Өвлийн хамгийн гоё нь цас малгайлах юм сан. Даанч цас малгайлахаа байж дээ. Цас малгайлсан өдөр орчлон тэр аяараа цагаахан хөнжилд шургаад огт эргэхээ болиод амсхийж байх шиг нэг л амгалан санагддаг.
Би чамтай анх цас малгайлсан өдөр танилцаж билээ. Өөдөөс үнэгэн малгай, хар хүрэм, том цүнхтэй өндөр залуу цагаан шүдээ яралзуулан инээмсэглэсээр ойртож ирснээ, “Сайн байна уу? Юм асууя” гэж хэлэхтэйгээ зэрэгцэн өмнө минь яах ийхийн зуургүй тас гэдрэгээ саваад уначихав. Би цочсондоо, цахирсан эвгүй хоолойгоор дуу алдан биеэ хурааж зогсвол... Өнөө залуугийн нүүрэнд тодорсон инээмсэглэл арилсангүй, бодвол үүрч явсан цүнхэн дээрээ зөөлөн газардсан бололтой. Намайг тат гэж байгаа бололтой өрөөсөн гараа өгч “Өө золиг, мөс байсныг анзаарсангүй” гэв. Би ч гараас нь татаж босговол инээсээр босож ирээд “Би хөдөөнөөс ирсэн юмаа, 36 дугаар гудамж нь хаана байдаг юм бол...? гэж эргэн тойрноо харах зуураа асуув. Би “Хоёр гудамж өнгөрөөд бий” гэвэл “Баярлалаа. Одоо ийшээ л яваад байх уу? гэв. “Чиний ирсэн зүгт байгаа” гэвэл “Чи тийшээ явж байгаа юм уу?” гэв. “Тийм” гэвэл “За ашгүй дээ, чамайг дагаад явъя. Би сая 36 гэсэн гудамжтай таараагүй дээ” гэснээ “Цас ямар гоё орж байнаа, тиймээ” гэв. Тэр өндөр нуруу, өтгөн хөмсөгтэй, шүдээ яралзуулан инээх бор залуу хамар хашаанд шинээр нүүж ирсэн айлыг хайж явсан аж. Хажуу айлын эгчийн дүү хөдөөнөөс орж ирсэн нь тэр байж билээ. Тэр удалгүй хотод ажилд орж, хааяа өглөө оройд гудамжинд таарч мэндтэй өнгөрнө. Нэг өдөр “Хөөе охион, чамайг хэн гэдэг вэ?” гэхэд нь би “Отгон” гэвэл “Намайг Өнөболд гэдэг. Маргааш амралтын өдөр хамт кино үзэх үү?” гэлээ. Би өөрийн мэдэлгүй толгой дохьчихсон. Бидний үзсэн кино ээжийн тухай сэтгэл эмтрэм кино байж билээ. Кинон дундуур нэг харахнээ өнөө өндөр залуу нулимсаа чимээгүйхэн арчиж байв. Кино тараад гарч явахдаа “Ээж минь намар бурхан болсон . Би ээжийгээ их санах юмаа” гээд уртаар санаа алдаад тамхиа асаав. Бид ахин юу ч ярилгүй явсаар гэрийн гадаа ирэхэд тэр доош тонгойн хоёр гараараа цас авч нүүрээ үрж, “Эгч уйлсныг минь харвал бас хямарчихна. Хамт кино үзсэнд баярлалаа. Сайхан амраарай” гэж билээ. Түүнээс хойш би өглөө, оройд түүнтэй таарах болов уу гэж битүүхэн харж, хаа нэг тааралдахдаа нүүр халуу оргиод бушуухан зугтмаар санагдана. Нэг л мэдэхэд хаврын урь орж, сэтгэл гэгэлзээд гэрт тогтож суухын аргагүй догдолдог болов. Харин тэр бүр үзэгдэхээ болив. Үнэндээ хаврын мал төллөх үеэр нутаг буцсныг нь би л ганцаараа мэдээгүй юм билээ. Түүнийг байхгүй өдрүүд жил шиг урт, уйтайг яана. Тэр жилийн зун, намар нэг л хоосон, уйтгартай өнгөрсөн. Нэг өглөө гадаа “Отгоо” гэж хэн нэгэн дуудах шиг... Гараад харвал хашааны онгойрхой хаалгаар инээд өнөөх сураггүй алга болсон хүн инээд алдаад зогсож байх нь тэр. Яг тэр мөчид дотор палхийгээд хөлийн улнаас толгойн орой хүртэл халуу дүүгээд хөл минь бараг мэдээгүй юм шиг болчихсон. Түүн рүү очвол “Сайн уу? Өчигдөр шөнө хот орж ирээд, одоо буцлаа. Өвөл ирнээ. Жаахан ааруул” гэж даавуун ууттай зүйл гарт минь бариулаад “Санасан шүү” гээд үнсэхээр тонгойход нь би доош харчихав. Тэр инээгээд “Удахгүй ирнэ ээ” гэж шивнэх шахам хэлээд эргэв. Хоног тоолон хүлээсэн өвөл ирлээ. Их сургуулийн оюутан болсон миний хувьд хичээл номноос илүү хуанлийн хуудас эргүүлж, хоног тоолох нь хамгийн чухал байв. Өвөл боллоо. Өдөр бүр хамар хашаа руу харна. Аг чиггүй, бүх юм бахь байдгаараа... Нэг орой хичээлээсээ ирвэл ээж хамар хашаанаас гарч ирж таарлаа. Царай нь нэг л баргар “Айлын хүүхдүүдэд галыг нь түлж өглөө. Ээж нь хэд хоногтоо эднийд хоёр хүүхдийг нь харж хонох нь байна шүү” гэв. “Яагаад?” гэхэд Туяамаагийн дүү залуу шуурганаар мал хариулж яваад сураггүй болж гэнэ. Энэ айлын томчууд хөдөө явчихлаа” гэв. “Энэ мэдээ тархин дундуур минь татаад авлаа... Нүд харанхуйлаад, хоолой зангирч байна” гэхдээ “Заавал тэр ирнэ. Инээгээд л ирнэ” гэж өөртөө шивнээд л байлаа. Маргааш, нөгөөдөр, түүний маргааш ч сэтгэл бөглөрөөд... Тэсэлгүй ээжээс “Хажуу айлынхан хөдөөнөөс ирэв үү?” гэхэд ээж “Ирээгүй ээ. Өнөөдөр ажил явдал нь болсон байх” гээд гарав. “Юу... Үгүй байлгүй дээ” Сэтгэл эмтрээд, өвдөг бохироод яг тэр дороо унан асгартал уйлмаар байсан ч чадсангүй. Өглөөнөөс хойш бүүдийсэн тэнгэрээс цас малгайлж эхэллээ. Би гарч тэнгэр рүү ширтэн урсах нулимсаа тогтоохыг хичээв. Гэвч нулимс шанааг минь даган чимээгүй урссаар... Орь дуу тавин цурхирмаар байвч орж байгаа цас зогсчих юм шиг хайран санагдаад... Чи тэнгэр дээрээс “Чишш... Чимээгүй” гээд байгаа юм шиг... Тэнгэр өөд нүүрээ бүтэн харуулж гэж тэр өдөр зөндөө удаан зогссон. Хүйтэн хэрнэ, хөвөн шиг зөөлхөн том ширхэгүүд намайг үнсэж, унасан даруйдаа нулимс болон урсаж байсан даа. Цас малгайлах бүр би чамайг хачин их санадаг. Уулзсан юм шиг сэтгэл дэвтдэг.
Б.Цэгцүүхэй