Замын аж ахуйн албаны техникийн V зөвлөгөөн энэ сарын 1-нд боллоо. Энэ удаагийн зөвлөгөөнийг Замын аж ахуйн албатай Зам засварын машинт станц хамтран зохион байгуулснаараа онцлог байв.
Замын аж ахуйн албаны дарга, МУГТ Ю.Нямжаргал зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ замчид сүүлийн таван жилд техникийн өргөтгөсөн зөвлөгөөнийг хийж, албаны хэмжээнд тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэх арга зам, ойрын болоод хэтийн төлөвлөгөөгөө хамтран хэлэлцэх болсноор ажил дээр бодит үр дүнгүүд гарч байгааг онцолж байлаа. Энэхүү арга хэмжээ нь жилээс жилд ач холбогдол, үр өгөөж нь нэмэгдэж, ИТА-чдын хувьд харилцан мэдээлэл солилцох, мэдлэгээ хуваалцах, туршлага солилцох нэгэн боломжийг бүрдүүлэх болжээ.
V зөвлөгөөнд нийт 12 илтгэл тавигдаж, дөрвөн илтгэл тутамд хэлэлцүүлэг өрнүүлэх зарчмаар зохиогдсон юм. Түүнчлэн, энэ удаагийн зөвлөгөөнд “Инкон” ХХК-ний гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин Д.Энхтулга урилгаар оролцож, илтгэл тавьсан нь зөвлөгөөнд оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан юм.
Энэ удаагийн зөвлөгөөн төлөвлөсөн цагаасаа багагүй сунжирч, бүрий болтол үргэлжилсэн ч чамгүй олон асуудлыг тэд халуун бүлдээ хэлэлцэж, гарц гаргалгаа хайсан тун ажил хэрэгч үйл ажиллагааг болсон юм. Зөвлөгөөний төгсгөлд илтгэл тавигчдаас нэг илтгэгчийг шалгаруулж шагнаж урамшууллаа. Замын II ангийн ахлах инженер Шинэгэрэл “Замын бага радиустай тахир хэсэгт АРС бэхэлгээтэй төмөр бетон дэр ашиглан техникийн шаардлага, УБТЗ-д бага радиустай тахирт төмөр бетон дэр ашиглах үндэслэл, шийдэл, үр дүн, өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, “Шилдэг илтгэгч” цом, мөнгөн шагнал гардсан юм.
Зөвлөгөөний төгсгөлд Замын ангийн дарга нар тухайн үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлээ хуваалцахдаа замын аж ахуйн хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцээд орхих биш, шийдвэрлэх хөрөнгө санхүүжилтийг шийдэх Замын удирдлагуудын төлөөлөл болон Төлөвлөлт, эдийн засгийн албаныхныг цаашид урилгаар оролцуулж байх нь зүйтэй гэх саналыг гаргаж байв.