Замын аж ахуйн алба, ЗЗМС хамтран зохион байгуулсан замын техникийн V зөвлөгөөн гуравдугаар сарын 1-нд амжилттай болж өндөрлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. 2019 оноос Замын аж ахуйн албаны хэмжээнд зохион байгуулагдах болсон уг зөвлөгөөн жилээс жилд өргөжин, ажил хэрэгч, бодит үр дүнтэй ажил болж байгаад мэргэжилтнүүд сэтгэл хангалуун байсан билээ.
Ю.Нямжаргал: Өмнөх техникийн зөвлөгөөнүүдээр 20 технологийг боловсруулж, нэвтрүүлсэн
Энэ удаагийн зөвлөгөөний үеэр Замын аж ахуйн албаны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргалаас зөвлөгөөний ач холбогдол, үр өгөөж, замчдын цаашдын зорилтын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-Замын техникийн зөвлөгөөнийг ийм өргөн хүрэнд хийж буйн үр дүнгийн талаар та өөрийн дүгнэлтийг хуваалцна уу?
-2019 онд анх удаагаа замын техникийн зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулсан.
Миний хувьд 2018 онд Замын аж ахуйн албаны даргаар томилогдож ирээд замын аж ахуйн нөхцөл байдлыг өөрийн нүдээр харж, шалгаж, замчидтайгаа уулзаад явж байхад өртөөний замын дэр мод, зам төмөр нэлээд хуучирсан, 1-2 удаа хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан, хурд бууруулсан, зарим газар өртөөний замыг хаах тухай асуудал яригдаж байсан. Хүнд үе байсан. Үүнийг Замын даргын үзлэг хүлээж асуудлыг шийдэхийг хүлээх биш бид өөрсдөө мэргэжлийн түвшинд зөвлөлдөөд жил тутам тодорхой ажил хийгээд явбал ажил сайжирна. Эрсдэл буурах юм биш үү гэсэн бодолтойгоор анхдугаар зөвлөгөөнийг хийсэн. Уг зөвлөгөөн дээр тал талаасаа ажлаа яриад тодорхой чиглэл гарсан.
Замын албаны харьяа зургаан анги, ЗЗМС жил тутам зам засах технологийг хариуцъя. Өөрөөр хэлбэл, Замын ангийн даргаас авхуулаад замчнаа хүртэл тэр технологио цаасан дээр буулгаж, түүнийгээ хэрэгжүүлээд явъя. Эдийн засгийн үр дүн, техникийн сайжралтыг нь дараагийн зөвлөгөөн дээрээ дүгнээд амжилт ололтоо тайлагнаад, алдаа байвал засаад сайжруулаад цаашаа явдаг байя гэж шийдсэн.
-Энэ удаагийн зөвлөгөөнөөр олон илтгэл тавигдлаа. Миний анзаарснаар танай инженерүүд маш их судалгаа, тооцооллыг хийсэн харагдлаа?
-Чи зөв анзаарчээ. Бид жил бүр замын аж ахуйд тулгамдсан таван асуудлаар зөвлөлдөөд, тодорхой ажил төлөвлөөд хэрэгжүүлээд явж байгаа. Өмнөх дөрвөн жилийн техникийн зөвлөгөөнөөр 20 технологийг бид тодорхой болгосон. Тэднийгээ ажил хэрэг болгосон. Тодорхой сэдвээр илтгэл тавихын тулд манайхан инженер, дарга гэлтгүй бүгд асар их зүйлийг судалж, тооцоолж, туршиж байж илтгэлээ тавьж байгаа. Дараа нь түүнийгээ ажил хэрэг болгоно. Жилээс жилд илтгэлүүд ч, илтгэгчийн ур чадвар ч сайжирч байна.
Хүн хийж чадсан ажлаа маш урам зоригтойгоор танилцуулдаг юм байна. Судалсан, боловсруулсан технологио ажил хэрэг болгоод гарсан үр дүнгээрээ бахархдаг юм байна.
