Б.Баттуул:Төмөр замчид Ёс зүйн хороондоо итгэж байгаа учраас гомдол мэдээллийн тоо өссөн гэж харж байгаа
УБТЗ ХНН-ийн Хууль зүйн албаны өмчийн эрх зүйн харилцааны хуульч, Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Б.Баттуултай ярилцлаа.
-УБТЗ-ын Ёс зүйн хороо хоёр жилийн хугацаанд ажиллаад дахин шинээр байгуулагдан ажилладаг. Өмнөх Ёс зүйн хороо 2024-2025 онд ажиллаад, дахин шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн гэж ойлгож байгаа?
-Ёс зүйн хороо нь үйл ажиллагаандаа 2023 оны Замын даргын А/419 тушаалаар батлагдсан журам, дүрмийг мөрдлөг болгон ажилладаг. Энэ журмын хүрээнд Ёс зүйн хороо нь хоёр жилийн хугацаатай ажиллах ёстой. 2025 оны оны есдүгээр сард өмнөх Ёс зүйн хорооны хоёр жилийн хугацаа дуусаж, аравдугаар сарын 10-ны өдөр А-710 тоот тушаалаар хорооны бүрэлдэхүүн бүрэн шинэчлэгдэж ажлаа эхэлсэн. Энэ бүрэлдэхүүнээрээ 2027 оны аравдугаар сарын 10 хүртэл үйл ажиллагаагаа явуулна.
-Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд одоо ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
-Ёс зүйн хорооны дүрэмд зааснаар Замын удирдлагыг төлөөлж Замын орлогч дарга нараас нэг, Хүний нөөцийн албанаас нэг, Хууль зүйн албанаас нэг хүн заавал томилогддог. Энэ гурван хүнийг Замын дарга томилдог гэсэн үг. Мөн хөдөлгөөнтэй шууд холбоотой алба хэлтэс, аж ахуйн нэгжийн төлөөлөл гурван албан хаагч, ҮЭ-ийн төлөөлөл гэсэн нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй байдаг.
Ёс зүйн хорооны даргаар Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, гишүүдэд Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Д.Ууганбаяр, Зүтгүүрийн аж ахуйн албаны шуурхай ажил хариуцсан орлогч дарга Д.Хорлоо, тухайн үеийн Хүний нөөцийн албаны орлогч дарга Ц.Жавхлан, Хууль зүйн албаны шүүхэд төлөөлөх гэрээ, эрх зүйн харилцааны хэлтсийн дарга Х.Энхсүх, Вагоны аж ахуйн албаны хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Н.Наран, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, Зорчигчийн вагон депогийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Болдбаатар, Улаанбаатар Татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Пүрэвбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар миний бие улиран ажиллаж байна.
-Ингэхэд 2025 онд Ёс зүйн хороонд хичнээн гомдол мэдээлэл ирж, хэрхэн шийдвэрлэв?
-2025 онд Ёс зүйн хороонд 27 гомдол мэдээлэл ирсэн. Ёс зүйн хороо нийт 13 удаа хуралдаж, дээрх гомдол мэдээллүүд ёс зүйн зөрчил мөн үү, биш үү гэдгийг судалж, ёс зүйн зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон бол дүгнэлтийг нь тухайн харьяалах ажилтны шууд удирдлагад албан бичиг, зөвлөмжийг хамтад нь хүргүүлж, гомдол мэдээллийг шийдвэрлэж ажилласан.
2026 оны нэгдүгээр улиралд нийт 13 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс хоёр гомдол мэдээллийг шийдвэрлэсэн. Үлдсэн нь хянан шийдвэрлэх журамд заасан хугацаандаа явж байна. Тавдугаар сарын 1-ний өдөр хурал хийхээр төлөвлөсөн боловч Замын даргын хаврын үзлэг эхэлсэн учраас үзлэгийн дараа хурлаа товлохоор хойшлуулсан байгаа.
-Ёс зүйн хороонд гаргасан гомдол мэдээллийг ангилж үзвэл ямар зөрчлийн талаар мэдээлэл их ирж байна вэ?
