлгэн өгч буй 16 галт тэрэгний зургаа нь транзит, бусад нь экспортын ачаа, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал байна. Өргөн, нарийн царигаар хүлээлгэн өгч, авах галт тэрэгний тоо жил ирэх тусам өсөж байгаа” гэв. 1400 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өмнөх оны мөн үеэс 129 галт тэрэг, 1400 вагон, 53001 тонноор өссөн үзүүлэлт аж. Мөн нарийн царигаар 685 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өмнөх оны мөн үеэс 56 галт тэрэг, 1047 тонноор давсан үзүүлэлттэй бол 689 галт тэрэг хүлээн авсан нь 37169 вагон, 612964 тонн ачаагаар давсан үзүүлэлт юм. Цаашид өсөн нэмэгдэж буй тээврийн хэмжээг дагаад нарийн царигийн өртөөг цахилгаан төвлөрүүлэлтэд холбон гар ажиллагааг багасгах, өртөөний шинэ барилга барьж, зам паркийг өргөтгөхөөр төлөвлөж байгаа юм. Энэ ажилд 30 орчим тэрбум төгрөг шаардлагатайг Замын дарга онцолж, цахилгаан төвлөрүүлэлтэд холбох ажлыг ирэх жилээс яаравчлан эхлүүлэхийг дуулгалаа.
Замын-Үүд өртөө их засвар, их барилга, хөрөнгө оруулалтын цөөнгүй ажил төлөвлөн хийж буй аж. Харин хөрөнгө оруулалтаар авах компьютер, принтер, тасалгаа болон заалны агааржуулах төхөөрөмж, киоск машин, камерын хяналтын дэлгэц зэрэг хөрөнгө, шаардлагатай бараа материалыг Эрээнээс шууд худалдан авалт хийх эрх нээж өгөхийг хүслээ. Учир нь, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаар дамжуулан авахад цаг хугацаа алддаг, дээр нь өртөг өндөр байдаг гэнэ. Тухайлбал, зургаан агааржуулах төхөөрөмж авах мөнгөөр урд хөршөөс наймыг маш богино хугацаанд худалдан авах боломжтойг онцолж байв.
Харин үзлэгийн комиссоос Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хос замд зам хэмжигч явуулан хурдыг нэмэгдүүлэх шаардлагатайг Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош хэллээ. Энэ мэтчилэн Замын-Үүд хэсэглэлийн өртөө, зөрлөгүүд зуны тээвэрт бэлэн эсэхийг шалгасаар Сайншанд өртөөнд ирэв. Тус өртөө цаашид дөрвөн замын уулзвар болон хөгжих учир хийх бүтээн байгуулалтуудаа энэ бодлоготой уялдуулж явахыг комиссынхон хэлж байлаа. Түүнчлэн, Замын дарга Х.Хэрлэн, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар 166 айлын ипотекийн орон сууц барих гэрээ болон хамтран ажиллах санамж бичигт гарын үсгээ зурлаа. Төмөр замчдад зориулсан гурван блок орон сууцыг барих газрыг орон нутгаас олгохоор болсон байна. Мөн санамж бичгийн хүрээнд вокзалын барилгыг шинээр барих, хүүхдийн төмөр зам байгуулах, Дорноговь аймгийн эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэх, ард иргэд, төмөр замчдын тав тухтай, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой аж. Тус аймгийн нутаг дэвсгэр дэх төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, даван туулах чадварыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа Засаг дарга онцолсон юм. Мөн Сайншанд-Зүүнбаян хоорондын замыг засах ажилд хамтран оролцох ажээ. Зүүнбаянгийн хувьд урд хөрштэй холбогдсон боомтын шинэ төмөр замтай УБТЗ-ыг холбож буй гол өртөөний хувьд цаашид өргөтгөх, ажилчдын орон сууцыг засварлах, эсвэл шинээр барих асуудлыг комиссынхон ярилцаж, судалж үзээд төмөр замчдынхаа ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх шийдвэр гаргахаа дуулгалаа.
Чойр зангилааны хувьд ч Замын даргын үзлэгт амжилттай шалгуулав. Тус өртөө оны эхний улиралд хоёр гологдол гаргасан нь өмнөх оны мөн үеэс нэгээр нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Гэвч ашиг орлого, ачилтын хувьд амжилттай ажиллаж буйг өртөөний дарга Д.Отгонбаяр хэллээ. Тус хэсэглэлийн Олон-Овоо, Бор-Өндөр, Айраг... зэрэг томоохон өртөөд ч ашиг орлого, ачилт нэмэгдсэн байна. Үзлэгийн үеэр Чойр зангилааны төмөр замчдын тавьсан гол асуудал нь ундны усны чанар муу гэв. Тиймээс Замын дарга сүүлийн жилүүдэд таван удаа тарифын шинэчлэлт хийснээр Замын алдагдал буурч, орлого жил ирэх тутам өсөж байгааг онцлоод “Ийм үед төмөр замчид маань чанаргүй муу ус хэрэглээд байж болохгүй. Шүүлтүүр тавих нь түр зуурын аргацаасан явдал. Тиймээс шугамыг бүрэн шинэчлэх ажлыг холбогдох албад зохион байгуул” гэж үүрэг өгсөн нь төмөр замчдын талархлыг хүлээлээ.
Харин урд хэсэглэлийн аль ч байгууллагаар орсон хүний нөөц дутуу, илүү цаг их гарч байгааг хэлж байв.
М.Наранболд
үргэлжлэл бий
