...Арван тавны саран агаартаа дэгдэнэ дээ хө

Ар өврөө дагаад үүл нь үгүй нь юу юм бэ хө

Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа даа

Харин чи минь хүрээд ирдэггүй нь юу юуны учир вэ хө... гэж шимийн архинд халамцсан нутгийн буурал өвгөн сөөнгөдүү хоолойгоор эвлэгхэн дуулахдаа нулимсаа ханцуйгаараа шударна. Гэрийн дээвэр бөмбөрдөх бороон чимээ төдхөн аядаж, дэлгээтэй хаалгаар цагаан бороо алсран одохыг харж суухдаа, “Ийм хөгшин хүн хайрын тухай дуу дуулаад, уйлдгаа бас...” гэж бодож суусан балчир насны дурсамж яагаад ч мартагддаггүй юм.

Өвгөнийг уяан дээрээс мордуулж өгсөн эгч минь араас нь саравчилж зогссоноо “Хөөрхий дөө, Самдан гуай...” гэж шүүрс алдаж билээ. Тэрхэн мөчид надад буурал өвгөний дуулсан дуу, унагасан нулимсанд учир байна даа гэх бодол төрж билээ. Хэрэгт дуртай зан дотроос хатгаад болдоггүй. Орой эгчтэй хамжиж хонь хургаа ялгаж хашчихаад сүүгээ хөөрүүлж суухдаа;

-Самдан гуай хөгшин хүн байж гунигтай дуу дуулаад уйлаад байгаа нь ямар учиртай юм бэ? гэхэд эгч шүүрс алдаад,

-Хөөрхий дөө, амьдралд нь харамсах зүйл олон байсан юм байлгүй дээ гэв. Тэгэхэд нь “Яг юунд харамссан юм бол...?” гэхэд эгч над руу нэг сүрхий тогтож харснаа;

-Самдан гуай бэлтэй айлын голомт залгах ганц хүү юм гэнэ билээ. Дээдчүүл нь угсаа гарвал сайтай улс байсан гэдэг. Самдан гуайг төрөхөд аав ээж нь нутгийн нэг айлын охинтой өндгөн сүй тавьсан юм байж. Тэр үед хүмүүс хайр сэтгэлээр гэхээс илүү аав ээжийн зааж өгсөн хүнтэй гэрлэдэг байж л дээ. Эцэг эх нь голомт залгах ганц хүүгээ 17 нас хүрмэгц нь гэр барьж өгөөд өндгөн сүй тавьсан охинтой гэрлүүлчихсэн юм гэдэг. Самдан гуай 18 нас хүрээд цэрэгт мордож, таван жил цэргийн алба хаагаад нутагтаа ирэхэд нь аав, ээж хоёр нь өөд болсон байж. Эхнэр болсон хүндээ угаас сэтгэлгүй байсан болохоор ирээд нэг гэрт орсонгүй, аавынхаа гэрийг барьж тусдаа амьдрах болж. Харин эхнэр нь таван жил түүнийг үнэнчээр хүлээсэн ч эцэст нь арга буюу төрхөмдөө буцжээ. Мэдээж цэргээс ирсэн сайхан залууд нутгийн бүсгүйчүүд хөл алдацгаасан юм биз. Тэр дундаас Самдан гуай айлд богтлогдож очоод удаагүй байсан нэгэн бүсгүйд сэтгэл алдарч л дээ. Өнөө бүсгүй ч Самдан гуайд сэтгэлтэй болж, тэд сэмхэн уулзсаар хамтдаа оргож, өөр нутагт очиж амьдаръя гэж тохирчээ. Гэвч сэтгэлт бүсгүй нь нөхрөөсөө салж чадахгүй жил тойруу болж.

Тэгтэл хаврын хавсарганаар Самдан гуай мал хариулж явсан хуучин эхнэртэйгээ хээр таарч, бүсгүй ч түүнийг хараад учиргүй эхэр татан уйлж л дээ. Царай зүс нь гундаж, ядруу, зутруу явааг нь хараад их өрөвдөж, дагуулж хариад тэр цагаас хойш эхнэрээсээ салаагүй гэдэг. Гэвч тэдэнд үр хүүхэд заяасангүй. Тэгээд л гунигтай амьдралаа бодоод харамсдаг байх аа.

-Тэгвэл нөгөө сэтгэлтэй бүсгүй нь яасан бэ?

-Нөхөр нь “Хэрэв чи надаас салбал би голд үйж үхнэ” гээд явуулаагүй юм гэсэн гээд эгч минь чимээгүй боллоо. Лааны гэрэлд эгчийн минь царай их гунигтай харагдаж билээ.

Одоо хэрнэ энэ ардын дуу хаа нэгтээ эгшиглэхэд Самдан гуай л санаанд буудаг юм. Хүслээр болдоггүй хүний орчлонг хэчнээн хүн гуниг харуусал туучин туулдаг бол гэж бодогддог. Тэр бороотой өдөр ардын дуу аялан нулимс унагаж суусан буурал өвгөний дүр одоо ч тодхон байна.

 

 

 

Б.Цэгцүүхэй