-Ихэнх нь хүмүүс хоорондын харилцаа хандлагаас үүдсэн үл ойлголцол, зөрчилдөөний асуудал байна. Өөрөөр хэлбэл, өндөр дуугаар загнах зандрах, хараалын үг буюу ёс бус үг хэллэг хэрэглэсэн тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг. Харин ажлын байрны бэлгийн дарамт цөөн байна. Жендерийн тэгш бус байдал, мөн хүйсээр ялгаварлан гадуурхах байдал харьцангуй бага байна. Мөн ажлын бус цагаар болон баяр ёслолын үеэр архидан согтуурсан үедээ нэгэндээ гар хүрсэн тохиолдол 1-2 нэгжээр нэмэгдсэн.
-Төмөр замын салбар нэгжүүдэд Ёс зүйн салбар хороод ажилладаг. Салбар хороод хэр ажиллаж байна вэ?
-Ёс зүйн салбар хороод улирал тутам төв хороо руу тайлангаа илгээх үүрэгтэй. Салбар хороодоос ирүүлсэн тайлангаас харахад нэг байгууллагад олон гомдол санал ирсэн тохиолдол цөөн. Жилийн хугацаанд дээд тал нь гурван гомдол хүлээж авч шийдвэрлэсэн байсан.
-Салбар хороодын үйл ажиллагаанд үл итгэх байдал төмөр замчдад байдаг бололтой. Нэг нэг төмөр замчин “Манай байгууллагад ажлын байрны дарамт их байна. Намайг байнга хэл амаар доромжлоод байна” гэхээр нь “Та байгууллагынхаа Ёс зүйн хороонд хандах хэрэгтэй” гэхэд “Байгууллагын ёс зүйн хороонд намайг хэл амаар доромжилдог хүн өөрөө байдаг болохоор би яаж хандах юм бэ?” гэж байсан. Ийм тохиолдолд яах ёстой вэ?
-Төмөр замчид байгууллагын удирдах албан тушаалтан болон Ёс зүйн салбар хорооны гишүүдтэй холбоотой асуудал, мөн салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл нийгэмлэгийн Ёс зүйн хороондоо хандах ёстой.
Тодруулбал, нэгдүгээрт байгууллагын удирдах албан тушаалтан гэдэгт дарга, орлогч дарга, ерөнхий инженер гэх мэт албан тушаалтнууд орно. Хоёрдугаарт ёс зүйн салбар хорооны гишүүдтэй холбоотой асуудал гарвал бид гомдол мэдээллийг нь шууд хүлээж аваад шийдвэрлэдэг журамтай. Гуравдугаарт, салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаасаа хойш 14 хоногийн дотор Ёс зүйн төв хороондоо хандана гэсэн үг. Салбар хороодынхоо гишүүдэд үл итгэх, эргэлзээ төрдөг бол шууд төв хороондоо гомдол мэдээллээ өгч болно.
Ер нь, Ёс зүйн хороонд ирсэн гомдол мэдээллийг бид хүлээн авангуутаа нягталж үзээд салбар хороо нь шийдвэрлэх асуудал байвал гомдол гаргасан ажилтанд “Таны гомдлыг салбар хороо руу чинь ийм журмын дагуу шилжүүллээ гэж албан ёсоор мэдэгдээд, хэрэв салбар хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл манайд эргэж хандаарай” гэдэг. Өнөөдрийн байдлаар ийм журмаар салбар хороод руу нь шилжүүлсэн гомдол мэдээллүүдээс хоёр гомдлыг шийдвэрлэсэн салбар хорооныхоо дүгнэлтийг гомдол гаргагч нар нь эс зөвшөөрөөд Ёс зүйн хороонд эргэж хандсан хоёр тохиолдол бий.
Дахин хэлэхэд Ёс зүйн салбар хорооны гишүүнтэй холбоотой гомдол мэдээллийг нийгэмлэгийн Ёс зүйн хороо шууд хүлээж авна. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.
-Байгууллагын Ёс зүйн салбар хороо ямар хугацаатай ажилладаг вэ. Хэрэв салбар хороо шударга ажиллахгүй байна гэж үзвэл тухайн байгууллагын ажилтнууд Ёс зүйн хороог дахин байгуулах боломж бий юу?
-Салбар хороо болон Төв хороо адил хоёр жил тутамд шинэчлэгдээд явна.
