Замын II ангийн хамт олон энэ оныг “Технологи, аюулгүй ажиллагааны соёлын түвшинг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, ажлын төлөвлөгөөгөө Замын даргын А-01 тоот тушаалын дагуу, мөн ХАБЭА-г хангах, хүний нөөц, “Тэрбум мод” гэсэн дөрвөн бүлэг, 98 заалттайгаар боловсруулан баталжээ. Тухайлбал, ГТХАБ-ыг хангах чиглэлээр зам эрүүлжүүлэлтийн их засварыг Мааньт-Агуйт хоорондын замд 18, Хонхор-Чулуут хоорондын замд 27, нийт 45 км замд хийхээр төлөвлөсөн байна. Мөн их засварын ажил хийх өртөөний гол замын есөн ширхэг Р-50 суман шилжүүлгийг Р-65-аар солих их засвар төлөвлөжээ. Түүнчлэн, Ногоонтолгой зөрлөгт шинээр барьсан гүүрийг гол замтай холбох 200 метр зам, Р-65 хоёр суман шилжүүлэг шинээр тавих аж. Эдгээрээс гадна бага радиустай тахируудад АРС бэхэлгээтэй 8000 төмөр бетон дэр тууш солих, Туул-Хонхор хоорондын 427-429, Баян-Хайрхан хоорондын 458 дугаар км-т пандрол бэхэлгээтэй 2000 дэр солих, уулзваргүй замын алсын суулттай, чигийн гэмтэлтэй нийт зургаан км-т ВПРС машин ажиллуулах, хоорондын замд 17 дугаар зургийн гэмтэлтэй 300 зам төмөр гагнах гэхчлэн олон ажлыг төлөвлөжээ. Тус ангийн хувьд өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна. Ангийн дарга Д.Алтангэрэл “Бид ГТХАБ-ыг хангах талд илүү их анхаарал хандуулж байгаа. Энэ өвөл Хонхор, Түр хурахын ам руу бугын сүрэг, хариулгагүй адуу олноор орж ирж байна. Буга торон дээгүүр үсэрч ороод галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан тохиолдол ч гарлаа. Тиймээс манай замчид сонор сэрэмжээ улам дээшлүүлж, эргүүл шалгалтыг тогтмол хийж байна” гэсэн юм.