Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга, техникийн ухааны доктор Моононхүүгийн Цогт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Тэрбээр, өдгөө УБТЗ-д 25 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа юм. Түүний хөдөлмөрийн гараа 2001 онд Замын-Үүд өртөөнд вагон бичигч-пүүлэгчээр эхэлж, улмаар Сайншанд өртөөний туслах жижүүр, жижүүр, Айраг өртөөний техник мэдээлэгч, Олон-Овоо, Багахангай өртөөний дарга, 2008 оноос Тээвэр зохион байгуулалтын албанд сургалт, технологийн инженер, 2012–2018 онд Улаанбаатар өртөөний даргаар ажиллаж байв. Улмаар 2018 оноос УБТЗ-ын Москва хот дахь төлөөлөгч, төлөөлөгчийн газрын тэргүүн, 2022 оноос Тээвэр зохион байгуулалтын албаны дарга, Тээврийн хяналтын албаны даргаар ажиллаж, 2024 оноос УБТЗ ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байна. Мөн Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2004, 2008, 2016, 2024 онд дөрвөн удаа сонгогдож, УБТЗ-ын залуучуудын төв байгууллагыг үүсгэн байгуулалцаж, анхны тэргүүнээр нь ажилласан зэрэг үндсэн ажлын хажуугаар төр, нийгмийн байгууллагын сонгуульт ажлыг гүйцэтгэж ирсэн байна.