Жишээ нь, 2025 оны 10 дугаар сард Ёс зүйн хороо шинэчлэн байгуулагдаад анхны хурлаараа даргаа сонгодог. Түүний дараа салбар хороод руу цахилгаан илгээж ажиллах хугацаагаа барьж ажиллах чиглэл өгсөн. Салбар хороогоо шинэчлэн байгуулах хугацаа болсон бол шинэчлээд тайлангаа ирүүл гэсэн байгаа. Зарим байгууллагын салбар хороодын шинэчлэгдэх хугацаа болоогүй байгаа.
-Ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнийг тухайн байгууллагын дарга шууд томилдог уу, эсвэл хамт олны саналаар нэр дэвшүүлээд сонгох ёстой юу?
-Журамд Ёс зүйн хорооны гишүүдийг сонгохдоо бүх ажилтнуудын хурлаар хэлэлцэж шийдвэрлэх эсэхийг нарийн тусгаагүй. Ерөнхийдөө Ёс зүйн салбар хороог шинэчлэх асуудлыг тухайн байгууллагын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн хариуцан зохион байгуулах ёстой. Ёс зүйн хорооны гишүүн нь ямар хүн бэ гэдэгт “Ёс зүйтэй хүн байна” гэсэн ганцхан шалгуур л бий. Түүнээс нас, хүйс, ажилласан жил, эрхэлдэг ажил, албан тушаалыг заадаггүй. Байгууллагууд Ёс зүйн салбар хороогоо шинэчлэхдээ ажилчид дундаасаа ямар хүмүүсийг оруулах вэ гэдэг саналыг нь асууж, хамт олны олонх нь шударга, ёс зүйтэй гэж тодорхойлж, итгэл хүлээлгэж болохуйц хүмүүсийг сонгож байгаа байх. Төв хорооноос салбар хороодын ажил руу нэг бүрчлэн орох боломжгүй. Тухайн хамт олон хүмүүсээ сайн мэдэж байгаа болохоор дотооддоо ярилцаад Ёс зүйн хороогоо шинэчлэн байгуулах нь зөв. Салбар нэгжийн даргыг Ёс зүйн хороонд сонгодоггүй харин орлогч дарга, ерөнхий инженер нь салбар нэгжээ төлөөлөөд орж байгаа. Салбар хороод 5-7 гишүүнтэй байгуулагдан ажилладаг.
-Тайлангаа өгдөггүй салбар хороо байна уу?
-Салбар хороодын нарийн бичгүүдтэй холбогдоод тайланг нь авч байгаа. Зарим салбар хороо манайд ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй гэдэг.
-Ёс зүйн хороонд өгөх гомдол мэдээлэлд ямар нэгэн шалгуур бий болов уу?
-Гомдол мэдээлэлд тавигдах шаардлага гэж бий. Хэн нэгэнтэй муудалцангуутаа уурандаа давхиж ороод хувийн чанартай зүйл ярьдаг хүн байдаг. Гомдол мэдээлэл хүлээж авах журамдаа болсон процессийг тодорхой бичиж, баримт нотолгоо байгаа бол хавсаргана. Мөн өөрийн ажил, албан тушаал, овог нэр, гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг заавал бичих ёстой. Уурандаа хувийн чанартай зүйлс ярьж орж ирсэн хүнийг “Та гомдол мэдээллээ шаардлагад нийцүүлээд бичээд аваад ир” гэхээр буцаж ирдэггүй хүмүүс байдаг. Шаардлагад нийцүүлээд бичээд ирвэл хүлээж аваад 30 хоногийн дотор шийдвэрлэдэг.
-Нотлох баримт гэдэгт юу юу ордог вэ. Жишээ нь, гар утсаар хийсэн дуу, дүрсний бичлэг баримт болох уу?