Замын аж ахуйн албаны инженер Төгсжаргал өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн 15 ажлаар илтгэл тавилаа шүү дээ. Замын ангиудын хувьд туршлагаа хуваалцах, бие биенээсээ суралцах боломж гарч байгаа юм.
-Жишээ нь, албаны хэмжээнд хэрэгжсэн ямар ажлууд байна вэ?
-Төмөр бетон дэрээр схемчилж солих арга зөвхөн Замын II ангид байсан. Бусад ангиудад эхлэл төдий байсныг эрчимжүүлсэн. Жилд нэг Замын ангид 1800 орчим бетон дэр сольдог байсан бол одоо дунджаар 20 мянган бетон дэр сольж байгаа.
Өөрөөр хэлбэл, өртөөний зам дээрх дэрийн аж ахуйг сайжруулж, эрсдлийг бууруулах хариу арга хэмжээг ийм аргаар авчихаж байгаа юм.
Суман шилжүүлгийг бид яаж арчилах вэ, балластыг хэрхэн эрүүлжүүлэх вэ? Яаж тоонолжийн арын тахирын арчлах вэ гээд төдийлөн анхаардаггүй байсан зүйлүүд дээр анхаараад ирэхээр суман шилжүүлгийн арчилгаа үйлчилгээ сайжраад эдэлгээний хугацаа уртсаж байгаа үр дүн гарсан. Гүүр хоолой, ус өнгөрүүлэх систем гээд олон л байна.
Анхдугаар зөвлөгөөн дээрээ бид өртөөний зам суман дээр юу хийх вэ гэж ярьдаг байсан бол одоо Замын аж ахуйн хэмжээнд тулгамждаж байгаа асуудлыг судлаад, шийдвэрлэх хэд хэдэн арга замыг судлаад тооцоо судалгаа хийгээд бүгд хэлэлцээд явж байна. Зөвлөгөөнөөс зөвлөгөөний хооронд түвшин ахьж байна.
Бодлогын чанартай юм ярьж байна. Элсний нүүдэл, зам элсэнд дарагдахаас хэрхэн хамгаалах, үер уснаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гээд нэлээд тооцоо судалгаа шаардсан асуудал руу яваад орчихсон. Мөн замын бэхэлгээний төрлүүд дээр судалгаа хийгээд илтгэл тавилаа шүү дээ. Эндээс бид энэ олон төрлийн бэхэлгээнээс алийг нь сонгож хэрэглэх вэ. Аль нь манайд нөхцөлд илүү тохиромжтой вэ гэдгийг тал талаас нь судалж, үүнийгээ хэлэлцлээ.
Бага радиустай тахирууд дээр ямар бэхэлгээ тавих нь илүү үр дүнтэй гэдгийг хэлэлцэж тодорхойлж гаргаж ирж байна. Замын мэргэжилтнүүд зөвхөн өдөр тутмын ажлаа хийгээд явдаг биш өөрсдөө судалдаг, тооцоолдог, төлөвлөдөг болж байгаа нь хамгийг том давуу тал болж байгаа юм.
Д.Батбаатар:Р50 зам төмөртэй замыг хэрхэн арчлах талаар нэг шийдэлд хүрэх ёстой
/Зам оношилгооны төвийн дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Батбаатар/
-Энэ удаагийн зөвлөгөөнд та зам төмрийн аж ахуйн талаар илтгэл тавилаа шүү дээ?
