Нүүр УБТЗ ХНН Замын III ангийн 70 жилийн ой өргөн дэлгэр боллоо
УБТЗ ХНН

Замын III ангийн 70 жилийн ой өргөн дэлгэр боллоо

G.Press 2 жилийн өмнө 95 үзэлт 0 сэтгэгдэл

                      

 

Уулгүй нутгийн үүлс нь

Уулс юм билээ

Унтаад сэрэхийн хооронд

Ургадаг юм билээ

Уулс нь тэгээд

Үүл мэт урсдаг юм билээ... хэмээн говь талын тухай нэгэнтээ бичиж байсан санагдана. Ер нь, говь нутагт ажиллан амьдарч буй хүн зон, албан байгууллагын талаар талаар сэтгүүлч, зохиолчид их бичсэн байдаг юм. Миний бие ч энэ удаад мөн говь нутагт ажиллан амьдарч ахуй төмөр замчин хамт олны нэгээхэн хэсэг Замын III ангийн 70 жилийн ойн баярт оролцохоор аяны дөрөө жийсэн билээ. Говьсүмбэрийнхэн арын Цагаан дарь эх, эзэн сүлд Оцол гурван сансар Сүмбэр уул усны эцэн Дагвасүндэл, Цамбагараваараа бахархдаг юм. Биднийг Говьсүмбэр аймгийн төв дэх Замын III ангийн гадна дөрөө мултлахад

Суунал говийн тэнгэртээ

Саран хээрлэх сайхан

Суудлын хурдан тэргээр

Санасан нөхөд ирэх сайхан

Заавал буух буудал тань

Замын гурав аа, Жанжин Чойр оо... хэмээх дуу эгшиглэж байлаа. Бид гэдэг нь ойд уригдсан зочид буюу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Замын даргын зөвлөх Т.Очирхүү, Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош, Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, тус ангийн даргаар ажиллаж байсан Л.Ойдов, С.Ганболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Ариунболд нар, мөн  мэргэжил, зорилго нэгтэй Замын ангиудын удирдлагууд, алба хэлтсийн инженер техникийн ажилтнууд  юм. Ийнхүү ангийн ойн баяр зочид төлөөлөгчдөө дуу хууртай угтан авч хамгийн эхний үйл ажиллагаа нь “Замчны алдар” хөшөөгөөр эхэллээ. Уг хөшөөг ойдоо зориулан бүтээхдээ эгэл жирийн замчнаас ангийн удирдлага болтол ажилласан Ж.Найдансүрэн агсны дүрийг шингээснийг Замын даргын зөвлөх Р.Раш онцлон сайшааж, “УБТЗ-д төмөр замчны болон төмөр замчдад зориулсан уран бүтээл зэрэг янз бүрийн хөшөө цөөнгүй бий. Харин яг ийм алх, лапаа бариад зогсож буй замчин хүний хөшөө анхных боллоо” гэсэн бол Замын  Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош “Би төмөр замд насаараа л ажиллаж байна. Манай ОХУ-д ч эгэл жирийн замчдадаа зориулсан ийм сайхан хөшөө байдгийг мэдэхгүй байна. Бараг байхгүй болов уу” гэсэн юм. Хөшөөний нээлтэд оролцсон Г.Бумцэрэн, Л.Ойдов тэргүүтэй тус ангийн ахмадууд ч сэтгэл өндөр байсан бөгөөд ангийн дарга Ж.Анхбаяр хүндэт зочдын хамт тууз хайчилж, хүндэтгэл илэрхийлсэн юм.

 

 

 

Баярын хурал шагналын “хуртай” байлаа

 