-Баримт гэдэгт тухайн хүний өргөдөл хамгийн том баримт болно. Мөн ёс зүйн зөрчил үүссэн тохиолдолд хоёрдогч, гуравдагч этгээд хамт байсан бол тэдгээр хүмүүсийн тайлбар байж болно. Хүмүүс тайлбар өгөхгүй гэх асуудал яригддаг. Тийм тохиолдолд салбар хороо болон төв хорооны гишүүд асуудлыг гэрчлэх хүнтэй очиж уулзаад тайлбар, мэдүүлгийг зөвхөн хорооны хурлаар ярина, гадагшаа задруулахгүй гэдэг нууцын баталгаа өгч тайлбар авдаг. Хоёрдугаарт, байгууллагын камерын бичлэг байж болно. Ярианы эхэнд зодооны асуудал мэр сэр гарсан гэсэн шүү дээ. Тийм үед байгууллагын хяналтын камерын бичлэг баримт болно. Харин гар утасны бичлэг шүүхийн практик дээр болон мөрдөн шалгах ажиллагаанд тэр болгон баримт болж чаддаггүй. Хэрэв гомдол гаргагч тэр бичлэгийг хийхдээ цаад хүндээ бичлэг хийлээ гэдгээ эхлээд сануулсан байвал, тухайн бичлэгт ямар нэгэн засвар ороогүй, бичлэгийг хэсэгчлэн тасалж аваагүй бол баримт гэж үзэж болно. Магадгүй нэг хүнийг өөрөө өдөж, зориудаар уурлуулчихаад өөрийнхөө хэлсэн ярьсан хэсгийг устгаад нөгөө хүний бичлэгийг тасдаж аваад эсрэг ашиглахыг оролдох тохиолдол гардаг. Эцэст нь хэлэхэд бичлэгийг хийхдээ нөгөө хүндээ сануулсан уу, зөвшөөрөл авсан уу?, бичлэг бүрэн бүтэн үү, эсвэл засвар байна уу гэдгийг нь заавал нягталж үзэх ёстой.
-Нийгэмлэгийн Ёс зүйн хорооноос гаргасан шийдвэрийг гомдол гаргагч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд яах вэ?
-Ёс зүйн хорооноос бид дүгнэлт гаргадаг. Тухайн дүгнэлтийг үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулинд заасан сахилгын арга хэмжээ авах талаар салбар нэгж буюу ажил олгогчид нь албан бичиг хүргүүлдэг. Ёс зүйн хорооны дүгнэлттэй хүмүүс маргадаггүй. Харин дүгнэлтийг хүлээж аваад гаргасан тухайн байгууллагын даргын шийдвэртэй маргадаг. Тэр нь өөрөө шүүхийн процесс руу ороод байгаа юм. Өөрөөр хэлбэл, цалингийн арга хэмжээ авсан уу, албан тушаал бууруулсан уу гэдэг асуудал яригданаа даа. Тэр үед хөдөлмөрийн эрхийн маргаан буюу шүүхийн маргаан болоод явчихдаг. Тэгэхээр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ.
-Байгууллагын дарга өөрөө ёс зүйн зөрчил гаргавал яах вэ?
-Байгууллагын дарга ёс зүйн зөрчил гаргасан бол Ёс зүйн төв хороо хурлаараа авч хэлэлцээд зөрчил гаргасан гэх дүгнэлт гарсан тохиолдолд ажил олгогчийн буюу Замын даргын нэр дээр албан бичиг явуулдаг. Замын даргаас Хүний нөөцийн албаар дамжиж байгууллагын даргад сахилгын шийтгэлийн арга хэмжээ яригддаг. Салбар нэгжүүдийн дарга, удирдлагууд, Ёс зүйн хорооны гишүүдтэй холбоотой асуудал Удирдах газар шийдэгдээд явчихдаг болохоор шийдэгдэхгүй орхигдоно гэж байхгүй.
-Аливаа асуудал хоёр талтай. Магадгүй нэг хүнийг хэсэг бүлэг хүн санаатайгаар гүтгэх гүжирдэх байдлаар Ёс зүйн хороонд өгөх тохиолдол байж болох уу?
