Даваасамбуу овогтой Болдмаагийн хүүхэд насны мөрөөдөл нь биелж, вагоны үйлчлэгчийн дүрэмт хувцсаар 31 жил гоёсон. “Хурдан л дүрэмт хувцас өмсөж вагоны үйлчлэгчээр ажиллаж гадаад, дотоодоор аялсан гоё хүн болно” гэсэн хүсэл тэмүүллээр ажлын гараагаа эхэлсэн түүнийг хамт олон нь дурсамж дүүрэн үдэж, хүндэтгэл үзүүлсэн байна.  Хойд замд буюу Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа  чиглэлийн “Гурван үеийн уулзалт”-ын тусгай галт тэргээр сүүлчийн “Алтан гараа”-гаа хийсэн  Д.Болдмаатай уулзаж ярилцлаа.

 

-Ажлын гараагаа хэдэн онд эхэлж байсан бэ. Удам дамжсан төмөр замчин уу?

 

-Тиймээ, би удам дамжсан төмөр замчин. Манай аав, ээж хоёулаа Төмөр зам гэдэг их айлд ажиллаж байсан. Аавыг маань Балжиннямын Даваасамбуу гэдэг, машинч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумынх. Ээжийг Дэндэвийн Зина. Дорноговь аймгийнх, Төмөр замын эмнэлэгт мэдээгүйжүүлгийн сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх, ганц охин нь. Хүүхэд насанд их дэврүүн байлаа. Ээжийнхээ мэргэжлийг сонгоно гэж химийн сонгоны ангид суралцдаг байсан. Харин аав маань “Гурван ах чинь төмөр замын мэргэжил эзэмшсэнгүй. Дүүтэйгээ хамт төмөр замын мэргэжил сонговол яасан юм бэ. Төмөр зам гэдэг вант улс цаашид улам дэвшиж хөгжинө, зам нь хүртэл өргөжинө” гэж зөвлөсөн. Манай байранд вагоны үйлчлэгч эгч амьдардаг. Дүрэмт хувцасаа өмсчихсөн, цэмцгэр ганган алхаж явахыг байнга харна. Ерөөсөө надад дүрэмт хувцас гоё зохино. Хүмүүсийн харц булаасан энэ эгч шиг болно гэсэн бяцхан хүсэл мөрөөдөл байсан учраас аавынхаа зөвлөгөөг зөвшөөрч шийдвэрээ гаргасан. Төмөр замын ТМС шалгалт өгсөн, тухайн үед аав бид хоёр н.Будхүү захиралтай уулзахад олон сайхан мэргэжил байна, чи вагоны ангид орж техникчээр төгсөж, дараа нь инженер болж болно гэж зөвлөж билээ. Вагоны үйлчлэгчийн ангид  1992 оны долдугаар сарын 01-нд элсэж орж байсан. Нэг жил суралцаад 1993 оны долдугаар сард Зорчигчийн вагон депод ажилд орж байсан.

 

-Ажилд орсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

 