     Ойн баярын хурал Дуу бүжгийн “Боржигон” чуулгад болж, хүндэт зочид, төлөөлөгчид,  төмөр замчдаас гадна Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын орлогч Б.Наранбаатар нар оролцлоо. Баярын хурлыг Замын III ангийн дарга Ж.Анхбаяр нээж замчдадаа баяр хүргэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш “Манай Замын III анги урд чиглэлийн төмөр замыг байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэж, энэ л орчинд үйл ажиллагааны гол төвлөрөл нь байсан гэдэг. Сайхан хүмүүс ажиллаж байсан тухай энд хүрэлцэн ирсэн ахмад төмөр замчид дурсан ярилаа. Ер нь, энэ анги анх үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл Замын хэмжээнд эзлэх байр суурь нь улам өсөн нэмэгдэж байна... 1970, 80, 90-ээд онд хамтран ажиллаж байсан нөхдөө харахад үгээр хэлж, үсгээр дүрслэх аргагүй сайхан байна...” хэмээн дурсав. Мөн Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл мэндчилгээ дэвшүүлээд “Говьсүмбэр аймгийн үүсэл хөгжил төмөр замтай салшгүй холбоотой. Төмөр зам орж ирснээр сумын төв энд шилжиж, хүн ам олноор суурьших нөхцөл бүрдсэн байдаг. Ялангуяа, Замын анги гэдэг бол Монгол Улсын хөгжил, эдийн засагт хувь нэмрээ оруулж буй ачаа тээвэр, ард иргэдийг аюулгүй зорчуулах их үүргийг хүлээн өдөр шөнөгүй, цаг наргүй, халуунд халж, хүйтэнд хөрж ажилладагт нь талархаж явдаг шүү” гэв. Түүнчлэн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Замын даргын зөвлөх Т.Очирхүү, Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг тэргүүтэй зочид төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүллээ.

            Ийнхүү баярын хурлын үеэр шагналын хур бууж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор өндөр настан П.Дархижавыг шагнасан бол ЗТХЯ-ны “Хүндэт төмөр замчин” тэмдгээр IV хэсгийн жолооч С.Нармандах, VI хэсгийн замчин Ө.Энхбаатар, XI хэсгийн замчин Д.Болормаа, сахиул Т.Түмэнбаяр, Засварын газрын манаач Н.Энхбаяр, Г.Баярмагнай нарын 20 хүнийг шагналаа. Мөн Замын даргын тушаалаар “Төмөр замчны алдар” тэмдгээр VI хэсгийн мастер Ж.Гантулга, VIII хэсгийн бригадын дарга О.Түмэндэмбэрэл, хэсэглэл хариуцсан инженер Н.Эрхэмбаяр, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Замын ангийн орлогч дарга О.Бямбасүх, Гүүрийн бригадын замчин Б.Торгууд, I хэсгийн бригадын дарга Б.Батзаяа нарыг шагналаа. Харин “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Технологи сургалт хариуцсан инженер П.Эрхэмсайхан, “Хүндэт үнэмлэх”-ээр замын инженер Т.Ариунбат, V хэсгийн мастер Ч.Түвшинбаяр, Засварын газрын слесарь Ч.Бямбажаргал, Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Ганжаргал нарыг шагнаж урамшуулав. Мөн Замын захиргааны болон албаны мөнгөн шагналаар IX хэсгийн замчин У.Энхболд, IV хэсгийн замчин Т.Ганболд, диспетчер Н.Энхжаргал нарын олон төмөр замчин шагнуулсан юм.

            Түүнчлэн, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар арван хүн шагнуулж, “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар Замын III анги шалгарсныг орон нутгийн удирдлагууд гардуулж өглөө. Үүний дараа Үдшийн цэнгүүнийг жүжигчин Г.Лхагвасүрэн буюу Жижгээ, Э.Цолмонбаяр нар хөтөлж, Big Gee, Gangbay зэрэг олон уран бүтээлч ая дуугаа өргөлөө.

 

                        Бөх барилдаж, даага уралдав

 

 

 

Ойн баярын хоёр дахь өдрийн үйл ажиллагаа Замын III ангийн ахмадууд, захиргаа, аж ахуй, Замын хэсгүүд баярын талбайд жагсан орж ирснээр эхэллээ. Ийнхүү хуран цугласан төмөр замчдын баяр дээр баяр нэмж хүчит 64 бөх зодоглосноос Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн арслан Б.Гончигтавхай түрүүлж, Дорноговь аймгийн арслан М.Бямбадорж үзүүрлэлээ. Харин их шөвөгт Говьсүмбэр аймгийн харьяат арслан Б.Үүрцайх, Увс аймгийн харьяат начин Мөнхжаргал нар үлдсэн юм.

Ойн баярт нийт 70 орчим даага уралдаж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Замын III ангийн IV хэсгийн тор засагч Д.Доржнамнангийн хээр түрүүлж, Завхан аймгийн харьяат уяач Б.Ариунболдын халтар, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Замын III ангийн орлогч дарга О.Бямбасүхийн хүрэн, дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат уяач Б.Баясгалангийн хээр, тавд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Замын III ангийн инженер Т.Ариунбатын хул хурдалсан бол баян ходоодонд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Замын IV хэсгийн бригадын дарга Д.Баярсайханы даага давхиж наадамчин олныг баясгалаа.

 

М.НАРАНБОЛД 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.