-Ёс зүйн хороонд ирсэн гомдол мэдээллийг зөвхөн хохирогч буюу гомдол гаргагчийн талд шийднэ гэсэн үг биш. Жижиг мөрдөн шалгах ажиллагаа маягийн зүйл болдог. Холбогдох баримт нотолгоог авч үзнэ. Баримт цуглуулах үүргийг Ёс зүйн хорооны гишүүдэд олгосон байдаг. Хамт ажиллагсдаас нь тайлбар авна. Гомдол гаргагч болон холбогдогчийн зан харилцаа нь хэр вэ гэх мэтээр хувийн хэрэгт холбогдох материалуудыг татаж авчирч үзнэ. Зөрчлийн хохирогч болон холбогдогч хоёрын хооронд маргаан үүссэн байж болохуйц үед хажууд нь гэрчээр байсан хүмүүсээс бид тайлбар авдаг. Зөрчил гаргасан уу, үгүй юу гэдэг дээр тал бүрээс нь баримт цуглуулж байгаад ийм баримтаар няцаагдаж байна, ийм баримтаар тогтоогдож байна гэх зэргээр хорооны хуралд тавиад гишүүдийн олонхийн саналаар шийддэг гэсэн үг.
Ёс зүйн хороогоор юм уу, шийдвэр гаргах эрх бүхий удирдах албан тушаалтнаар хоёр ажилтан хоорондын үл ойлголцлоо шийдүүлэх гэж оролдох тохиолдол мэр сэр бий. Асуудал харилцаа хандлага, өс хонзонгийн сэдэлтэй ч байж болно. Тиймээс гомдлыг тал бүрээс нь нягталж, маргаан үүсэх шалтгаан нөхцөлд нь илүү ач холбогдол өгч шударга дүгнэлт гаргахыг хичээдэг. Хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй шүү дээ.
Жишээ нь, олон хүний гарын үсэгтэй өргөдөл ирдэг. Гарын үсэг зурсан хүн болгонтой уулзахад зарим нь юун дээр гарын үсэг зурснаа мэддэггүй. “Мэдэхгүй. Гарын үсгээ зурчих гэхээр нь зурсан гэх хүн ч байсан. Үнэн нэг л байдаг. 13 хүн гарын үсэг зурсан байлаа гэхэд үнэн бол 13-уулаа нэг л зүйлийг ярих ёстой. Гэтэл зарим нь шал өөр зүйл ярьдаг. Бид хувь хүний чин үнэн сэтгэл, шударга зүйл дээр л тулж ажиллаж байна. Ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргах гэж хорооны есөн гишүүн хичээн ажиллаж байгаа. Ёс зүйн хорооны хурлын дундаж хугацаа гурван цаг орчим болдог. Найман цаг хуралдсан тохиолдол ч бий. Асуудал адармаатай байх тусам үнэнийг олох нь чухал. Ёс зүйн хорооны гишүүд маань үндсэн ажлынхаа хажуугаар энэ ажлыг чин сэтгэл гаргаж, цаг хугацаа зарцуулж, үнэн худлыг дэнсэлж, асуудлыг бодитой, шударга дүгнэхийг зорьж ажиллаж байна. Ёс зүйн хорооны А.Батболд дарга маань ёс зүйтэй байдлыг өөрөө үлгэрлэж, гишүүд үүргээ маш сайн ухамсарлаж ажилладгийг энэ ташрамд хэлье.
Ёс зүйн хорооны гишүүд өөрсдөө ёс зүйтэй байдлаараа үлгэрлэх ёстой. Хэрэв өөрсдөө ёс зүйн зөрчил гаргавал хүлээх хариуцлага нь хэд дахин өндөр байдаг.
-2024 онтой харьцуулахад 2025 онд гомдол мэдээллийн тоо өссөн үү, буурсан уу?
-Гомдол мэдээллийн тоо өссөн. Урьд нь Ёс зүйн хороонд гомдол гаргаад шийдэгдэхгүй алга болчихдог гэх хандлага байсан байх. Миний хувьд Ёс зүйн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн үеэсээ шийдвэрлэгдсэн гомдол мэдээллийн дүгнэлтийг дор бүрд нь мэдэгдээд явдаг. Ингэхдээ албан бичгээр харилцаа үүсгээд явчихдаг. Салбар хороонд шийдвэрлэх асуудал байлаа гэхэд “Та салбар хороондоо ханд” гэж хэлээд явуулах биш Ёс зүйн хорооны даргын нэр дээр албан бичгээр салбар хороонд нь шилжүүлж, шийдвэрлээд эргэж бичгээр тайлагнахыг үүрэг болгодог. Ингэж салбар хорооныхоо ажлыг давхар хянаад явчихдаг. Гомдол гаргагчид амаар “Та салбар хороондоо ханд” гээд явуулахаар дунд нь орхигдох магадлал их, мөн тухайн хүндээ ч чирэгдэлтэй байдаг. Төмөр замчдын Ёс зүйн хороондоо итгэх итгэл нэмэгдэж байгаа учраас гомдол мэдээллийн тоо өссөн гэж харж байгаа. Ёс зүйн хороо нэг шийдвэр гаргаад орхидог биш биелэлтийг нь буцаагаад байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдээс нэхэж авдаг.