- Ажлын анхны өдөр хөөрсөн л хүмүүс байлаа. Вагон гэдгээ ч сайн мэдэхгүй. Сурч байх үедээ вагоны хаалга нээх, хаах, зорчигч суудаг хэсэг ийм, тийм байдаг гэхчлэн суралцаж байсан ч   онол, практик хоёр ялгаатай. Вагоны цахилгаан самбаруудыг хараад, хараад ойлгохгүй. Багш шавийн гэрээ байгуулаад багшаасаа энийг яах ёстой вэ гэж байнга асууж, бүх зүйлээ заалгаад л анх удаа хийж байгаа ажил маань сонирхолтой, цахилгаан самбаруудын бүх товчлуурыг оролдоод үзчихмээр санагдаж, эсвэл ганцаараа бие дааж дохио өгмөөр санагдаж, хүүхэд насны хөөрүү мэдрэмж, сониуч зан төрж байсан. Эхний нэг, хоёр шөнө нойр хүрээгүй. Анхны аялал Эрдэнэт-Замын-Үүд чиглэлийн 273 дугаар галт тэргэнд өрнөсөн. Тэрхүү дөрөв хоногийн аялалдаа унтахгүй явсаар ирсэн санагддаг. Анхны багшийг маань Загдсүрэн гэдэг. Вагоны түлхүүрийг хүртэл гамнаж байх ёстой, вагоноо дээрээс нь өгсүүлээд дэс дарааралтай цэвэрлэх ёстой, ажилдаа л үнэнч байхад хүний ажил цаашаа ахиж дэвшиж явдаг хэмээн зөвлөдөг байлаа.  Багш маань тэтгэвэрт суухынхаа өмнөхөн “Замчны алдар” медаль хүртэж байсан. Багштайгаа өнгөрсөн зун төмөр замын баяр дээр тааралдахад сэтгэл маш их хөдөлсөн. Бидний ажил зорчигчтой мэндлэхээс эхэлнэ. Харьцаанаас харилцаа үүсдэг. Зорчигчдоосоо баярлалаа гэсэн талархлын үг сонсох нь тэр аяллын үнэлгээ болдог. Миний ажил үйлчилгээ сайхан сэтгэгдэл төрүүлжээ гэсэн урам авч баярладаг. Өдөр бүр олон хүн зорчино, янз бүрийн ааш араншинтай л хүн таарна. Ажлаа хийх явцдаа зорчигчоо энэ  нь тийм, тэр  нь ч ийм ааштай гэж ялгаж харьцдаггүй. Нэг л зангаар харилцаж, тэр зангаараа л үддэг дээ.

 

-Таны аав төмөр замтай ажил амьдралаа холбоход их нөлөөлжээ. Аавынхаа талаар дурсаж ярина уу?

 

-Миний аав Зүтгүүрийн депод машинчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Аавын минь хувь тавилан их ээдрээтэй, бага балчир насандаа их л зовлон үзсэн. Ах нь хэлмэгдүүлэлтийн үед Баянхонгор аймагт том лам байсан гэдэг. Ахыг нь дүү нарынх нь нүдэн дээр нь буудаад хороочихсон. Эгч, дүүтэйгээ нутгаасаа дайжин зугтаж айлын бараа харж унд устай золгосон гэж ярьдаг.  Нэг айлаас нөгөөд зарцлагдаж явсаар эгч дүүгээсээ гурван тийш салчихсан юм билээ. Тэр айл гурван хүнийг тэжээж чадахгүй гэсэн шалтгаанаар салгачихсан. Эгч нь том болсон хойноо хотод ирж хоёр дүүгээ хайсан. Авга эгчийн нөхөр нь их сайн хүн таарсан тул тэд уйгагүй хайсаар манай аавыг олж төмөр замд машинчийн курсэд сургажээ. Бээжинд сурсан гэдэг. Аавын эгчийг Б.Цэнд-Аюуш гэдэг бид “Гоё дада” гэж авгайлдаг байсан. Нөхөр нь Зүтгүүрийн Депогийн уурын зуухны даргаар ажилладаг байсан юм.  Аавыг туслах машинчаар ажиллаж байх үед нь хүргэн ах нь хайсаар байгаад дүүг нь олж уулзуулсан. Өргөж авсан айл нь хүүгээ алдчихна гээд нэрийг нь өөрчилснөөс, хайхад хэцүү хэзээ нь хойно Дорнодоос олсон гэдэг. Аавын дүүг Геодези зураг зүйн газар ажиллаж байх үед биднийг уулзуулж байсан.

 

-Галт тэрэгний үйлчлэгийн ажил амар биш ажил. Олон хоногоор аялалд явна. Шантрах, эсвэл ажил мэргэжлээ солих бодол төрж байсан уу?

