Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэрэмжит УБТЗ ХНН-ийн шагайн харвааны аварга шалгаруулах “Эв эе" шагайн тойром тэмцээнийг өнгөрсөн сарын 25-26-ны өдрүүдэд Хөлийн голд зохион байгуулсан. Тус тэмцээний зохион байгуулах комиссын дарга, Зорчигчийн вагон депогийн Үйлдвэрчний хорооны дарга Д.Болдбаатараас уг тэмцээний талаар тодрууллаа.
-УБТЗ ХНН-ийн шагайн харвааны аварга шалгаруулах “Эв эе" тэмцээнд хэчнээн баг, тамирчин оролцов?
-Төмөр замчдын “Эв эе" шагайн тойром тэмцээнийг өнгөрсөн оноос зохион байгуулах болсон. Учир нь ноднин жил Төмөр замын аварга шалгаруулах шагайн тэмцээнийг МТЗ-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан тойром хэлбэрээр хамтатган хийсэн. Энэ жил хоёр дахь удаагаа Замын аварга шалгаруулах МТЗ-чдын ҮЭХ-ны нэрэмжит “Эв эе" шагайн тойром тэмцээн өнгөрсөн сарын 25-26-ны өдрүүдэд Хөлийн голд боллоо.
Тэмцээнд нийтдээ 24 багийн 250 гаруй шагай харваачид цуглаж, цэц мэргэнээ сорилоо. Бараг аймгийн аварга шалгаруулах хэмжээний том наадам боллоо гэж шагайчид ярьцгааж байна билээ.
- “Эв эе" шагайн тойром тэмцээнд улс, аймгийн алдар цолтой хэчнээн тамирчин оролцсон бэ?
-Ер нь манай төмөр замын шагай сонирхогч маш өргөн бүрэлдэхүүнтэй байдаг. Манай төмөр замд монгол бөхөөр бол Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэдэг шиг Монгол Улсын гавьяат тамирчин Даяар дуурсагдах, Дархан мэргэн Бадарчингийн Шинэнбаяр гэж шагайны ноён оргил болсон эрхэм бий. Энэ удаагийн тэмцээнд Дархан мэргэн Б.Шинэнбаяр тэргүүлээд Монгол Улсын мэргэн, Үлэмж дархан мэргэн гэх мэт улсын цолтой 50 орчим харваач, аймгийн алдар цолтой 100 гаруй харваач, цолгүй 100 орчим харваач оролцлоо.
-Их олон тамирчин оролцдог юм байна. Тэмцээнийг ямар зарчмаар зохион байгуулдаг вэ?
-“Эв эе" шагайн тойром гэдэг маань урьд өмнө нь тэмцээн, уралдааны хэлбэрээр байгаагүй. Зүгээр л майхан асруудаа бариад тойроод, нөхөрсгөөр тоглоод, танилцаад, өв уламжлалаа яриад явдаг байсан түүхтэй юм билээ. Сүүлийн үед тойром харваа гэхээр бие биенийхээ асар майхнаар тойрч, наадмын бэлтгэл маягтай сайхан харваж байгаад яг тэмцээн эхлэхээр сугалаагаа сугалаад хэсэг, хэсэгтээ хуваагдаж, өрсөлдөөд оноогоо цуглуулдаг. Ингэж хэсгээс гарсан багууд нь цаашаа шалгараад аваргын төлөө харвана.
-Нэг удаад хэдэн оноо цуглуулах ёстой вэ?
-Шагайн харваанд өрсөлдөж байгаа хоёр баг эхний өрөгт тус бүр 15 хасаа харвах ёстой. Аль баг өөрийнхөө 15 хасааг түрүүлж онож дуусгасан нь дараагийн дунд өрөгт шалгарна. Ингэхдээ баг тус бүр өөрийнхөө модон дээр нэг, айлынхаа модон дээр нэг харвадаг. Өөрөөр хэлбэл “Эв эе" шагайн тойром маань Монголын үндэсний шагайн харвааны үндсэн дүрэм, журмынхаа дагуу явагддаг.
-“Шагайн тойром”-ын шүүгчээр ямар хүмүүс ажилласан бэ?
- Монгол Улсын гавьяат тамирчин, Даяар дуурсагдах, Дархан мэргэн Б.Шинэнбаяр, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Т.Очирбаатар нар шүүсэн.
-Тэмцээнд шалгарсан баг тамирчдыг танилцуулна уу?
- “Эв эе" шагайн тойром тэмцээнийг Багийн харваа, Хувийн ганцаарчилсан харваа, Өв соёлоо тээгч баг, Шилдэг уухайч харваач, Шилдэг шинэ залуу харваач гэсэн төрлүүдээр шалгаруулж шагнаж урамшуулсан.
Шилдэг багаар,
Нэгдүгээр байрт Л.Чулуунбаатар ахлагчтай Замын II анги,
Хоёрдугаар байрт Ч.Түнжинбаатар ахлагчтай Чулуун завод,
Гуравдугаар байрт О.Эрдэнэбаяр ахлагчтай Зорчигчийн вагон депо
Тусгай байрт Ш.Дашдаваа ахлагчтай Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги
Хувийн харваанд,
Нэгдүгээр байрт М.Ням-Эрдэнэ
Хоёрдугаар байрт Я.Чимэд
Гуравдугаар байрт Н.Мягмардорж нар тус тус шалгарсан
Өв соёлоо тээгч баг,
Энэ жилийн өв соёлоо тээгч багийг шалгаруулахдаа үндэсний уламжлалт спортоо дээдэлж, бэлтгэлээ сайн хангаж ирсэн, хамгийн сайхан асар майхантай, сайхан хэрэглэлтэй багийг онцолж С.Энхбаяр ахлагчтай Улаанбаатар Ачиж буулгах тээвэр экспедицийн ангийн багийг шалгаруулсан.
Шилдэг уухайч харваачаар,
Зорчигчийн вагон депогийн харваач, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Т.Очирбаатар
Шилдэг залуу харваачаар,
Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн харваач Б.Балдандорж нар тус тус шалгарлаа.
-Тэмцээний бай шагнал ямар байдаг вэ?
-Бай шагналын хувьд нэгдүгээр байр эзэлсэн багт гурван сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн багт хоёр сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн багт нэг сая төгрөгийн шагнал, тусгай байр эзэлсэн багт 500 мянган төгрөгийн шагнал хүртээсэн.
-Дүгнэж хэлэхэд энэ тэмцээний гол онцлог юу байв?
-Шагайн тойром Монгол Улсын хэмжээнд хаа сайгүй хийгддэг болжээ. Улсын хэмжээнд олон шагайн тойром байдаг юм байна. Манай төмөр замчин залуучууд төмөр замчин харваачдаа наадмын өмнө ингэж нэг дор цуглуулж, уулзуулж, хооронд нь танилцуулж, туршлагыг нь судлуулж, наадмын сорилго хийж, бэлтгэлийг нь хангаж байгаагаараа энэ тэмцээн онцлог байлаа. Энэ тэмцээнд зөвхөн төмөр замын мэргэжилтэй, төмөр замд ажил алба хашдаг харваачдыг дагнан оролцуулснаараа шударга, өрсөлдөөнтэй байлаа.
-Баярлалаа. Хараачдадаа Улсын их баяр наадамдаа цэц мэргэн байхыг ерөөе ээ.
Г.Энхбаатар