Салбар нэгжийн ажилтан хооронд үүссэн асуудал шийдэгдэхгүй орхигдох тал байсан учраас Ёс зүйн хорооны шийдвэрийн биелэлтийг баримтаар авдаг болсноор салбар нэгжийн дарга нар биелүүлэхгүй байх боломжгүй. 30 хоногийн хугацаанд яг ямар шийдвэр гаргасан гэдгийг авч байгаа.
-Салбар хорооноос гарч буй шийдвэрүүд шударга, үнэн зөвийг нь тогтоож байна уу гэдгийг нь та бүхэн хянах боломжтой юу?
-Дүрмээрээ бид салбар хорооны шийдвэрт оролцохгүй, нөлөөлөхгүй. Салбар хорооны дүгнэлтээр ёс зүйн зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдлоо гэдэг дүгнэлт гарсан бол тэр өдрөөс хойш 30 хоногийн дотор Хөдөлмөрийн тухай хуулиараа байгууллагын дарга арга хэмжээ авах ёстой. Салбар нэгжийн даргын гаргах шийдвэрт бид ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, салбар нэгжийн дарга зөрчил гаргасан ажилтандаа сануулна уу, цалингийн 20 хувийн арга хэмжээ авна уу, тушаал бууруулна уу, түүний бүрэн эрх хэмжээний асуудал. Гэхдээ бидний гол зорилго бол хүнийг ажлаас нь халах солих гэхээсээ засаж залруулахыг зорьдог.
-Ёс зүйн зөрчил гарснаас хойш хэдий хугацаанд гомдол гаргах ёстой вэ?
-Ёс зүйн зөрчил нь зургаан сарын дотор хөөн хэлэлцэх хугацаатай. Гомдол гаргагч зөрчил гарснаас хойш зургаан сарын дотор гомдол гаргах эрхтэй.
-Ажилтан гомдол гаргалаа гэхэд удирдлагууд нь байгууллагын нэрийг унагалаа гэх зэргээр улам дарамталдаг гэх хүн байна. Ер нь, ажлын байрны дарамт, ёс бус үйлдлийг ийм байдлаар нуухыг оролддог тохиолдол их байдаг. Уг нь, аливаа муу муухай бүхэн нуугдмал байх тусмаа газар авдаг. Асуудлыг ил ярьж байж засаж залруулна биз дээ.
-Ер нь, ажилтанд байгууллагадаа итгэх итгэл байгаа учраас Ёс зүйн хороондоо хандаж байгаа. “За даа, өргөдөл өгөөд шийддэггүй дээ. Шударга юм гэж байхгүй юм чинь ажлаасаа гаръя даа” гэх хандлага байдаг бол өргөдөл гомдол өгөхгүй. Асуудлыг ил гаргахгүй нууснаар хамт олны дунд эрүүл бус уур амьсгал бий болно. Харин гомдол мэдээлэл дороос ил гарч байна гэдэг нь байгууллагын уур амьсгалд эрүүл хандлага байна гэсэн үг. УБТЗ-ын 16 мянган ажилтанд тулгардаг бүх асуудалд бид тулж ажиллаж чадахгүй л дээ. Энэ жил Ц.Жавхлан нь Ес зүйн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа маш сайн ажилласан. Бүх салбар нэгжийн ажилтнуудад болон салбар хорооны гишүүдэд гомдол мэдээллийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг сургалтыг хийсэн. Энэ гишүүний ажил албан тушаал өөрчлөгдсөн болохоор Замын даргын гуравдугаар?? сарын 22-ны өдрийн тушаалаар Хүний нөөцийн орлогч дарга Х.Урангоо Ес зүйн хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байгаа.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.Гүнжинлхам