 

-Мэдээж амар хялбар байгаагүй. Гэхдээ ажлаа сольё гэсэн бодол төрж байгаагүй ээ. Залуу ч байж, анх бид нарыг нийтийн воганд явуулдаг байсан. Одоогийнх шиг зэхэлтийн машин гэж байдаггүй байлаа. Цагаан хэрэглэлээ үүрч тушаагаад цэвэр даавууг буцаж дүүрч ирнэ. Аяллын туршид нэг вагон арван шуудай нүүрс авна. Тэр үед 50, 70 кг-ийн шуудай байдаг байсан. Яаж ийж байгаад вагондоо үүрч авчирна, заримдаа засварын залуучуудаа гуйна. Хоёулаа үүрээд ирдэг л байсан. Чадалтай ч байж. Залуу насны ааг, эрч хүчээр хүнд хүчир ажлын ард гардаг байж. Манай дарга нар залуу үйлчлэгч охидыг ажлаа дуусгачихаад эгч нартаа туслаарай. Цагаан хэрэглэлийг нь үүрээд аваачаад өгчихөөрэй гэнэ. Өөрсдийн ажлаа дуусчихаад эгч нарын цагаан хэрэглэлийг үүрч аваачаад орлого, зарлагатай нь тушаачихаад ирдэг сэн.

 

-Олон хоногоор замд явахад ар гэрийн амьдрал, үр хүүхдийн сургууль соёл гээд олон зүйл ард хоцорно. Эр нөхрийн түшиг тулгуур их хэрэгтэй. Гэр бүлийн хүнээ танилцуулна уу. Ямар ажил эрхэлдэг вэ?

 

-Манай нөхрийг Цагааны Алтанхуяг гэдэг. СХД-ийн Цагдаагийн хэлтэст мөрдөгч хийж байгаад 45 насандаа гавьяаныхаа амралтыг эдэлсэн. Одоо хуулийн зөвлөх хийдэг. Манайх хоёр хүү, нэг охинтой. Хоёр зээтэй.  Том охин маань уламжлалт хүний их эмчээр ажилладаг. Хадам ээж маань уламжлалтын хүний их эмч, том ач охиноо эмч болгоно гэсээр мэргэжлээ өвлүүлсэн.  Анхны хүүхдээ гаргачихаад ээждээ үлдээгээд аялалд гарч байлаа. Манай гэр бүлийн хүн Төмөр замын цагдаагийн хэлтэст ажиллаж байсан. Бас вагоны цагдаагаар замд явчихна. Хоёулаа хоёр тийшээ чиглэлд гарах үе олон. Хэн амарч байгаа нь хүүхдээ эмээгээс нь  очиж авна. Ер нь ар гэрийнхэн ойлгохгүй, уртын аялалд явахыг зөвшөөрөхгүй зэрэг нь ажлаас гарах шалтгаан болдог тохиолдол зөндөө байсан. Миний хувьд нөхөр бид хоёр төмөр зам гэсэн том айлд харьяалагддаг байсан учраас бие биенээ сайн ойлгож дэмжиж ирсэн. 800 орчим үйлчлэгч байгаагаас өрх толгойлсон эмэгтэйчүүд их байдаг. Ажил мэргэжлийн онцлогийг ойлгохгүйгээс хардах, өөр бусад шалтгаанаар ч салалт их байдаг. Ямар азаар вагоны цагдаатай суусан юм  гэж бодох ч үе байсан.

 

-Олон улсын аялалд их явсан уу. 31 жилийн хугацаанд хэчнээн аялалд гарснаа тоолж үзсэн үү?