-Би Р50 зам төмрийн аж ахуйн өнөөгийн байдал, шийдэл гэсэн сэдвээр илтгэл тавилаа. УБТЗ 1990-ээд он гэхэд Р50 зам төмөрт шилжиж дууссан байдаг. 2000-аад оны эхнээс Р65 зам төмөрт шилжсэн. Гэсэн хэдий боловч одоо ч гүйцэд шилжиж чадаагүй, зам төмрийн аж ахуйн тодорхой хувь нь Р50 байгаа. Салхит-Эрдэнэт, Дархан-Шарын гол, Айраг-Бор-Өндөр, Сайншанд-Зүүнбаянгийн салбарласан гол замууд бүгд Р50 зам төмөртэй байна. Энэ замуудаар явж байгаа ачааны эрчимжилт нэмэгдэж байна. Тэр хэмжээгээр зам дээр ирэх ачаалал нэмэгдэж байна. Тээвэр үр ашигтай байхын тулд түүгээр явж байгаа ачаа цаашид ч нэмэгдсээр байх болно. Гэтэл энэ янзаараа зам төмрийн аж ахуйг авч явахад асуудал үүсэж байна. Зам төмрийн хугарал гэмтлүүд гарах боллоо. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхээс аргагүй ч бидэнд энэ асуудлыг нэг дор шууд шийдвэрлэх боломж байхгүй нь тодорхой. Тэгэхээр энэ нөхцөлд аюулгүй байдлаа яаж хангах вэ, яаж хяналт тавих вэ, хяналтын давтамж ямар байх вэ, ямар засвар үйлчилгээ хийх вэ гэх мэтчилэнгээр асуудлууд тулгарч байна. Үүн дээр ямар шийдэл байж болох вэ гэдэ асуудлыг дэвшүүлж, хэлэлцлээ.
Зам оношилгооны төвийн гол зорилго нь зам төмрийн аж ахуйд тавих хяналт мониторингийг хэрэгжүүлж зохион байгуулах шүү дээ. Энэ төв хэдийгээр хяналт тавиад ажиллаад байгаа боловч үүний хажуугаар гарч байгаа гэмтлүүд тасрахгүй байна. Үүн дээр нэлээд дүгнэлт судалгаа хийж байна. Сар болгоны тайлангаа гаргаж, түүн дээрээ дүгнэлт хийдэг.
Цаашид ийм арга хэмжээ авъя гэдгээ байнга ярилцаж байгаа. Энэ зөвлөгөөнд Замын аж ахуйн алба, харьяа Замын бүх анги оролцож байгаа учир бүгд энэ асуудлыг тал талаас нь хэлэлцээд нэг зорилго, шийдэлтэй болохыг зорьж байна.
Ийнхүү энэ удаагийн зөвлөгөөнд 12 илтгэл тавигдаж, тавигдсан илтгэлүүд дээр зөвлөгөөнд оролцогчид өөрсдийн дүгнэлтийг хэлж, сонирхсон асуултдаа хариулж авсан юм.
Тухайлбал, Замын VI ангиас “СИРДП-Е систем, РГТ-ний үед замчдын аюулгүй ажиллагаа”, Замын II ангиас “Замын бага радиустай тахир хэсэгт АРС бэхэлгээтэй төмөр бетон дэр ашиглан техникийн шаардлага, УБТЗ-д бага радиустай тахирт төмөр бетон дэр ашиглах үндэслэл, шийдэл, үр дүн, өнөөгийн байдал”, Замын III ангиас Айраг-Бор-Өндөрийн хоорондын замын үер усны эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх техникийн шийдэл, үр дүн өнөөгийн байдал”, Замын IV ангийн “Говийн бүсэд төмөр замыг элснээс хамгаалах техникийн шийдэл”, ЗЗМС-аас “Зам шинэчлэлтийн засварын төлөвлөлт, бэлтгэл, техникийн бичиг баримтын бүрдүүлэлт, тушаал шийдвэрийн төлөвлөлт, зурмаг, засварын ажлын зохион байгуулалт, хяналт, үр дүнгийн тооцооны талаар ОХУ-д мөрдөж буй тушаал, шийдвэрийг УБТЗ-д нутагшуулах нь”, Замын V ангиас “Баянтүмэн-Эрээнцав хоорондын замд техникийн шинэчлэлт хийх шаардлага, шинэчлэлтийн шийдэл хөтөлбөр” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн эл өдөр “Инкон” ХХК-ний гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин Д.Энхтулга урилгаар оролцож, шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг хийсэн туршлага, болон гадны төмөр замуудад нэвтэрч буй шинэ тенхнологи арга туршлагуудаас танилцуулсан нь зөвлөгөөнд оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байв.
Ийнхүү Замын мэргэжилтнүүд энэ зуны их ажлаас өмнө зөвлөлдөж, зорилго чиглэлээ тодорхойллоо.