Замын даргын энэ оны нэгдүгээр сарын 02-ны А-03 тоот тушаалын дагуу есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд УБТЗ-ын ерөнхий инженер Сергей Петрович Старцевын удирдлага дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны инженер, мэргэжилтнүүд Дархан зангилаанд төлөвлөгөөт үзлэг хийлээ. Энэ удаад үзлэгээр ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд хийж буй ажлыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн өвлийн улиралд бэлтгэх ажлын чанар, анхны өвөл ажиллаж байгаа ажилчдыг сургах, өвлийн ажлын хувцас, ажлын байрны хангамжид онцгой анхаарал хандуулав. Мөн галлагааны улирал эхэлж буйтай холбоотой зуух, бойлер, халаалтын системүүд өвлийн улиралд бэлэн байгаа эсэхийг шалгалаа. Үзлэгийн үеэр ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, албадаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хамтдаа тодорхойлж, Замын ерөнхий инженер шалгалтын дүнг дүгнэж, бүтцийн шилдэг ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.