 

 -Аяллын гараагаа тоолж үзээгүй юм байна. Олон улсын аялалд гурван жил яваад буудаг. Хойд, урд чиглэлд ялгаагүй гурван жил яваад дараачийн үйлчлэгчид халаагаа өгдөг. Энэ нь зөв бодлого гэж би үздэг. Олон улсын аялалд явж байхдаа хил гаалийн зөрчил гаргаагүй, ажил үүргээ зөв үйлдсэн, зорчигчоос гомдол аваагүй бол орон нутгийн вагонд гурван жил ажиллачихаад дахин олон улсад явах эрх үүсдэг. Ер нь зорчигчийн ачаа тээшинд хяналт тавиагүйгээс хориотой ачаа авч яваад шалгагдвал үйлчлэгчид хариуцлага тооцдог. Олон янзын ааш араншинтай хүмүүс ч зорчино. Тэр бүрд тохируулж харьцахгүй, зорчигчтой маргалдах үе гарвал галт тэрэгний даргад гомдол гаргана. Галт тэрэгний дарга нар маань гомдол саналыг сайн ялгаж салгана. Зорчигч үйлчлэгчийн хэн нь буруутайг зөв тогтоож байж арга хэмжээ авдаг байсан. Миний буруутай үйлдлээс зорчигчийг гомдоосон бол дараагийн гараанд өнжөөнө. Заавал орон нутагт цаг хийлгэж байж буцааж олон улсын үйлчилгээнд гаргадаг байсан. 1993 оноос хойш Эрдэнэт-Замын-Үүд чиглэлд гурван жил, Сэлэнгийн чиглэлд найман жил аялаад олон улсын галт тэрэгний үйлчлэгчээр ажилласан.  Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Энхтуяагийн хажуу вагонд Москва чиглэлд явдаг байсан. 1998 онд Д.Энхтуяа гавьяат шинэ хүмүүсийг дагуулж явж Улаан талбайг үзүүлж билээ.

 

-Таныг вагоны үйлчлэгчээр ажилд орох үед зэх зээлд шилжсэн ид наймааны үе, ачаалал их ч байсан. Зөрчил их гардаг байсан уу?

 

-Хойд чиглэлд 1998-2000 онд олон улсын вагоны үйлчлэгчээр ажилласан. Зах зээлд орчихсон монголчууд ид наймаанд  явдаг үе байсан. Одоо харьцангуй өөр болсон. Монголоос наймаачид их явна. Хөл хөдөлгөөн их, зогсоо зайгүй гахай чирдэг байсан үе. Хэл ам ч их байсан. Зорчигчдодоо хяналт тавь, хэт овор ихтэй ачааг оруулахгүй байх. Бүр болохгүй бол галт тэрэгний дарга, цагдаад мэдэгдэнэ. Хил гааль дээр зөрчил гаргуулахгүйн тулд цагдаатай хамтарч ажиллана. Олон жил ажиллаад ирэхээр  гаднаас орж ирэх зорчигчийг андахаа байчихдаг. Тарваганы арьс гаргадаг наймаачдыг ч андахгүй. Тэд төмөр замын цагдаагийн хяналтад орчихсон байдаг. Вагоны дарга нар ч сайн мэднэ. Аль вагонд арьсны ченж орчихов, түүнийг хянаарай гэж вагоны цагдаа, бид нарт үүрэг өгнө. Урд замд ч толгой, түрүүгүй  “гахай” шидэлж, вагоны ширээн доогуур гэхчлэн хаа сайгүй ачаагаа чихэж хөл тавих зайгүй, тэр бүртэй тэмцээд дийлэхгүй нөхцөл байдалд ажилладаг л байсан. Одоо эрс өөрчлөгдсөн овор ихтэй ачаагаа зорчигчид тээшинд хэлүүлтгүй өгчихдөг.

 

-Галт тэргээр тасалбар авахгүйгээр зорчих үзэгдэл их байдаг. “Туулайлчах” гэсэн нэршил өгчихсөн үе байсан. Олон жил вагоны үйлчлэгчээр ажиллахаар хөгжилтэй, сургамжтай зүйлс их тохиолддог уу?

 

-Вагоноор “туулайчлах” үзэгдэл нэг хэсэг их байсан. Вагон дээр хүн явж байна гээд л цагдаа нар хөөцөлдөнө. Хоёр вагоны хооронд байдаг цүлхээний резинэн завсар  орчихно. Баригдах болохоор цүлхээний шатаар дээшээ вагон дээр гарчихдаг. Цагдаа унахаас нь болгоомжилж араас нь дээш авирна, нөгөө хэд нь зугтаж вагон дээгүүр гүйлдэж амь эрссэн үйлдэл гаргадаг байлаа. Архидалт их,  вагоны буруу талын хаалганы хэсэгт хүн орохын эцэсгүй битүү утаа манан болчихсон тамхи татна. Вагоны цагдаа нар архи ууж байгаа нэгний журамлана. Гар дээрээс бэлэн гоймон, ус ундаа, зайрмаг их зарагдана. Харин зөрчлийн хуулиар вагонд тамхи татахыг хориглож, гар дээрх наймааг бүрэн зогсоосон. Одоо хүмүүс галт тэргээр илүү ая тухтай зорчихыг эрхэмлэдэг болсон. Таваарын вагонтой холбоотой хөгжилтэй, сургамжтай зүйлс тохиолдож л байлаа. Нэг явдал санаанаас гардаггүй юм. Манай депогийнхан ч их ярьж хөхрөлдөнө.  Бид нэг цагийн зогсолттой газар өөрсдөө нүүрсээ буулгадаг. Таваартай нүүрстэй ачааны вагон хажууд ирээд зогсоно. Таваар руу авираад нүүрсээ буулгачихна. Манай нэг үйлчлэгч таваар дээр байхад нь хөдөлж, би таваарын вагоны араас “машинч ахаа зогсоорой” гээд л гүйчихсэн. Таваарын галт тэрэг өртөөний жижүүр дохио нээлээ, шууд хөдөлж хурдаа авчихдаг. Суудлын галт тэрэг бол үйлчлэгчийн эхний, сүүлчийн дохиогоор хөдөлдөг. Машинч дохиогоо харж байж хөдөлнө. Үйлчлэгч таваар дээр явчихсан яахаа ч мэдэхгүй. Манай дарга харчихаад чи таваартай уралдаад байгаа юм уу гэхэд уучлаарай даргаа таваар дээр хүн явчихлаа гэхэд дарга итгэдэггүй. Үйлчлэгчээ таваар дээр явуулчихаад манай бригадынхан нойргүй хонож билээ. Тэр үед өртөөний жижүүр, машинч хоорондоо холбоо харилцаа муу. Өртөөний жижүүрүүд хоорондоо холбогдож байж л тэр үйлчлэгчийг буулгаж авч байсан. Дөнгөж үйлчлэгч болчихоод гурван жил болж байсан үе. Таваар дээр хамаагүй гарч болдоггүй гэсэн том сургамж авч билээ.

 

-Тусгай вагоны үйлчлэгчийн ажил үүргийн онцлогийг тайлбарлана уу?

 

-Тусгайд вагоны үйлчлэгчээр зургаан жил орчим ажиллаж байна.  Манайх 70 хүнтэй бригад. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг вагонд ажилладаг. Тэргэнцэртэй хүмүүст үйлчилдэг, өргөгч төхөөрөмжтэй вагон ганцхан байдаг. Захиалга орж ирэхээр явдаг. Бусад тохиолдолд тусгай галт тэрэгний нөөцөнд ороод ажиллаад явчихдаг. 277, 464 дүгээр вагонд ээлжлээд явчихдаг. Тусгай галт тэрэг бол тоног төхөөрөмж ихтэй, гэрэл, цахилгаан хэрэгсэл гэх зэрэг төхөөрөмжийг ажиллуулж мэддэг байх ёстой. Жуулчид энэ вагонд явдаг тул үйлчилгээ, хариуцлага өндөр байдаг.

 

-Ярилсанд баярлалаа.

 

П.Түмэндэмбэрэл